Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тавантолгойн нүүрсийг авто замаар тээвэрлэхээр болов

Өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Гашуунсухайт авто зам” ХХК хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг “Санамж бичиг”-ийн дагуу Тавантолгойн ордод олборлолт явуулдаг “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэх үүрэг хүлээж, тус замын хураамжийг тонн тутамд 1 ам.доллар болгож байгаа юм.

Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард Өмнөговь аймагт ажиллах үеэр Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэгч компаниуд шороон замаар тээвэрлэж, байгаль орчин болон орон нутгийн иргэдийн аж амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгааг даруй зогсоохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон билээ. Үүний дагуу 3 дугаар сарын 31-нд Зам тээврийн сайдын тушаал гарч, нүүрс тээвэрлэгч компаниудыг шороон замаар тээвэр хийхийг хориглосон байна.

Дөрөвдүгээр сарын нэгнээс дээрх гурван компани автозамаар нүүрс тээвэрлэхээр болж байгаа бөгөөд энэ жил 13 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа аж. Уг төлөвлөгөөнд хүрч чадахгүй бол “Эрдэнэс Монгол” компани алдагдалтай ажиллана хэмээн тус компанийн Дэд захирал С.Цэлмэг ярилаа. Учир нь энэ жил уг автозамд 13 тэрбум төгрөгийн засвар арчлалт хийх тооцоо гарчээ. Мөн “Эрдэнэс Монгол” компани Хөгжлийн банкнаас 4.25%-ийн хүүтэй нэг жилийн хугацаатай 108 сая доллар зээлж, өнгөрсөн онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг худалдан авсан. Зээлийн хугацаа дуусч, Хөгжлийн банк хугацааг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Харин шинээр 7-9%-ийн хүүтэй зээл өгөх боломжтой хэмээн Хөгжлийн банк саналаа өгчээ. Хэрэв Хөгжлийн банк зээлийнхээ хугацааг сунгахгүй бол “Эрдэнэс Монгол” компани хүүгийн дарамтад орохоос гадна замын ашиглалт, арчлалтын зардлыг төлж чадахгүй байдалд орно хэмээн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал С.Цэлмэг онцоллоо.

Урьд нь тус замаар компаниуд харилцан адилгүй хураамж төлдөг байсан талаар “Эрдэнэс Монгол” компанийн Дэд захирал С.Цэлмэг “Компаниуд өөр өөр үнээр тээвэрлэж байсан зүйл байхгүй. “Энержи Ресурс” компани 0675 ам.доллараар тээвэрлэж байсан гол шалтгаан нь бид тус компанид 18 сая долларын өртэй байсантай холбоотой. Уг замыг худалдаж авахдаа 18 сая доллар дутуу төлсөн бөгөөд “Энержи Ресурс” компани уг зөрүүг хураамжийн хөнгөлөлтөөр нөхөх тохиролцоо хийгдсэн байсан” хэмээн тайлбарлалаа. Өнгөрсөн жил “Энержи Ресурс” компани ойролцоогоор 3 сая ам.долларын хөнгөлөлт эдэлж, авлагаасаа суутгажээ.

С.Болд-Эрдэнэ