Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Уул уурхайн компаниудын ТУЗ-ийн гишүүд уулзалдав

“Эрдэнэс Монгол” компаниас өөрийн охин, хараат компаниудын ТУЗ-ийн гишүүдтэй уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.  Уг зөвлөгөөнд Нээлттэй нийгэм хүрээлэн”-гийн багш Д.Байлыхүү “Компанийн ТУЗ-ийн сайн засаглалын нийтлэг жишээ ба Монголын өнөөгийн байдал” сэдвээр, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол Улс дахь зохицуулагч Н.Дорждарь “Компанийн засаглалын хөгжлийн олон улсын чиг хандлага” сэдвээр, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль эрхзүйн газрын захирал Т.Билгээ “Охин компаниудын ТУЗ-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компаниас охин компаниудын ТУЗ-тай харилцаж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар, охин компаниудаас толгой компанийн хүлээж буй хүлээлт, тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм. Тухайлбал “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн ТУЗ-ийн гишүүд компаниудын үйл ажиллагаа маш хүндэрч байгаа, нүүрсний борлуулалтын үнэ нь өртгөөсөө хямд байгаа зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, түүнд толгой компани “Эрдэнэс Монгол” компани ямар нөлөөтэй оролцох талаар саналаа хэлцгээж байв.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян компанийнхаа стратеги, зорилтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. “2030 он гэхэд “Эрдэнэс Монгол” компани Сингапурын “Темасек”, Малайзын “Казанах”, Норвегийн “Статойл” зэрэг төрийн өмчит том корпорациудын хэмжээнд хүрсэн, дэлхийн хэмжээний том корпораци болохоор зорьж ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.

Зөвлөгөөнд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой уул уурхайн 5 компанийн ТУЗ-ийн 60 гаруй гишүүн оролцохоос “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн 20 орчим гишүүн оролцов. Ихэнх нь ТУЗ-ийн хараат бус гишүүд байсан бөгөөд төрийн өмчит компанийн ТУЗ-д төрийн өмнөөс томилогдон ажиллаж буй гишүүдээс гуравхан хүн ирсэн байлаа.


С.Болд