Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд юу болов?

“Эм Ай Би Жи” үнэт цаасны компанийн Гүйцэтгэх захирал, санхүүч А.Билгүүн

Барууны хэмээн нэрлэгддэг хөгжингүй улс орнуудын эдийн засагт хөрөнгийн зах зээлийн ач холбогдол их болохыг бид мэднэ. Гэтэл хүйтэн дайны үед “Зүүний блок” хэмээн нэрлэгддэг байсан, ихэнхдээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлоготой байсан улсуудын хувьд хөрөнгийн зах зээл төдийлөн хөгжилгүй өнөөг хүрлээ. Нэг үгээр хэлбэл ОХУ, БНХАУ зэрэг улсуудад хөрөнгийн зах эдийн засагт төдийлөн томоохон тоглогч болж чадахгүй байсан юм. Мэдээж хөрөнгийн зах зээлийн нийт эдийн засагт эзлэх жин нэмэгдэхийн хэрээр тухайн улс орны эдийн засгийн хөгжил хурдасч, шинжлэх ухаан, техникийн томоохон үсрэлтүүд хийх боломж бүрддэг. Манай урд хөрш хөрөнгийн захаа хүчирхэгжүүлэх дорвитой ажил хийж, энэ нь тус орны болон бүс нутаг, олон улсын эдийн засгийн төвшинд нөлөөгөө тэлсээр байна.
 
Эдийн засагт тэлэлт, агшилт явагдахтай зэрэгцэн аливаа улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ өсч, багасах асуудал хэвийн үзэгдэл. Гэхдээ БНХАУ-д 2014 оны дунд үеэс эхлэн хөрөнгийн захын үнэлгээ огцом өсч эхэлсэн нь гайхалтай санагдаж байв. Учир нь тус улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарч байсан юм. Доорх зурагт Хятадын Шанхайн биржийн индексийг Монгол улсын ТОП-20 индекстэй харьцуулан харуулав.


Үзүүлэн 1: Шанхайн индекс (Улбар шар) Монголын ТОП-20 Индекс (Цэнхэр), Эх сурвалж: Блүүмберг


Дээрх үзүүлэлтээс харахад Монгол улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь эдийн засгийн хүндрэлтэй цаг үеүдэд уналттай байж, жилийн хугаанд -15% уналттай байхад БНХАУ-ын хөрөнгийн зах 6 дугаар сард хамгийн өндөр үнэлгээтэй болж, жилийн дотор 234% өссөн байна. Үүнийг зах зээлийн шинжээчид хөөс гэж дүгнэж байгаа.

Яагаад хөөс үүсэв?

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт төдийлөн өндөр биш байхад хөрөнгийн захад хөөсрөлт үүссэн нь Хятадын иргэд хөрөнгийн захын арилжаанд ихээр оролцох болсонтой холбоотой. Хэдийгээр БНХАУ хөрөнгийн зах зээлд оролцогчдод хатуу хяналт тавьдаг байсан ч хэдэн жилийн өмнөөс хөрөнгийн зах зээлийг хѳгжүүлэх ажлын хүрээнд зээлийн буюу маржин арилжааг зөвшөөрсөн нь иргэдийг зээлсэн мөнгөөр арилжаа хийх нөхцөл байдлыг бүрдүүлжээ. 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд 40 сая арилжааны данс шинээр нээгджээ. Гэвч эдгээр иргэдийн ихэнх нь нийгмийн ядуу давхаргын иргэд бөгөөд дунд сургуулийн ч боловсролгүй иргэд хувьцааны арилжаанаас “баяжих” болов. 2015 он гарсаар БНХАУ-ын Засгийн газар зах зээлд үүссэн хөөсрөлттэй тэмцэх үүднээс маржин арилжааг хязгаарласан хэдий ч удалгүй хөөс хагарч эхлэв. Ѳнгѳрсѳн сараас эхлэн Хятадын хувьцааны ханш огцом унаж эхэлсэн нь тус улсын эрх баригчдыг сандралд оруулж байна.

Хятадууд яагаад сандрав?

Хятадын иргэд сандралд автах болов. Үнэ унахаас ѳмнѳ амжиж зарах уралдаан ѳрнѳж хѳѳс хагарснаар сүүлийн 1 сарын турш Шанхайн индекс -32%-иар унасан тул БНХАУ-ын Засгийн газар зах зээлийг тэтгэх бодлого хэрэгжүүлж, Тѳв банкны бодлогын хүүгээ доод цэгт хүргэхийн зэрэгцээ тус улсын төрийн зохицуулах байгууллагуудаас хөрөнгийн захад 82 тэрбум ам.долларын худалдан авалт хийх шийдвэр гаргаж, шинэ IPO-г түр хязгаарлаад байна. Дээрх зохицуулалтуудаас гадна Хятадын компаниудын томоохон хувьцаа эзэмшигчид болон компаниудын ТУЗ-ийн гишүүдийн хувьцаагаа зарах эрхийг мѳн хязгаарлажээ. Гэсэн хэдий ч БНХАУ-ын хѳрѳнгийн захаас ѳнгѳрсѳн 1 сарын хугацаанд 3.25 их наяд ам.долларын үнэлгээ “арчигдсан” явдал тус улсад эдийн засгийн болоод улс тѳрийн хүрээнд хүндхэн нөхцөлийг бий болгохоор байна. Хувьцааны арилжаанаас хохирогчид ихэнхдээ дунд давхаргын ба ядуу иргэд байгаа нь Хятадад нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрдүүллээ хэмээн олон улсын сэтгүүлчид бичиж байгаа нь ч ортой юм.

Цаашид ямар үр дагавартай вэ? Монголд нөлөөлөх үү?

БНХАУ бол манай хамгийн том худалдааны бөгөөд хөрөнгө оруулалтын түнш. Тиймээс Хятад найтаахад Монголд ханиад хүрэх нь гарцаагүй. Хятадад богино хугацаанд улс төрийн хямрал үүсэх эрсдэл бий ч урт хугацаанд эдийн засгийн сулрал үүсгэх нь дамжиггүй. Тус улс экспортод тулгуурласан эдийн засгийн бодлогоос дотоодын хэрэглээ болон нийгмийн дунд давхаргын сэргэн мандалд тулгуурласан эдийн засгийн бодлого руу шилжиж буйгаа зарлаад удаагүй. Энэ үед хөрөнгийн захын хөөс хагарсан нь ойрын нэг жилийн турш БНХАУ-ын дотоод хэрэглээ болон хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх магадлалтай. Ингэснээр Монгол улсын голлох экспортын бүтээгдэхүүнүүд болох нүүрс, зэсийн баяжмал болон тѳмрийн хүдрийн үнэд сөргөөр нөлөөлж болох юм. Сүүлийн өдрүүдэд төмрийн хүдэр, зэсийн үнэ буураад эхэлснийг хэлэх хэрэгтэй. Харин хятадууд хөрөнгийн зах зээлдээ итгэл алдрахын хэрээр алт болон үнэт металуудад хөрөнгө оруулах үндэслэл мөн нэмэгдэж байна. Мөн түүнчлэн Хятадын эдийн засагт дунд хугацаанд буюу 1 жилийн дотор инфляци сулрах хандлагатай байгаа бөгөөд Хятадын юанийн ханш мѳн сулрах хандлага байна.