Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

АМГ: 11 талбайд тусгай зөвшөөрөл олгов

Засгийн газрын 216 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 106 талбайд сонгон шалгаруулалт зарлахаар болсон.

Хүчингүй болсон 106 хайгуулын тусгай зөвшөөрлийн 18 талбай нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан, 9 нь тусгай хэрэгцээний газартай, 1 нь стратегийн орд газартай,  32 нь урт нэртэй хуулиар тогтоосон газартай давхцалтай,  46  нь ямар нэгэн давхцалгүй  талбай байна.

Давхцалгүй талбайнуудаас Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолд  заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоосон 14 талбайд сонгон шалгаруулалт зарласан. Үүнээс “Ногоон тал”, “Довцог худаг”, “Хашаатын хөндий”, “Хөх толгой”, “Цогт хайрхан уул”, “Улаан эрэг”, “Бага хөх цав”, “Хөх хошууны худаг”, “Хонхор дэрс”, “Товцог хайрхан уул”,  ”Хар ат уул”  гэсэн нэр бүхий 11 талбайд сонгон шалгаруулалт хийгдэж тусгай зөвшөөрөл олголоо.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гардуулж өгөв.

Сонгон шалгаруулалтад санал ирээгүй 3 талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан ердийн журмаар шийдвэрлэнэ.

Урт нэртэй хуультай давхцалтай талбайн хувьд давхцалыг арилгуулан солбицолд өөрчлөлт оруулж сонгон шалгаруулалтанд оролцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Дараагийн ээлжийн зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоосон 10 талбайд сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлалаа. Тус 10 талбай нь 5 аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдах ба нийт 54,926.2 га талбайг эзэлнэ. Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 170.24 га, хамгийн том талбай нь 21,997.62 га байна.

Өнөөдөр АМГ-ын зарласан хэвлэлийн хуралд Геологийн албаны дарга Д.Болд, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Нүүрсний хэлтсийн дарга Алтсүх, Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Цогзолмаа нар оролцож мэдээлэл хийлээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахим болгох ажлын явц дуусах шатандаа байна

Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг олон нийтэд хүнд сурталгүй, хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлж, өргөдөл гаргах дугаарыг мэдээллийн технологийн дэвшилтэд хэлбэр болох цахимаар олгохоор бэлтгэл ажлыг хангуулж байна.

АМГ-аас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг олгох цахим систем /www.haiguul.mram.gov.mn/-ийг интернэт орчинд байршуулан, туршилт хийлээ. Туршилтын явцад системд зарим нэг өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар аж ахуйн нэгжүүдээс ирсэн санал болон Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн системийг улам боловсронгуй болгох ажил хийгдэж дуусах шатандаа байна.

Системийн шинэчлэлтийн ажлын хүрээнд өргөдөл гаргагч хуулийн этгээдийн мэдээлэл үнэн зөв эсэхийг тодорхойлох зорилгоор өргөдлийн дугаар олгох цахим системийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сантай шууд холбох ажлыг хийж байна.

Мөн түүнчлэн өргөдлийн үйлчилгээний хураамжийг шууд онлайнаар төлөх нөхцлийг бүрдүүлж, цахим системийг арилжааны банкуудын онлайн төлбөр тооцооны системтэй холбож байна. Мөн системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах зорилгоор сүлжээг хязгаарлах VPN төхөөрөмжийг ашиглахаар тогтож түүнд шаардлагатай системийн нэмэлт хөгжүүлэлтийг хийжээ.

Одоогоор системийн үйл ажиллагаа, аюулгүй байдал зэрэгт ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газраар аудит хийлгэж байна.




Ашигт малтмалын газар (2014.10.29)