Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Туркойз Хилл” “Саусгоби Ресурс”-ын бүх хувиа зарж дуусгалаа

“Туркойз Хилл Ресурс” компани “Саусгоби Ресурс” компани дахь 22%-ийн эзэмшлийн хувьцаагаа Хятадын Novel Sunrise Investments limited компанид зарахаар болжээ. Нийт 48.7 сая ширхэг хувьцааг нэгжийг нь 0.35 канад доллараар худалдах бөгөөд энэ үнэ нь Торонтонгийн хөрөнгийн бирж дээрх “Саусгоби Ресурс” компанийн хувьцааны даваа гаригийн хаалтын ханш 0.51 канад доллараас 31%-иар хямд үнэ юм. Хэлцлийн дүн 17 сая канад доллар болж байгаа бөгөөд 3 дугаар 31-нд гэрээ дуусгавар болсноор 8.5 сая канад долларыг өгөх бол үлдсэн 8.5 сая канад долларыг жилийн дараа өгөх юм байна.

“Туркойз Хилл Ресурс” компани “Саусгоби Ресурс” компанийн 104.8 сая ширхэг хувьцаа буюу 47.9%-ийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч нь байсан ч уг хэлцэл амжилттай болсноор бүх хувьцаагаа зарж дуусгаж байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сард 56.1 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 0.455 канад доллараар Хонконгийн National United Resources компанид худалдах гэрээ байгуулсан байдаг. “Туркойз Хилл Ресурс” компани “Саусгоби Ресурс”-ын 47.9%-ийн эзэмшлийн хувьцаагаа ойролцоогоор 43 орчим сая канад доллараар зарах гэрээнүүдийг байгуулаад байна.

Ингэснээр “Рио Тинто” компани “Туркойз Хилл Ресурс”-ын дийлэнх хувийг эзэмшсэнээс хойш түүний бүх охин компани, эзэмшлүүдийг зарж дуусч байгаа бөгөөд ганцхан “Оюутолгой” ХХК-ийн 66%-тай л үлдэж байна.

Novel Sunrise Investments limited компани нь Хятадад төвтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, логистик болон ган, төмрийн хүдэр, нүүрсний худалдаа эрхэлдэг томоохон компани юм.


С.Болд-Эрдэнэ