Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Саусгоби Ресурс” шүүхийн шийдвэрийг эсэргүүцэв

Өмнөговь аймагт Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийг Монгол улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг өчигдөр давж заалдах шатны шүүхээр шүүж, анхны шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Өчигдрийн байдлаар “Саусгоби Сэндс” компанийн толгой байгууллага “Саусгоби Ресурс”-ийн хувьцаа Торонтогийн бирж дээр 2.2%-иар буурч эхэлмэгц өглөө нь арилжааг зогсоосон байна. Харин Хонконгийн бирж дээр тус компанийн хувьцааны арилжаа үргэлжилж буйн зэрэгцээ уруудсан хэвээр байгаа юм. Ер нь сүүлийн таван өдрийн хугацаанд тус компанийн хувьцааны үнэлгээ дээрх хоёр бирж дээр 18%-иар тус тус буурчээ.

“Саусгоби Ресурс” компанид эзэмшдэг хувиа Turquoise Hill Resources компани Хонконгийн National United Resources болон Хятадын Novel Sunrise компанид худалдахаар тохиролцоод байгаа билээ. Дээрх хоёр худалдааны хэлцлүүдийн нэг нь энэ сарын сүүл, нөгөө нь ирэх сарын сүүлээр эцэслэн хийгдэх төлөвтэй байгаа юм. Нүүрсний зах зээлийн төлөв байдал тааруухан байгаа ийм үед “Саусгоби Ресурс” өр зээлийнхээ хүүг төлөхөд ч хүндрэлтэй байгаа нь сүүлийн саруудад улам бүр тодорхой болсон. Ийм нөхцөлд тэд цаашид Монгол улсад 35.2 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 18 сая долларыг төлж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Өчигдрийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ тус компани хоёр дахь шатны шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тодруулбал давж заалдах шатны шүүх тус компанийн гаргасан аргументыг огт авч хэрэгсэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсний сацуу үүндээ ямар ч үндэслэлтэй тайлбар хийгээгүйг тэмдэглэжээ. Түүнчлэн компанийн хувьд татвараас зайлсхийсэн явдал байхгүй болохыг онцлоод цаашид дээд шүүхэд хандах зэрэг хуулийн хүрээн дэх бүх арга хэмжээг авч ажиллана гэдгээ дурджээ.

 
Б.Төгс