Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Цахим системийн Login серверт алдаа гарчээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу  Ашигт малтмалын газар уртрагийн 104 градусаас баруун талд нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн хүлээн авч  шийдвэрлэж эхэлсэн.  Үндсэндээ долоон сарын хугацаанд баруун аймгуудад тусгай зөвшөөрөл олгосон юм.

Энэ  хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2,235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1,094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар 452 тусгай зөвшөөрлийг 2.55 сая гектар буюу нутаг дэвсгэрийн 28.33%-д тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Монгол улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11,94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл хангагдаад байгаа Ашигт малтмалын газар мэдэгдлээ.  Үүнтэй зэрэгцэн баруун хагаст үлдсэн 1,95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ч мөн адил хүлээн авах ажээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1.138 аж ахуйн нэгж байгаагаас 873 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байгаа юм байна.

Гэвч наймдугаар сарын 24-нөөс зүүн аймгуудад олгож эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох ёстой байсан ч цахим системийн Login серверт алдаа гарч, техникийн саатал үүсч, дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар  зогсоожээ. Энэ нь өргөдөл хүссэн аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл үүсгээд байна. Ердөө хэдхэн сарын өмнө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар “Лицензийн олголтын цахим бүртгэлд но байхгүй” хэмээн мэдэгдэж байсан ч яг дугаар олгох өдөр ийнхүү алдаа гарсанд аж ахуйн нэгжүүд бухимдалтай байгаа юм.

Өргөдлийн дугаар олгох цахим системд аж ахуйн нэгжүүд нэвтрэхийн тулд тусгай төхөөрөмж ашиглаж байгаа бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн  аж ахуйн нэгж нь Кадастрын хэлтэст бүртгүүлж VРN төхөөрөмжийг авч, системд нэвтрэх эрхийн төлбөрийг төлсний үндсэн дээр цахим системд долоо хоног бүрийн даваа гаригт системд нэвтэрч өргөдлийн маягтыг бөглөн илгээж өргөдөл гаргах дугаар авч байгаа.

Гэтэл наймдугаар сарын 24-ны даваа гаригт өргөдлийн дугаар авах ёстой аж ахуйн нэгжүүд ийнхүү Login сервер засагдтал тодорхойгүй хугацаагаар хүлээх хэрэгтэй болоод байгаа юм.

Г.Идэр