Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Ханбогд суманд мэргэжил олгох хөтөлбөр эхэллээ

“Оюутолгой” ХХК-иас санхүүжүүлж, хэрэгжүүлэх “Мэргэжил олгох хөтөлбөр” өчигдөр Ханбогд суманд нээлтээ хийлээ. Хөтөлбөрт хамрагдагсад 6 сарын хугацаанд цахилгаанчин, гагнуурчин, механикч зэрэг уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт эрэлт ихтэй мэргэжлээр суралцах бөгөөд амжилттай төгсөгчид Австралийн мэргэжил, ур чадварын стандартын гэрчилгээ авах юм. Сургалтыг “Оюутолгой” ХХК-ийн Мэргэжлийн сургалтын төв, Дорнодын Политехникийн коллеж, Австралийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагатай хамтран онол, дадлага хосолсон хэлбэрээр явуулах ажээ.

Ханбогд сум дахь Техникийн сургалтын төв дээр болсон нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Оюутолгой” ХХК-ийн Дэд бүтэц, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежер Эндрью Миллэр болон Ханбогд сумын албаны хүмүүс оролцжээ. Энэ үеэр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Хөдөлмөрийн яамны зүгээс чадамжид суурилсан сургалтад ач холбогдол өгч байгаа.

Энэ ажил орон нутагт бодитойгоор хэрэгжиж байгааг талархан, хүлээн авч байна. Сургалтын салбарт энэ хөтөлбөр томоохон жишиг болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Харин “Оюутолгой” ХХК-ийн Дэд бүтэц, үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежер Эндрью Миллэр “Өмнөговь аймагт чадавхийг бэхжүүлэх бидний ажил нэг алхам урагшиллаа. Монгол залуус авьяас, чадвартай. Бид хамтран ажилладаг орон нутгийн иргэдийн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжиж, мэдлэг, ур чадварыг нь дэлхийн стандартад хүргэхэд анхаарлаа хандуулж байна” гэсэн юм.