Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

ХАБ-ыг сахих хандлага, соёлыг бий болгож, хэвшүүлэх нь чухал байна



Уул уурхайн Дэд сайд Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

Ярилцсан  С.Болд-Эрдэнэ /2014.4 №077/


Уул уурхайн салбарт хамгийн их орхигдоод байгаа зүйл бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. ХАБЭА-г орхигдуулснаас амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гардаг ч энэ талаар төдийлөн ярьдаггүй нь юутай холбоотой вэ?
Бид уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг ярихгүйгээр, энэ салбарт ажиллаж байгаа хүний асуудлыг гаргаж ирж тавихгүйгээр уул уурхайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөжийг ярих нь утгагүй. Уул уурхайн салбарт ашиг биш хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болоод хүнтэй холбоотой асуудал нэн түрүүнд тавигдах ёстой.

Манай салбарт гарч байгаа аваар осол буурахгүй, бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Хотод гарч байгаа, эсвэл хотод хамгийн ойр Налайхын уурхайн ослын мэдээлэл л нийгэмд цацагдаж, холбогдох хүмүүст ирдэг. Гэтэл хаа байгаа Өмнөговь аймгийн нэг нүүрсний уурхай, эсхүл Заамар суман  дахь алтны бичил уурхай дээр гарч байгаа осол аваар, зөрчил, эндэгдлийг бид төдийлэн мэддэггүй. Мэдээллийн нэгдсэн сан бий болгох, мэдээллийг бүрдүүлэх, бүртгэх, нэгтгэх тогтолцоо байдаггүй гээд учир дутагдалтай зүйлс олон бий. Уул уурхайн салбарт гарч байгаа ослыг үйлдвэрлэлийн, химийн хорт бодистой холбоотой, тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой, бичил уурхайн нуралттай холбоотой гэж ангилдаг. Гэтэл улсын хэмжээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар нийт 333 үйлдвэрлэлийн осол аваар бүртгэгдсэнээс манай салбартай холбоотой нь 60 байна. Мөн үйлдвэрлэлийн ослоор нийт 56 хүн нас барснаас уул уурхайд 10 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт гарч байна.

Нөгөөтэйгүүр, осол аваараас гадна мэргэжлээс шалтгаалах өвчлөл уул уурхайн салбарт өндөр байна. Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Эрүүл мэндийн судалгаа шинжилгээний төвийн хийсэн судалгаанаас үзэхэд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 66%-ийг уул уурхайн салбарын өвчлөл эзэлж байна. Нарийвчлаад үзвэл бөөр, шээсний замын өвчлөл гэхэд уул уурхайн салбарынх бусад салбарын дунджаас 7.5 дахин их, үе мөчний өвчин 6.5 дахин, зүрх судас, нүд чихний өвчин 1.5 дахин их байна. Энэ бол гамшгийн хэмжээнд байна гэхэд болохоор үзүүлэлт. 

Эрүүл ахуйн талаасаа хамгийн   аюултай, хүнд нөхцөлд уул уурхайн салбарынхан, тэр дундаа химийн бодистой ажиллагсад ордог. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ажиллагсдын нэн тэргүүний асуудал нь ганцхан үйлдвэрлэлийн осол биш гэсэн үг. Энэ салбарт ажиллагсад ирээдүйд, олон жилийн дараа мэргэжлээс шалтгаалах  өвчнөөр өвчлөх нь их болж байна. Энэ нь уул уурхайн салбарт ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй байгааг харуулж байгаа том жишээ юм.

Хангалтгүй байгаагийн гол шалтгаан нь хаана байна гэж Та харж байна вэ? Түүнийг засч, сайжруулахад яамны зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
Цэвэр ХАБЭА-н тогтолцоотой холбоотой. Өнөөдөр осол гарсны дараа хянах, шалгах, бүртгэх, нөхөн олговор олгох эрх зүйн тогтолцоо хэрэгжиж байна. Түүнээс бус осол аваар гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хангалттай стандарт, дэд бүтэц бий болоогүй байна гэж харж байгаа.

Эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийгдэх зайлшгүй шаардлагатай хэд хэдэн ажил бий. Уул уурхайн яамны зүгээс тодорхой ажлуудыг төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Юуны түрүүнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенци”-д нэгдэн орох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж   дэмжигдсэн. Энэ конвенци нь уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц бодлогыг тодорхойлох суурь баримт бичиг болох юм. Нэгдэн орсны дараа мөн холбогдох журмуудыг нэмж боловсруулан батлах шаардлагатай болно.

Манай яамны хувьд анх удаа салбарын буюу Геологи, уул уурхай, газрын тосны салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороог энэ жил байгуулсан. Цаашдаа салбар зөвлөлүүдийг харьяа агентлагуудад байгуулах, УУЯ-ны бүтцэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан нэгж бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Ямартаа ч эхний ээлжинд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнтэй болсон. Газар хэлтсийн бүтэц, нэгжтэй болоод энэ чиглэлээрх үйл ажиллагаа нь жигдэрч байгаа БХБЯ-тай харьцуулахад бид энэ тал дээр  хоцорч яваа.

Мөн уул уурхайн салбарт тухайн ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Эрсдэлийн үнэлгээн дээр суурилаад болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг тогтолцоог нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Осол гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно гэлээ. Ингэхийн тулд ажлаа юунаас эхлэх вэ?
Урьдчилан сэргийлэх удирдлагын тогтолцоог бий болгох, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хөрөнгө мөнгө зарцуулдаг зохицуулалтыг бий болгох талаар бодлогын асуудлуудыг бид илүү ярих шаардлагатай байгаа. Ганц яам ч биш аж ахуйн нэгж байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд ч үүнд идэвхтэй оролцох шаардлагатай юм.
 
Урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоход бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол салбарын хэмжээнд мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх асуудал. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс мэдээллийг цуглуулах, бүртгэх, нэгтгэх, эргээд үүн дээрээ үндэслээд дүн шинжилгээ хийж, бодлогын зохицуулалтуудыг гаргах шаардлагатай. Заавал гарсан аваар осол, эндэгдлийг бүртгэдэг биш тэдгээрт хүргэж болзошгүй байсан тохиолдол, зөрчил бүрийг бүртгэх, энэ талаарх мэдээллийг цуглуулах шаардлагатай байна. Эргээд бусадтайгаа энэ мэдээллээ хуваалцдаг, болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, зааварчилгааг аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн байдлаар түгээдэг, мэдээлэл солилцдог энгийн хандлагаас эхлэх нь зүйтэй  болов уу гэж харж байгаа. Цаашлаад салбарын ажилчдын хийх, мөрдөх зан үйлтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо маань бий болох юм.

Үүнтэй холбогдуулаад манай яамны зүгээс уул уурхайн салбарт нийтээр дагаж мөрдөх техникийн зохицуулалтыг боловсруулахаар ажиллаж байна. Бизнес эрхлэгчид, компанийн удирдлагууд маань үүнийг дахиад нэг хуулийн дарамт шахалт гэж битгий хараасай. Ийм зохицуулалт гаргаснаар ХАБ-ын талаарх зан үйл, хандлагыг өөрчлөх гэсэн санаа юм.

Австрали, Канад гээд уул уурхайн салбар өндөр хөгжсөн орнуудад ХАБ-ыг ажил, амьдралын тогтсон хэв маяг, зан үйл болгочихсон байдаг. Манайд бол арай өөрөөр ойлгоод байх шиг?
ХАБ гэдгийг хууль эрхзүйн зохицуулалтаар шийдвэрлэнэ гэхээсээ илүүтэй энэ чиглэлийн зөв хандлага, соёл буюу ажил, амьдралын тогтсон хэв маяг, зан үйл  бий болгож, хэвшүүлэх нь чухал юм. Яамны зүгээс ч энэ талаас нь анхаарч ажиллана. Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг хандлага, соёлыг хэвшүүлж чадвал хуулийн зохицуулалтаас илүү үр дүнд хүрнэ, үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэнэ гэдгийг ажил олгогчдодоо ойлгуулахыг хичээнэ. ХАБ-д оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгээ маш сайн өгдгийг  бизнесийн шилдэг туршлага нотлон харуулж байна.

Бүх аж ахуйн нэгжүүд ХАБ-ын тодорхой тооны мэргэжилтэнтэй байна гэдгийг гурван талт хамтын хэлэлцээрээр бий болгосон. Мөн манай салбар хорооноос хийх ажлынхаа төлөвлөгөөний хүрээнд ХАБ-ыг хамгийн сайн хангаж ажилладаг “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг шилдэг компаниудынхаа ХАБ-ын мэргэжилтнүүдийг бусад компанийн мэргэжилтнүүдэд сургалт явуулах, мэргэжилтнүүдээ дээрх компаниудтай танилцуулах, туршлага хуваалцах ажлыг зохион байгуулах талаар ажиллана. Ингэснээр  бусад танилцаж байгаа аж ахуйн нэгж болон тухайн ХАБ-ын мэргэжилтнүүд өөрийн компани дээр хэрэгжүүлэх сайн туршлагатай болж, ХАБ-ын соёлыг хэвшүүлэхэд дөхөм болно гэж үзэж  байна.

Гурван талт хэлэлцээр байгуулсан. Үүний ач холбогдол нь юу вэ?
Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын төлөөлөл хамтран салбарын 2015-2016 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг боловсруулан өнгөрсөн 3 дугаар сард гарын үсэг зурсан. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар  геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, үйлдвэрлэлийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангах таатай нөхцөл бүрдүүлнэ. 

Хэлэлцээрээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдуулан үйдвэрлэлийн осол гаргаагүй аж ахуйн нэгж, байгууллага эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг үлгэр жишээ зохион байгуулсан ажилтныг урамшуулах журмыг гаргаж ажиллахаар болсон. Осол гэмтлийг мэдээлэх, мэргэжлийн сургалтад хамруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох тогтолцоо, нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.

Компаниуд ХАБ-ыг хангахад ямар байдлаар оролцдог юм бэ? Компаниудыг тодорхой хэмжээгээр урамшуулах механизм олон улсад байдаг? Манайд ийм механизмыг бий болгох уу?
Компаниудыг аль болох ХАБ-д анхаарал хандуулж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг болгох шаардлагатай зохицуулалтуудыг бий болгох хэрэгтэй байгаа. Олон улсад ийм жишиг, механизм байдаг. Манай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар аливаа төслийн зардлын нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар заасан. Энэ заалтын дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд зарцуулсан мөнгөний гүйцэтгэлийг хянаад татвар ногдох зардлаас хасаж тооцдог. Ерөнхийдөө ХАБ-д хөрөнгө зарцуулсан аж ахуйн нэгжүүдийг урамшуулж байгаа ганц хэлбэр нь энэ боловч нэлээд учир дутагдалтай юм билээ. Ядаж гүйцэтгэлээр хянаад хасаж тооцох бус төлөвлөсөн зардлаас нь хасах бололцоог бий болговол компаниудыг илүү хөрөнгө, мөнгө ХАБ-д төлөвлөж зарцуулах сонирхлыг төрүүлнэ. Энэ мэтчилэн татварын урамшуулал, зохицуулалтын системээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын системтэй хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудлыг холбон шийдвэрлэх боломжтой. Өнгөрсөн оны байдлаар гэхэд Нийгмийн даатгалын санд ослын даатгалаар 82 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн байдаг. Энэ төвлөрсөн мөнгийг дандаа орсон борооны дараа цув  нөмрөв гэдэг шиг осол эндэгдэл болсны дараа зөвхөн нөхөн олговорт зарцуулдаг. Гэтэл энэ даатгалын сангаас осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө зарцуулдаггүй, эсхүл огт аваар осол гаргаагүй аж ахуйн нэгжүүдийг   буцаан урамшуулдаг механизм байхгүй байна. Энэ бол цэвэр тогтолцооны гажуудал явж байгааг харуулж байгаа юм. Ер нь цаашид ХАБ-ын дүрэм журмыг хамгийн сайн дагаж мөрдсөн, осол аваар гаргаагүй компанид урамшууллыг нь эргүүлэн олгодог олон улсын нийгмийн даатгалын болон татварын урамшууллын тогтоолцоог нэвтрүүлэх талаар судалж байна.
 
176 дугаар конвенци ямар учиртай баримт бичиг вэ?
Олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын тухай конвенци юм. 1998 онд хүчин төгөлдөр болсон. Уул уурхайн салбар нь хөгжсөн, өндөр хөгжилтэй АНУ, Герман, Бразил, Өмнөд Африк зэрэг 26 орон нэгдсэн   байдаг. Газрын тос, байгалийн хий, ил далд уурхай гээд эрдэс баялгийн бүх л салбар хамрагддаг. Уг конвенцид нэгдсэнээр уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц бодлогыг тодорхойлох бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Конвенцид нэгдэн орсон улсуудын хүлээх үүрэг гэж бий. Холбогдох эрх бүхий байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхойлж, осол гэмтлийг мэдээлэх, тайлагнах, судлах, шалтгааныг олж илрүүлэх, осол гэмтлийн талаар үндэсний мэдээллийн сантай болох зэрэг нөхцөлийг бүрдүүлнэ. Тийм болохоор уг конвенцид нэгдэн орох нь бидэнд маш чухал  байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн боловсон хүчин бэлтгэдэг тогтолцоо манайд байдаг уу?
Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол боловсон хүчин, сургалтын хөтөлбөрийн асуудал. Манай аль ч их дээд сургуульд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх бакалаврын болон магистрын сургалтын хөтөлбөр байдаггүй. Ийм сургалтын хөтөлбөрийг бий болгох талаар Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яамтай ярилцаж байгаа. Холбогдох ажлын хэсэг гараад ажиллаж байна. Боловсон хүчин байхгүй болохоор энэ талаар юу хийх вэ гэдгийг мэдэх хүн байхгүйтэй адилхан болчихож байгаа юм. Яахав, олон жил уурхай, үйлдвэрт ажилласан туршлагатай инженерүүд маань өөрсдөө энэ чиглэлээр ном сурах бичиг гаргаж, ажиллах гэж оролдож байна. “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг зарим томоохон компаниуд маань богино зайн сургалт зохион байгуулж, мэргэжилтнүүдээ бэлтгэж байна.

“Нэн түрүүнд ХАБ” хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ хурлаар ямар асуудлыг ярих вэ?
Энэ сарын 28-нд Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдрийг тохиолдуулан “Нэн түрүүнд ХАБ” нэртэй бага хурлыг Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч хийнэ. Хурлаар ослоос урьдчилан сэргийлэх удирдлагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалахад хөрөнгө мөнгөө зарцуулдаг болгох бодлогын шийдлийг түлхүү ярилцах юм. Хуулиар далайлгахаас илүүтэй хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэх зан үйл, хандлага, соёлыг хэвшүүлэх нь чухал байна. Бид эцсийн бүлэгтээ иргэдийнхээ төлөө уул уурхайг ашиглаж байгаа учир энэ салбарт ажиллаж буй иргэд маань эрсдэлээс хамгаалагдсан байх ёстой.
  • Зочин (122.201.24.126)
    Нэн тэргүүнд уулан ХАБЭА даан ч байгууллагууд ашиг орлог нэгдүгээрт тоног төхөөрөмж хоёрдугаарт ажиллах хүчин тэгээд ХАБЭА-г тавьдаг
    2017 оны 05 сарын 30 | Хариулах
  • Хамгийн чухал асуудал ярилцсан байна (112.72.13.56)
    Энэ тал дээр УЛС ТӨР МЕНЕЖМЕНТИЙН АКАДЕМИ Уланбаяр захиралтай Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлага мэргэшүүлэх сургалттай анги байдаг сургалт нь байн ийм сургалт сайтай сургуулийг дэмжиж төгсөгчидыг нь ажилаар хангах юм бол ХАБ-г аваад явчих боломжтой гэж бодож байна
    2015 оны 04 сарын 28 | Хариулах