Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн үр дүнг хэлэлцлээ

Сурвалжилсан Г.Идэрхангай  
The Mongolian Mining Journal, November 2012, №11(084)
   
Арваннэгдүгээр сарын 10. Чингисийн талбайн чанх өмнөх “Блю Скай”-гийн Даймонд танхим энэ өглөө Хойд, Өмнөд, Баруун бүсийн сэтгүүлчдийн уулзалтаар “амьсгалж, шинэ содон яриа хөөрөөнд умбалаа. Сэтгүүлчдийн бүртгэл...Өглөөний кофе...Богинохон ч энэ зайд тэд өөр хоорондоо танилцан, мэнд усаа солилцож, өнгөрсөн зун, намар амжуулсан их ажлынхаа сонингоос хуваалцаж амжив.

Mongolian Mining Journal-ын дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ таван жилийн турш хэрэгжүүлж байгаа сэтгүүлчдийг чадавхижуулах сургалтынхаа хүрээг тэлж, “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөөр өргөтгөснийхөө Нэгдсэн уулзалтыг зохион байгуулж буй нь энэ. 

2010 онд төслийн баг анхны сургалтаа Өмнөговь аймагт хийж, орон нутгийн сэтгүүлчдэд уул уурхайн салбарын тухай ойлголт өгсөн нь Монголын хэвлэлийн түүхэнд үлдсэн юм. Энэ туршлагадаа тулгуурлан өнгөрсөн дөрөвдүгээр сараас  Германы  Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг эхлүүлэв.

Бүсийн хэмжээний мэдээллийн сүлжээдийг байгуулах төсөл хоёр үе шаттай явагдсан ба Хойд бүсийн таван аймаг, Баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч сургалтад хамрагдсан юм.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж буй аймгийн сэтгүүлчдэд эрдэс баялгийн салбарын тухай танин мэдэхүйн ойлголт өгч, сурвалжлага, нийтлэл бэлтгэх явцад гардаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар харилцан санал солилцох, туршлагаа хуваалцахад сургалтын зорилго  чиглэж байлаа. Мөн сургалтын дараа оролцогч сэтгүүлчдийн дунд сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, мэргэжлийн Комисс шалгаруулалтыг хийсэн.

Уралдааны шалгаруулалтын Комиссын хурлын протоколыг Mongolian Mining Journal сэтгүүлийн аравдугаар сарын дугаарт бүрэн эхээр нь хэвлэж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг www.mongolianminingjournal.com сайтад байршуулсан тул дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн Нэгдсэн уулзалтыг Mongolian Mining Journal  сэтгүүлийн Эрхлэгч Л.Болормаа нээж үг хэллээ. “Сэтгүүлчдийг мэргэшүүлэх, ялангуяа орон нутагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийнхэнд бодит мэдээлэл, танин мэдэхүйн ойлголт өгөх, нийслэл хотод байгаа гол эх сурвалжуудтай тэднийг холбох зорилгоор “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийг эхлүүлсэн”-ийг тэрээр дурдаад, төслийг ач холбогдол, үр дүнг танилцуулав.

Орон нутгийн сэтгүүлчдийн хувьд нийслэл хотод байгаа эх сурвалжуудаас бодит мэдээлэл авах боломж хомс байдаг. Харин Нэгдсэн уулзалтын үеэр тэднийг уул уурхайн салбарын гол төлөөллүүдтэй холбож, ярилцлага, мэдээлэл авах бололцоог MMJ сэтгүүлийн зүгээс олгосон юм.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуваарилалтын талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтой холбоотой асуудлаар Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нар цаг үеийн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон  асуултад хариуллаа.

“Мега төсөл” сэдвээр өмнө нь MMJ сэтгүүлийн зохион байгуулсан “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэгт сонирхолтой илтгэл тавьж байсан  Монгол улсын Сайд М.Энхсайхан энэ удаад “Мэдээлэл бүхий иргэд ба Уул уурхайн засаглал” лекц уншив. 

Манайх шиг гадаад өр ихтэй орнуудад Тасын сан орж ирэх эрсдэл өндөр байдаг ба улс орнуудын өрийг худалдаж авдаг тусгай сангуудыг ингэж нэрлэдэг ажээ. Тэр утгаар нь дэлхийд ийм нэршил гарсан байна. Тасын сангуудыг оруулж ирэхгүйн тулд мөнгө олж өрөө төлөх боломжтой цорын ганц салбарынхаа засаглалыг сайжруулах хэрэгтэй гэсэн санааг М.Энхсайхан сайд хэлсэн юм. Засаглал сайжруулах олон аргын нэг нь иргэд, шийдвэр гаргагчдыг зөв мэдээллээр хангах бөгөөд энэ утгаараа сэтгүүлчид уул уурхайн засаглалд гол үүрэгтэй аж.

Тэрээр өмнө нь хэд хэдэн удаа ярьж байсан супер циклиэ бас онцлов. Сүүлийн 200 жилийн циклийг харахад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үе дунджаар арваад жил үргэлжилсэн ба  Монгол улсын хувьд супер цикл 2000-2012 онд дуусчээ. 2012 он хүртэлх арав гаруй жилд нефть, хий худалдсан улс л хамгийн их орлого олсон байна. Орлогоороо тэргүүлсэн нь Ботсван. Харин Ботсвантай адил алмазтай Угандад сүйрэл болжээ. Уул уурхайн менежмент буруу учраас иргэний дайн  дэгдсэн байна.

“Хөрөнгө оруулагчдын Монголыг орхисон том шалтгаан нь Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль баталсан явдал. “Манай стратеги гадаадын хөрөнгө оруулагчдын стратегитай эвцэлдэхгүй байгаа учраас хөрөнгө оруулалт тасарсан, тиймээс стратегиа эвцэлдүүлж байж гадаадаас мөнгө татна” гээд баялгаасаа хурааж хуримтлуулах санг “Зовох цагийн сан” гэж нэрлэе гэсэн санааг дэвшүүллээ.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр үнэ нь хэзээ яаж өөрчлөгдөх нь мэдэгдэхгүй савлагаатай уул уурхайн зах зээл дээр тогтож үлдэх аргачлалыг нэгбүрчлэн зааж өгсөн “Байгалийн нөөцийн тунхаг бичиг” (харти)-ийг орчуулсан гэсэн мэдээг дуулгалаа.  
Нэгдсэн уулзалтын үдээс өмнөх хэлэлцүүлэг “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төсөл хэрэгжсэн байдлын талаар өрнөв. МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн дэд профессор, доктор Л.Наранбаатар нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд ирүүлсэн орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлийг сэтгүүл зүйн онол, арга зүй талаас нь дүгнэж үзээд дараах нийтлэг шинж ажиглагдсаныг танилцуулав. 

Уул уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай шууд харилцах, сурвалжлах, ажиглах замаар шинэлэг, ач холбогдол бүхий сэдвүүдийг сэтгүүлчид хөнджээ. Туршлагатай, орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлчид бүтээлээ ирүүлсэн тул мэдээллийн бодит байдал, хөндөж буй сэдвийн хүрээний мэдлэгт эргэлзэх шаардлага гарсангүй хэмээн доктор Л.Наранбаатар тодотгов. 

Тэрээр мөн өнөөгийн орон нутгийн сэтгүүлчдэд тулгарч байгаа цаг зав, санхүүжилт, Орон нутгийн засаг захиргааны шахалт, хамаарал, редакцийн дэмжлэг дутмаг гэх мэт бэрхшээлүүдийг ойлгож байна. Гэхдээ зөвхөн сэтгүүлчийн жаахан санаачилга, хичээл зүтгэлээр шийдвэрлэж болох, сайжруулж, чанаржуулж болох олон дутагдал байгааг дурдах ёстой гэлээ.

Л.Наранбаатар докторын дүгнэлтийн дараа  Моngolian Mining Journal-ийн Орлогч эрхлэгч Н.Ариунтуяа  уралдаанд ирсэн орон нутгийн сэтгүүлчдийн  нийтлэлүүдэд, “Хөгжил” ТВ студийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ  телевизийн нэвтрүүлгүүдийн ололт, дутагдал, анхаарах зүйлсийн талаар сэтгүүл зүйн арга зүй, ур чадварын зөвлөгөө өгсөн юм.

Нэгдсэн уулзалтын үдээс хойшхи арга хэмжээ “Блю Скай”-гийн Даймонд танхимд  Шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн шагнал гардуулах Ёслолоор үргэлжиллээ. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд Тэргүүн байрын шагналын эзнийг тодруулах хүндтэй үүргийг хүлээж, дугтуйг задлав.

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдийн дунд зарласан Шилдэг, нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шалгаруулалтын дүнгээр “Ховдын толь” сонин, “Олон ястны телевиз”-ийн сэтгүүлч Ж.Саруулын “Хөшөөтийн асуудлыг хөдөө тийш залсан хөшүүн гэрээний хэрэгжилт” асуудал дэвшүүлсэн нийтлэл, “Нөхөн сэргээлтийг олборлолт хийх замаар зардлыг нь гаргуулж хийлгэх нь хэр үр дүнтэй вэ” нэвтрүүлгүүд шалгарч, Тэргүүн байр хүртлээ.

Мөн шалгаруулалтад идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлсэн “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.Санаадагва, “Сэлэнгийн мэдээ” сонины эрхлэгч Н.Оюунмаа, Мандал сумын “Мандал ТВ”-ийн сэтгүүлч Ц.Ундармаа, Орхон аймгийн Эрдэнэт хотын www.erdenettimes.mn сайтын сэтгүүлч Л.Ганцолмон, Орхон аймгийн УЭС телевизийн сэтгүүлч Б.Гантуяа, Төв аймгийн TBS телевизийн сэтгүүлч Ж.Хонгорбаатар, Ц.Ууганбаатар нарт “Mоngolian Mining Journal”-ийн Ерөнхий эрхлэгч Л.Болормаа  сэтгүүлийн багийн зүгээс талархаж буйгаа илэрхийлэн бүтээл бүрийг урамшуулсан урамшууллыг хүртээсэн юм.

“Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн Хойд, Баруун бүсийн сургалтыг идэвхтэй дэмжиж ажилласан Редакци болон сэтгүүлчээр “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.Санаадагва, Сэлэнгэ аймгийн “Миний Монгол” телевиз, радиогийн  сэтгүүлч Д.Туул нарыг тодруулж шагнасан юм.

Нэгдсэн уулзалтын үдээс хойшхи хэлэлцүүлэг  МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн дэд профессор, доктор Л.Наранбаатарын “Орчин үеийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага:Шинэ сорилт ба шийдэл”  илтгэлээр үргэлжилсэн юм.
“Сэтгүүл зүй мэдээллийн орон зай дахь бие даасан шинж чанараа алдаж, олон нийтийн мэдээллийн харилцааны хэлбэр, салбар болон хувьсаж байна. Медиа зах зээл эрс өөрчлөгдөж бизнес, хөрөнгө оруулалтын салбар, медиа эдийн засаг, медиа улс төр, медиа маркетинг зэрэг ойлголтууд хүч түрэх болов” гэж тэрээр  орчин үеийн сэтгүүл зүйн мөн чанарыг тодотгон ярилаа.

Монголын сэтгүүл зүйн салбарт эдгээр мөн чанарууд илэрч байгаа аж. Зөвхөн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зах зээлд хамааралтай зарим хандлага, асуудал, тухайлбал 550 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүхий жижиг зах зээл, олон өрсөлдөгч болон хувирсан, эдийн засгийн хараат байдал бий болж, захиалгат сэтгүүл зүй, редакцийн цензур тогтсон, төв, орон нутгийн ХМХ-үүдийн хэт ялгарал үүсч, хууль эрх зүйн орчны чадамж тааруу, сэтгүүлчийн хараат бус, аюулгүй, чөлөөт үйл ажиллагаа хязгаарлагдмал гэх зэрэг олон жишээ баримтыг Л.Наранбаатар доктор дурдлаа.  

Медиа зах зээлд цэвэр сэтгүүл зүйн бүтээл шахагджээ. Ялангуяа зорилтот инфотайнмент давамгайлах болж, глобаль мэдээллийн эх сурвалжуудын давамгайллын үр дүнд мэдээлэл, шуурхай, нөлөөлөл нь хурдан, ач холбогдлын дэс дараалал нь даяаршсан шинжтэй болж байгаа аж. Энэ бүхнээс гарах шийдэл нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд дээрх зүйлсийг тооцон мэргэжлийн сэтгүүл зүйн орон зайг сэргээх, баталгаажуулах шаардлагатай болжээ.  Тэр тусмаа менежментэд шинэчлэл хийх замаар технологийн шинэ боломжуудыг зөв ашиглах, Монголын сэтгүүлчид өөрсдийн хөдөлмөрийн эрх ашгийг хамгаалах, эвлэлдэн нэгдэх, Олон улсын түвшний мэдээллийн орон зайд байр сууриа олох, илэрхийлэх, эрэлхийлэх шаардлагатай болж байгааг ч тэрээр илтгэлдээ онцолсон юм. 

Түүний илтгэлийн “Боломжит гарц” гэсэн хэсэгт “Хөгжлийн сэтгүүл зүй” гэсэн ойлголт онцгойлон дурдагдсан нь сонирхол татсан юм. 1960-аад оны дунд үеэс Филиппин улсад үндэс сууриа тавьсан хөгжлийн сэтгүүл зүй гэх ойлголт Зүүн Өмнөд Ази, Төв Африк, Латин Америкийн орнуудад дэлгэрсэн сэтгүүл зүйн чиг баримжаа аж. Хэдийгээр аливаа улс орны болон салбарын хөгжлийн асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслийн байнгын сэдэв, нийтлэлийн бодлого байдаг боловч Development journalism хэмээн томьёолсон энэхүү ойлголтын хүрээнд өөрийн гэсэн өвөрмөц зарчим, чиг шугам бий болжээ.

Нэгдсэн уулзалтад “Бороо гоулд” ХХК-ийн Байгаль орчны инженер Г.Мөнхжин “Бороогийн уурхайн нөхөн сэргээлт” сэдвээр, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Ажлын албаны менежер Б.Дэлгэрмаа “Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын явц, хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн юм.

Мөн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн үйл ажиллагааг эхнээс нь дэмжин хамтарч оролцсон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд  “Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл” сэдвээр сэтгүүлчдэд тодорхой ойлголт өглөө. 

Тэрээр “Орон нутгийн цогц хөгжилд талуудын хамтын ажиллагаа чухал. Талууд нээлттэй, ил тод, хариуцлагатай хамтарч ажиллаж байж хөгжил ирдэг. Манай төсөл  Түншлэлийг макро, микро, месо түвшинд хэрэгжүүлж байгаа” гээд  “Түншлэл-Хэлцэл гэж юу вэ?” гэсэн  үндсэн ойлголтын хүрээнд тодорхой тайлбарласан юм.

“Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутагт зөрчил зайлшгүй гардаг. Энэ бүхнийг Түншлэл, талуудын оролцоог хангаснаар бууруулах, арилгах боломжтой. Манай төсөл, хөтөлбөр Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс гэсэн дөрвөн аймагт хэрэгжиж байна. 2017 оны зургаадугаар сарын 31-нд төслийн хугацаа дуусна” хэмээн О.Батболд захирал онцоллоо.

Тэрээр цаашид Mongolian Mining Journal, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-тай хамтран  орон нутгийн сэтгүүлчдийг чадавхижуулах сургалтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа ч энэ үеэр илэрхийлсэн юм.

Mongolian Mining Journal нь “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөө ирэх жилээс мөн Канадын Бритиш Колумбын их сургуулийн (UВC) Норман Кийвлийн нэрэмжит Уул уурхайн сургуультай хамтран Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтуудаа үргэлжлүүлэх юм.