Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Women Corporate Directors-ийн Монголын салбар байгуулагдав

Америкийн Ерөнхийлөгч нарт зөвлөгөө өгч байсан, дэлхийн нэр хүндтэй компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд ажилласан, Японы тэргүүлэх улстөрчдөд зөвлөгөө өгдөг хатагтай нарын төлөөлөл Монгол оронд наадмын өмнөхөн морилон саатав. Bank of America, Merrill Lynch, PARCO, JC Comsa Corp., BNP Capital Markets зэрэг дэлхийн томоохон компаниудад ажиллаж байсан төдийгүй өөрсдийн компанийг амжилттай тэргүүлдэг хатагтай нар WCD-ийн Монголын салбарыг нээх ёслолд оролцов.

Эдгээр нь Women Corporate Directors олон улсын байгууллагын гишүүд юм. Тус байгууллага дэлхийд 70 салбартай. Олон нийтийн болон хувийн компаниудын ТУЗ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсээр байгааг WCD-ийн гишүүд дурдаад, нийтэд нь тооцвол 8 их наяд ам. долларын үнэлгээтэй олон нийтийн компаниудын ТУЗ-д WCD гишүүд ажиллаж байна гэсэн юм.

Монголын WCD салбарын үүсгэн байгуулагч ба Тэргүүнээр УИХ-ын гишүүн С. Оюун, Стратегийн академийн Гүйцэтгэх захирал А. Ундраа нар ажиллаж байна. Үүсгэн байгуулагч 13 гишүүнтэй ба эдгээрт Preziosa ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т. Баасанжаргал, Гоёо кашмир ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Бадамцэцэг, М Си Эс группийн Дэд ерөнхийлөгч Д. Энхцэцэг, Петровис группийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Д. Энхчимэг, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал П. Эрдэнэжаргал, Carpe Diem ХХК-ийн Ерөнхий захирал Д. Сарангуа, Голомт банкны Хөрөнгө оруулалтын газрын Захирал Л. Болормаа, Mongolian Mining Journal-ийн Эрхлэгч Л. Болормаа, Бишрэлт группийн Захирлуудын зөвлөлийн дарга Б. Болормаа, MGLB-ийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Ц. Байгалмаа, Нью Прогресс группийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Ц. Ганцэцэг нар үүсгэн байгуулжээ.


Олон улсын WCD байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг, PartnerCom-ийн Захирал, “Women on Board” номын зохиогчдын нэг хатагтай Сюзан Стоберг Монголын салбарын нээлтийн үгийг хэлэв. Эмэгтэй захирлуудын хүч бололцоо алив компанийн амжилтад чухал нөлөөтэй хэмээн тэрбээр дурдаад, бид өөрсдийн туршлага мэдлэгээ бусадтайгаа хуваалцах тусам өөрсдөө илүү хүчтэй болно гэв. Сюзан Стоберг нь Цагаан ордонд телевизийн сэтгүүлчээр ажиллаж байсан ба АНУ-ын Ерөнхийлөгч нарт зөвлөгөө өгөх хүртэл түүний амжилтын зам өссөөр, эдүгээ WCD байгууллагыг тэргүүлдэг.


УИХ-ын гишүүн С. Оюун “Монголын эмэгтэйчүүд шинжлэх ухаан, нийгэм,  улс төр, бизнесийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэж байна. Нүүдэлчний хүнд бэрх амьдрал дунд монгол бүсгүй ачааны хүндийг үүрэх их тэнхээтэй болон хатуужсан уламжлалтай” гэв. WCD-ийн Монголын салбар нь үүсгэн байгуулагчдаас гадна дэмжигч 20 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа ийнхүү эхэлсэн ба компанийн удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч бүсгүйчүүддээ зөвлөгөө өгөх, танилцах аяллууд зохион байгуулах, олон улсын компаниудын ТУЗ-д орж ажиллах чадвартай эмэгтэйчүүдээ дэмжих зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байна.