Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио”, BHP-ийн хувьцааны ханш 20-30%-иар унав

Төмрийн хүдрийн магнат төдийгүй дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох “Рио Тинто”, "BHP Billiton"-ий хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд 20-30%-иар буурчээ. Австралийн Пилбарад олборлолт явуулдаг "Fortescue Metals"-ийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 3 сарын хугацаанд 39%-иар буурчээ.

Гэхдээ энэхүү бууралтын дийлэнх нь сүүлийн нэг сард болж өрнөсөн юм. Учир нь өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээс эхлэн төмрийн хүдрийн үнэ шалдаа бууж эхэлсэн ч өнгөрсөн 11 дүгээр сард зах зээлийн нөхцөл байдал илүү тодорхой болсон. Одоогийн байдлаар 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмал дэлхийн зах зээлд 70 ам.доллар болоод буй нь он гарсаар 50% хямдарсан дүн юм.

Зах зээлийн үнэлгээ нь 120 тэрбум доллар (BHP), 90 тэрбум доллар  (Рио Тинто)-аар үнэлэгддэг тус хоёр компанийн хувьцааны ханшийн ялимгүй бууралт ч үлэмж хэмжээний хохирлыг дагуулж буй юм.

Өчигдрийн байдлаар “Рио Тинто” компанийн хувьцаа Лондоны хөрөнгийн бирж дээр 2618 пенс, BHP-ийнх Нью-Йоркийн бирж дээр 44.96 ам.долларт хүрч буурчээ.

Дээрх хоёр компанийн хувьцааны ханшийн сүүлийн таван жилийн дүнг харахад одоогийн хувьцааны үнэлгээ нь мөн хугацаан дахь хамгийн доогуур үнэлгээ гэж харагдаж байна. Яг л төмрийн хүдрийн үнэ сүүлийн тав жил гаруй хугацаан дахь хамгийн доогуур хэмжээнд хүрээд буйтай адил.

Харамсалтай нь Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал болон тус улсын гангийн эрэлт тааруу байх таамгаас үүдэн зах зээл судалгааны байгууллагууд шил шилээ даран үнийн ирээдүйн таамгаа бууруулсаар байна.

Citigroup өнгөрсөн сарын эхээр ирэх онд төмрийн баяжмалын үнэ нэг тонн нь 60 доллараас ч бага үнээр худалдаалагдаж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Тэгвэл Австрали улс ирэх жил төмрийн хүдрийн үнэ 60 ам.доллар байна гэж таамаглаж буйгаа мэдээлжээ. Тус улсын хувьд нийт экспортын орлогынх нь 20 гаруй хувийг төмрийн хүдрийн орлого бүрдүүлдэг ажээ. Энэ оны эхэнд төмрийн хүдрийн үнэ 140 ам.доллар/тонн байсан ч одоо зах зээлд үнэ өсөх найдвар бараг үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь эрэлт багассаар байтал төмрийн хүдрийн магнатууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр уулгалан дайрсаар байгаа нь тэдний зах зээлд эзлэх байр сууриа алдахаас эмээсэн үйлдэл гэлтэй.

Хэдийгээр компаниуд олборлолтын зардлаа бууруулсаар байгаа ч байдал энэ хэвээр үргэлжилбэл төмрийн хүдрийн магнатуудын уг түүхий эдээс олох ирээдүйн ашиг чамлахааргүй түвшинд байж чадахгүй нь ойлгомжтой байна.

Олон улсын хэвлэлүүдээр BHP компанийг төмрийн хүдэр бус зэсийн төслүүддээ илүү анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтаа үүнд чиглүүлэх болсон талаар мэдээлсэн. Тэгвэл одоо “Рио Тинто”-г ч зэсийн төсөлд илүү төвлөрч магадгүй гэсэн таамгийг шинжээчид тэмдэглэх болжээ. “Рио Тинто”-гийн хувьд Монголын “Оюутолгой” төсөлд болон Перу дэх "La Granja" уурхайд хөрөнгө оруулаад байгаа юм. Мөн АНУ-ын Аризона дахь Resolution төслийн зэс, молибденийн далд уурхайг ашиглахаар төлөвлөжээ. Энэ уурхайн нөөц нь 20 гаруй сая тонн зэсээр хэмжигддэг байна.


Б.Төгс