Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Mongolian Mining Corporation нэмэлт хувьцаа гаргана

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation /Энержи Ресурс/ нэмэлт хувьцаа гаргах болсон талаараа өнөөдөр мэдэгджээ. Тус компани нэмж 5,557-5,597 сая ширхэг хувьцаа гаргах бөгөөд нийт 1,556-1,567 сая хонконг доллар босгохоор төлөвлөжээ. Энэ нь ойролцоогоор 200 гаруй сая ам.доллар болж байгаа юм. Ингэснээр тус компани нийт 8.2 тэрбум орчим ширхэг хувьцаатай болж байгаа юм байна. Нэмэлт хувьцаа гаргахад андеррайтераар BNP Paribas, JP Morgan банк, санхүүгийн зөвлөхөөр Somerley Capital Limited ажиллаж байгаа аж.

2010 онд Mongolian Mining Corporation 3.71 тэрбум ширхэг хувьцаа олон нийтэд арилжиж, 650 сая доллар босгож байсан билээ. Харин одоо 5.5 тэрбум ширхэг хувьцаа буюу анх гаргасан хувьцаанаасаа 1.5 дахин их хувьцаа гаргаж, 200 сая доллар босгохоор болж байгаа юм.

Гэхдээ энэхүү шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах ажээ. Ингэснээр хувьцаа эзэмшигчид 2 ширхэг хувьцаа тутамд 3 ширхэг хувьцааг 0.28 хонконг доллараар авах боломжтой юм. Одоогоор бүх хувьцаа эзэмшигч нь нэмэлт хувьцаа авах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Уг асуудлыг ТУЗ нь судалж шийдвэрлэх бололтой. Тус компанийн хяналтын хувьцаа буюу 33.5%-ийг MCS, 8.1%-ийг “Шунхлай”, 3.05%-ийг “Керри Майнинг Лимитед” эзэмшдэг юм.

Энэхүү мэдээлэл гарсны дараа Хонконгийн бирж дээрх MMC-ийн хувьцааны ханш 30 гаруй хувиар унаад байна. Өчигдөр 1.03 хонконг долларын үнэтэй байсан хувьцаа 13.00 цагийн байдлаар 0.71 хонконг доллар болж, 31%-иар унажээ.



С.Болд-Эрдэнэ