Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхайн боловсон хүчин бэлтгэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай

Олон улсын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа 2015” чуулга уулзалт 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Монголын эрдэс баялгийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой билээ. Уул уурхайн томоохон төслүүдээс гадна тус салбарыг хөдөлгөх, хөгжүүлэх үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд ч хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэр дундаа боловсруулах үйлдвэрийн нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төрөөс анхаарч, дэмжих шаардлагатай байгаа. Энэ асуудлыг хөндсөн “Эрдэс боловсруулалт ба мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хөрөнгө оруулалт” сэдэв бүхий салбар хуралдаан болсон нь энэ удаагийн чуулганы нэг онцлог байлаа.

Хуралдааныг Монголын Ашигт малтмал баяжуулагчдын  холбооны Ерөнхийлөгч С.Давааням удирдан явуулсан юм. Тэрбээр хуралдааныг нээн үг хэлэхдээ, “Эрдэс боловсруулалт нь уул уурхайн салбарын машинаар бол мотор, хүнээр бол зүрх нь юм. Боловсруулах, баяжуулах үйлдвэрээс нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн гаргаж жинхэнэ баялаг бүтээдэг. Энэ чиглэлийн судалгаа хийгээд үзэхээр манай улсад мэргэжлийн хүний нөөц бэлтгэх тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох, үүнийг төрөөс дэмжих, хөрөнгө оруулалт шаардагдаж байна” гэсэн юм. Тус хуралдаанд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор Н.Дорждэрэм, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг,  Германы профессор Гюнтер Ц.Штер, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батбаатар нар Монгол дахь эрдэс боловсруулалтын мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиудыг танилцуулан, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийн талаар илтгэл тавилаа.

Мөн хуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” компани нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль болон Монгол дахь Америкийн их сургуультай хамтын ажиллагааны Санамж бичгийг тус тус үзэглэв .

Э.Од