Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай Монгол улс хэрхэн хамтран ажиллах вэ

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай Монгол улс хэрхэн хамтран ажиллах талаар дараах  тодруулгыг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газраас авав.

БНХАУ-ын Дарга Си Шинпин 2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэвшүүлсэн санал бөгөөд Хятадын тал уг банкийг байгуулснаар Азийн бүсийн улс орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч буй хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах нөхцөл бүрдэж, бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн юм. Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ төв байрыг Бээжин хотноо байгуулахаар тохиролцсон бөгөөд 2015 оны эцсээр банк үйл ажиллагаагаа бүрэн явуулж эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Монгол улс албан ёсоор АДБХОБ-ны гишүүн орон болсон уу?
Хятадын тал эхний ээлжинд энэхүү банкийг үүсгэн байгуулахад АСЕАН-ны гишүүн орнууд болон Азийн бүсийн орнуудыг үүсгэн байгуулагчаар орохыг БНХАУ-ын зүгээс санал тавьсан юм.

Шинээр байгуулахаар төлөвлөж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт уг банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын төлөөлөгчид 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан. Гарын үсэг зурах ажиллагаанд тус банкийг үүсгэн байгуулагч гишүүн орон болох Бангладеш, Бруней, Камбож, Энэтхэг, Индонез, Казахстан, Кувейт, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Непал, Оман, Пакистан, Филиппин, Катар, Хятад, Сингапур, Шри Ланк, Тайланд, Узбекистан, Вьетнамын төлөөлөгчид оролцсон Уг санамж бичигт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар гарын үсэг зурсан. Одоогийн байдлаар Азийн болон бусад бүс нутгийн 43 орон гишүүн болох хүсэлтээ ирүүлээд байна.

Гишүүн орон ямар нөхцөлийг бүрдүүлэх болзолтой вэ?
Азийн хөгжлийн банкны шинжээчдийн дүнгээр Ази-Номхон далайн орнууд дэд бүтцийн хөгжилд жилд ойролцоогоор 800 тэрбум ам.доллар зарцуулдаг гэж үзсэн. АДБХОБ-ны баталгаажсан хувьцаа 100 тэрбум ам.доллар бөгөөд анхны захиалсан хувьцаа 50 тэрбум ам.доллар байхаар тооцоолж байгаа юм. Гишүүн орнуудын ДНБ-ийн хэмжээнээс хамаарч хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээг тогтооно гэж үзэж байгаа. Монгол улс тус банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ ДНБ-ний хэмжээнээс шалтгаалан бусад оронтой харьцуулахад хамаагүй бага байгаа юм.

Монгол улс тус банкны гишүүн орон болсноор эдийн засгийн хувьд ямар давуу талууд бий болж, боломж нээгдэх вэ?
Монгол улсын дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, төслүүдийг санхүүжүүлэх хэрэгцээ асар их бөгөөд эдгээрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх юм. Одоогоор дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх төрөлжсөн санхүүгийн эх үүсвэртэй байгууллага байдаггүй тул томоохон хэмжээний төслийг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдаж байдаг. Дэд бүтцийн Хөгжлийг сайжруулах асуудлаар дагнасан Олон улсын банк тул дэд бүтцийн талаар бүс нутгийн интеграцид ороход гишүүн орнуудтай хамтарч ажиллах, санхүүжилтийг хамтарч шийдвэрлэх боломж манай улсад нээгдэж байна.

Азийн дэд бүтцийн хөгжлийн банкны талаарх   мэдээллийг The Mongolian Mining Journal сэтгүүлийн  2015.4 №004 дугаараас сонирхоно уу.