Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Монполимет”-ын Ц.Гарамжав Азийн хүчирхэг бизнес эрхлэгчээр шалгарчээ

“Форбес” сэтгүүлээс Азийн 50 хүчирхэг бизнес эрхлэгч эмэгтэйг нэрлэснээ өчигдөр өөрийн цахим хуудастаа албан ёсоор мэдээлжээ. Тус жагсаалтад Монгол улсаас анх удаа “Монполимет групп”-ын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нэрлэгдсэн байна. Ц.Гармжав нь 1992 оноос “Монполимет групп”-ыг байгуулж, алт, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилийн 60 сая долларын орлоготой. Мөн Сэнжит худгийн шохойн ордыг түшиглэн 230 сая ам.долларын хөрөнгө оруулалттай дэвшилтэт технологи бүхий хуурай аргын технологиор цементийн үйлдвэрийг барьж байгаа хэмээн “Форбес” сэтгүүл онцолжээ.

Азийн 50 хүчирхэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн жагсаалтыг Австралийн уул уурхайн салбарын гигант, тус улсын хамгийн баян хүн Gina Rinehart тэргүүлсэн байна. Төмрийн хүдрийн үнийн уналтаас шалтгаалан түүний хөрөнгө 5.4 тэрбум доллараар буурч, 12.3 тэрбум доллар болжээ. Удаах байранд мөн л Австралийн хамгийн том жижиглэн худалдааны компани Harvey Norman-ын Гүйцэтгэх захирал Katie Page нэрлэгдсэн байна. Тэрбээр Harvey Norman  компанийг нөхрийн хамт 1982 онд байгуулж байсан бөгөөд өдгөө дэлхийн 8 улсад 277 дэлгүүртэй, жилийн орлого нь 4.9 тэрбум долларт хүрчээ.

Мөн уг жагсаалтад дэлхийн томоохон корпораци, банкуудын Гүйцэтгэх захирлууд орсон байна. Тухайлбал 164 тэрбум долларын хөрөнгө удирддаг дэлхийн 9 дэх том баялгийн сан Сингапурын “Темасек” корпорацийн Гүйцэтгэх захирал Хо Чинь, Солонгосын “Хьюндай” группын Удирдах зөвлөлийн дарга Heung Jeong-eun, Жилийн орлого нь 3.5 тэрбум ам.доллар болдог Хонконгийн 2 дахь том банк Нang Seng Bank-ны Гүйцэтгэх захирал Rose Lee Wai Mun, ALibaba компанийн Санхүү эрхэлсэн захирал Maggie Wu, 2014 онд борлуулалтын орлого нь 47 тэрбум долларт хүрсэн ухаалаг гар утас үйлдвэрлэгч Хятадын Huawei Technologies-н ТУЗ-ийн дарга Sun Yafang нар Азийн 50 хүчирхэг бизнес эрхлэгч эмэгтэйгээр тодорчээ.

Мөн Энэтхэгийн хамгийн том 3 банкны Гүйцэтгэх захирал уг жагсаалтад орсон байна. Тэд бол 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Энэтхэгийн хамгийн том банк болох төрийн өмчит State Bank of India-н ТУЗ-ийн дарга Arundhati Bhattacharya, Энэтхэгийн хамгийн хүчирхэг банкируудын 2-т жагсдаг, 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ICICI банкны Гүйцэтгэх захирал Kochhar, Энэтхэгийн хувийн хэвшлийн 3 дахь том банк болох AXIS-ын Гүйцэтгэх захирал Shika Sharma нар юм.

Уг жагсаалтад хөгжиж байгаа улсуудаас Монгол, Мяньмараас тус бүр нэг эмэгтэй орсон. Мяньмарын City Mart Holding компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал 39 настай Win Win Tint анх удаа оржээ. City Mart ni 1996 оноос эхэлсэн, хүнсний дэлгүүр, эмийн сан, номын дэлгүүр, хүүхдийн клуб зэрэг үйлчилгээний зах зээлд ажилладаг, жилийн орлого нь 200 сая ам.долларт хүрсэн томоохон компани юм.


С.Болд-Эрдэнэ