Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нийт экспортын 48%-ийг зэс бүрдүүлжээ

ҮСХ-ноос гаргасан эхний 7 сарын статистикийн мэдээгээр гадаад худалдааны эргэлт 5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс тэрбум доллараар буурчээ. Экспорт 127 сая доллараар буурсан бол импорт 916 сая доллараар буурсан байна.

Экспортын гол түүхий эдүүдийг харвал зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 11%-иар өсч, 783.7 мянган тонн, орлого 167.4 сая доллараар өсч, 1 их наяд 353 сая доллар болжээ. Нийт экспортод эзлэх зэсийн экспортын хэмжээ тогтмол өсч байгаа бөгөөд эхний 7 сарын байдлаар нийт экспортын 48%-ийг зэсийн экспорт бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 40%-тай байсан юм.

Нүүрсний экспортын биет хэмжээ 8 сая 160 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.2 сая тонноор буурав. Экспортын орлого 354 сая доллар болж, мөн л 146 орчим сая доллараар буурсан байна. Нүүрсний экспортын орлого нийт экспортын 13%-ийг бүрдүүлжээ.
Газрын тосны экспорт 3.5 сая баррельд хүрч, өмнөх оны мөн үеэс 0.7 сая баррелиар нэмэгдэв. Экспортын орлого 234 сая доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 146 орчим сая доллар буюу 40 орчим хувиар буурсан дүн аж.
Төмрийн хүдрийн экспорт 105 сая доллараар буурч 134.5 сая доллар болжээ. Эхний 7 сард 2 сая 675 мянган тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 400 мянган тонноор бага хэмжээ юм.

Алтны экспортын хэмжээ 1.4 тонноор нэмэгдэж, 4.6 тонн болжээ. Экспортын орлого мөн 47 сая доллар буюу 44%-иар өссөн байна.

Эхний 7 сарын байдлаар нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, алтны экспорт 902 сая доллар болж, нийт экспортын 32%-ийг бүрдүүлэв. Жилийн өмнө дээрх 4 түүхий эдийн экспорт 1 тэрбум 251 сая доллар буюу зэсийн экспортоос давж, нийт экспортын 43%-ийг бүрдүүлж байжээ.

С.Болд-Эрдэнэ