Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч эхэллээ

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох систем өчигдрөөс буюу 1 дүгээр сарын 26-ны өдрөөс ажиллаж эхэллээ. Эхний 30 өргөдлийн дугаарыг компаниудад амжилттай олгоод байна хэмээн УУЯ, АМГ-аас мэдээллээ. Эхний өдөр нийт 373 компани бүртгүүлж, дугаар авах ажиллагаанд оролцжээ.

Эхний өдрийн байдлаар дугаар олгох систем хэвийн ажилласан боловч ачаалал өндөр байснаас хариу удааширсан байна. Өглөө 08:00 цагаас компаниуд системд бүртгүүлж,  эхний дугаарыг 08:10:53 цагт, 30 дахь дугаарыг 08:19 цагт олгожээ. Ачааллаас хамаарч систем унасан, зогссон, дугаар зүй бусаар олгосон тохиолдол гараагүй хэмээн АМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа онцоллоо. Харин зарим аж ахуйн нэгж мэдээллээ бөглөхдөө будилах, алдаатай солбилцол өгөх, VPN төхөөрөмжтэй буруу харьцсанаас цаг алдах байдал цөөнгүй гарчээ.

АМГ-аас өдөрт 30 цахим дугаар олгох ба дугаар авсан компаниуд дараагийн өдөр цахим дугаарт заасан цагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө АМГ-т биечлэн гаргах юм байна. АМГ-ын Кадастрын хэлтэс өргөдлийг хянан үзэж тухайн өдөртөө багтаан өргөдөл гаргасан солбицлыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайн солбицлоос хасалт хийж нийтэд мэдээлснээр тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж өмнөх өргөдлийн талбайтай давхцуулалгүйгээр талбай сонгож өргөдлөө гаргах боломж бүрдэх юм. Үүнтэй холбоотойгоор цахим дугаарыг ажлын 1 өдөр өнжиж олгохоор тогтжээ. Тодруулбал энэ долоо хоногт сондгой тоотой ажлын өдрүүд, ирэх долоо хоногт тэгш тоотоц ажлын өдрүүдэд цахим дугаар олгох юм байна.

Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх юм. Мөн нийт нутаг дэвсгэрийн 19.88 га талбайд ашит малтмалын тусгай зөвшөөрөл өгөх аж. Үүнээс 6.49%-ийг нь сонгон шалгаруулалтаар олгохоор болж, холбогдох журмыг нь баталсан байна. Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх нэг онцлог нь компаниуд сонгон шалгаруулалтад оролцохдоо суурь үнээр өрсөлдөх юм байна. Суурь үнийг тогтоохдоо тухайн талбайд төрийн зардлаар хайгуул хийсэн зардал буюу 1 га талбайд 2244 төгрөг, түүнээс дээш үнэ санал болгож өрсөлдөх юм байна.

С.Болд-Эрдэнэ