Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монголын төр стандарт шүтсэн төр баймаар байна

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Даваанямтай ярилцлаа.

Монголын эрдэс боловсруулалтын салбарын өнөөгийн байдлыг Та хэрхэн тодорхойлох вэ?

Монгол улс хөгжлийн нэг тулгуураа Уул уурхай гээд тогтоочихлоо. Монгол улс, монгол хүн хөгжихийн тулд мөнгө олох хэрэгтэй байна. Тэргүүн ээлжинд ахиухан мөнгө олох салбар нь Уул уурхай гэж үзэж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо баталж, Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэн найрууллаа.   

Ийм тохиолдолд ард иргэдээ яаж уул уурхайд сэтгэл ханамжтай байлгах вэ? Уул уурхай байгаль орчинд нөлөөлөхгүй гэдэг худлаа. Бид ард түмэндээ энэ тухай үнэнийг хэлэх ёстой. Зарим нь ямар ч нөлөөгүй гээд гоё, гоё юм ярих юм. Харин яаж бага нөлөөлөх вэ, нөлөөллийг багасгах вэ гэдгийг ярих ёстой.   

Уул уурхайн салбарыг хариуцлагатай хөгжүүлье гэвэл энэ хариуцлагыг шинжлэх ухаантай холбож үзэх ёстой. Тэгвэл уул уурхайн шинжлэх ухааны хүрсэн түвшин Монгол оронд хаана байна вэ? Монголчууд уул уурхайг ямар түвшинд хийж байна гэдгийг бид дүгнэх шаардлагатай юм. Геологчдодоо бид талархах ёстой. Маш их нөөц оллоо, олж ч байна. Оюутолгой, Эрдэнэтийг нээлээ, маш олон алт, төмөр, нүүрсний ордууд нээлээ. Ашиглалтын нөхөд маань түүнийг өрөмдөөд, тэслээд, ухаад гаргаад ирдэг болсон байна. Ашиглаж чадаж байна. Харин боловсруулах түвшний ажлыг бид яаж хийгээд байна вэ гэдэг л асуудалтай байна.

Ялангуяа нүүрсийг зүгээр л ачаад явж байгаа. Тун өчүүхэн хэсгийг нь угааж баяжуулсан нэр хэмээгээд явж байгаа нь харамсалтай. Төмрийн хүдрийг дөнгөж 50 хүрэхтэй үгүйтэй агуулгатайгаар “баяжмал” гэж нэрлээд ачиж байна. Тийм сайхан хүдрээ баяжуулж чадахгүй хүдэр чигээр нь гаргаж байгаа. Төмрийн хүдрийг 68%-иас доошгүй хувийн агуулгатай баяжуулмаар байна шүү дээ. Баяжуулна гэдэг маань баяжуулагчдын хийдэг ажил. Энэ ажлыг бид их тааруу хийж байна. Бас хэн энэ ажлыг хийгээд байна. Баяжуулагчид хийж байна уу гэдэг бас л асуудал.

Яагаад тааруу байгааг жаахан судлаад үзэхэд нэгдүгээрт, мэргэжлийн бус хүмүүс баяжуулах ажлыг хийж байна. Хоёрдугаарт, баяжуулагч гэж мэргэжлийн хүний нөөц хангалттай мэдлэгтэй, чадвартай, туршлагатай биш байна.

Ашигт малтмал баяжуулагчийн мэргэжил “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамт Монголд орж ирсэн. Үндсэндээ 36 жилийн түүхтэй мэргэжил. Шинжлэх ухааны хувьд энэ нь урт хугацаа биш. Монгол улсад ашигт малтмал баяжуулалтын технологи гэдэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэсэн нь 20 жилийн түүхтэй. Энэ нь тогтолцоо бий болоход тийм ч хангалттай хугацаа биш. Манай холбоо байгуулагдаад 16 жил болж байна. Ингээд бодохоор бас аргагүй ч юмуу гэмээр.

Энэ байдлыг цэгцлэх ямар  арга зам байна вэ?  

Эрдэс баялгийг боловсруулах асуудлыг бид иж бүрнээр нь хармаар байна. Энэ үйл ажиллагаа зөвшөөрөл өгдөг процессоосоо эхлээд Монголд сайн биш байна. Дампуу байна гэвэл хатуудах байх л даа. Үүнийг сайжруулах шаардлагатай. Төрийн бодлоготой, мэргэжилтэнтэй холбоотой асуудлууд нэлээд бий. Тэдгээрийг сайжруулах шаардлагатай.

Монгол улсад 600 гаруй ордод ашиглалтын зөвшөөрөл өгсөн байна. Заримынх нь эзэмшигчид ч олдохгүй, хэнд яагаад өгсөн нь бүү мэд. Уг нь ТЭЗҮ энэ тэрийг нь үндэслээд мэргэжлийн багтай хүнд өгөх ёстой л доо. Гэтэл тийм биш байна. Ашигт малтмалын газарт 93 боловсруулах үйлдвэр ажиллаж байна гэсэн мэдээлэл байна. Түүний 70-аад хувь нь олдохгүй байна. Бид эрж хайж байгаа. Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо /МАМБХ/ байгааг мэдэж аваасай, бидэнтэй хамтарч ажиллаасай, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа аваасай гэсэндээ бид хайж байгаа юм. 

Эрдэс боловсруулах салбарт асуудлууд байна. Асуудал байна гэдэг муу зүйл биш. Боломж байна гэсэн үг. Сайжруулах үйл явцыг хийх хэрэгтэй. Тиймээс 10 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС дээр бага хурал хийх гэж байна. “Эрдэс боловсруулалт-2014” бага хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК,  ШУТИС, Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо хамтарч зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хуралд баяжуулагчид, уурхайчид, ханган нийлүүлэгчдийг урьж байна.

Ард түмний төлөөллийг оролцооч гэж урьж байна. Монголын уул уурхайг муухай харагдуулаад байгаа шалтгааны дотор эрдэс боловсруулалт тойрсон асуудлууд байгаа учраас хамтдаа хэлэлцэж сайхан болгоё. Гэхдээ нэг зарчим баримталъя. Урьд нь болсон үйл явцыг хараар будаж, амьтан шүүмжлэхийн төлөө цуглахгүй ээ. Түүнийг түүхтэй нь хамт архивт нь үлдээе. Өнөөдрөөс эхлээд цаашид сайн болгохын төлөө хамтарч ажиллая гэж байгаа юм. Бид төрийн байгууллагуудыг ч урьж байгаа. Монголын Төр маш их зүйлийг хийх шаардлагатай байна.

Эрдэс боловсруулалтын салбарт байгаа энэ бүх болохгүй, бүтэхгүй бүхэн юутай холбоотой вэ?

Тогтолцоотой холбоотой. Бид ямар нэгэн зүйл болохоо байхаар, хяналт муу байна, мэргэжлийн хяналтынхан сайн ажиллахгүй байна гэдэг. Тийм биш. Би тэгж хардаггүй. Тогтолцоо нь буруу байна. Тогтолцоондоо засвар хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, тэр эрдэс олдлоо, түүний ашиглалтын зөвшөөрлийг хэнд, ямар багт өгөх вэ? Мөнгөтэй хүнд өгөх үү, чадвартай хүнд өгөх үү. Заримыг мөнгөтэй хүнд өгч болно. Жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд асуудалгүй шүү дээ. Эрсдэл хийе гэж байна, мөнгө байна, түүнийгээ заръя гэж байна. Түүнд айхтар шаардлага тавиад яах вэ. Хамгийн энгийн нийтлэг шаардлагыг тавиад эрсдэл хийх гэж байгаа тэр хүнд өгье л дөө.

Харин томоохон үйлдвэрлэл, иж бүрэн ашиглалтын түвшинд яригдах зүйлд зохих шаардлагыг иж бүрнээр нь тавъя л даа. Ийм жишээ дэлхий дээр зөндөө байна. Бид нэг зүйлийг ярихдаа бүхэлд нь яриад байдаг. Үүнийгээ больж, ялгаатай, тодорхой ярилцъя. Жижиг, дунд үйлдвэрлэлийн түвшинд нэг, том үйлдвэрлэлийн түвшинд нэг ярья. Тэр стратегийн түвшинд нь бас арай өөр ярья л даа.

Ямар нэг зүйлийг сайн болж байна уу, үгүй юу гэдгийг жиших стандарт гэж зүйл Монголд алга байна. Канадад гэхэд National Instrument 43-101 /NI 43-101/ стандарт байна. Геологийн нөөц бодох түвшинд нь, ашиглалтын түвшинд нь, баяжуулалтын түвшинд нь, ТЭЗҮ дээр нь ийм шаардлага тавья гэдгийг энэ стандартдаа бүгдийг хэлчихсэн байна шүү дээ. Тэр шаардлагыг яаж биелүүлэх вэ гэдгийг мэргэжлийн холбоод аргачлал гаргаад, сайжруулаад явдаг нээлттэй туршлага байна. Түүнийг хаана ч батлахгүй ч бүгд сайн дураар мөрдөж байна. Стандартыг сайн дураар мөрдөж байгаа нь хариуцлагатай байхыг ухамсарлаж ойлгож байгаа хэрэг.

Тэр шаардлагыг биелүүлж байгаа мэргэжилтэн үнэлэгддэг. Зөрчиж байгаа нь жагсаалтаас хасагддаг. Баяжуулахын мэргэжлийн ажлыг Баяжуулах фабрикт хийхийн тулд Баяжуулахын холбооны гишүүн байхыг шаарддаг. Гишүүн байхын тулд өчнөөн мөнгө төлдөг. Үүнийг ямар ч хуульд бичээгүй, мэргэжил нэгт хүмүүс тэгээд л тохирчихсон. Тэр хэмжээгээр холбооны нэр хүнд өндөр, хүчтэй байна. Холбооныхоо хуралд оролцохын тулд гишүүд нь өөрсдөө гуйгаад очдог. Гэтэл манайд эсрэг тогтолцоо үйлчилж байна. Өнөөдөр хурал хийхийн тулд Ашигт малтмал баяжуулагчдын холбоо мөнгө гуйгаад явж байна. Дэлхий даяар Хөдөлмөрийн аюулгүй байдлын соёл гэж ярьж байна. Соёл гэдэг чинь стандартаас дээгүүр ойлголт шүү дээ. Гэтэл бид дэлхийн тогтолцооны эсрэг гажиг тогтолцоотой байсаар байна.

Хонконгийн аудитын мэргэжилтэн ярьж байна лээ. Төрийн захиргааны байгууллагад аудит хийхээр ямар ч зөрчил илэрдэггүй. Яагаад гэвэл тэд маш өндөр цалинтай, хангамжтай, юунд ч сэтгэл зовдоггүй хүмүүс ажилладаг учраас ажлаа маш сайн хийдэг, ямар ч дутагдал гардаггүй гэж байна. Гэтэл Монголд эсрэгээрээ байгаа. Төрийн ажилтнууд хүний гар харсан, хоолонд хамт орох урилганд хамгийн түрүүн дагаж гүйсэн байдалтай байна.

Стандартын шаардлагыг баталгаажуулдаг, баталгаажуулдаг байгууллагаа итгэмжилдэг тогтолцоог бий болгомоор байна. Тогтолцооны асуудлыг чанарын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны стандартын хүрээнд нэн түрүүнд авч үзэх хэрэгтэй байна. Манай төр стандарт шүтсэн төр баймаар байна. Нэг зүйлийг сайн гэж хэлэхийн тулд сайн зүйлтэй харьцуулах хэрэг гарна. Тэр сайн зүйл нь “Стандарт” нэртэй баймаар байна. Сайн байна уу, муу байна уу гэдгийг ялгадаг, баталгаажуулдаг байгууллага нь хариуцлагатай ажилладаг байх ёстой. Тэр хэн ч байж болно, бизнесийн, ашгийн байгууллага байж болно. Өөрийгөө үнэлсэн хэн ч очоод аудит хийдэг, баталгаажуулдаг байж болно. Харин тэр аудитын байгууллага ЗӨВ ажиллаж байна  уу, мэргэжлийн ёс зүйгээ баримталж чадаж байна уу гэдгийг Төр итгэмжилдэг байх ёстой. Хяналтын тогтолцоог шат шатаар нь хийж өгөөгүйгээс болоод бүх хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хийдэг мэтээр манай Төр ойлгоод байна. Энэ нь хөгжингүй нийгэм байгуулж байгаа улс орны жишиг биш юм.

Аудит хийж байгаа мэргэжилтэн буюу аудитор нь талхтайгаа үлдэхийн тулд мэргэжилдээ үнэнч шударга байж, тухайн аудитын байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг, аудитын байгууллага нь аудиторын үйл ажиллагааг хянадаг, ЗӨВ хийж байна уу, үгүй юу гэдгээ зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниас асуудаг байх хэрэгтэй. Зөвлөх үйлчилгээ гэдэг нь дэлхий дээр байдаг бүх үйлчилгээний дотроос хамгийн үнэтэй нь байдаг. Нэг цагийн аудит хийхэд хамгийн багадаа 500$ байдаг. Тиймээс мэргэжилтнээ үнэлдэг, зэрэглэдэг арга нь зөвхөн мэргэжлийн холбоонд байдаг. Сайн мэргэжилтэн гэдгийг мэргэжлийнхэн нь хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй үнэмлэхээр тодорхойлдоггүй. Мэргэжилдээ сайн биш нөхөр Зөвлөх инженерийн сертификат авчихсан явж байх жишээтэй. Ичмээр юм манай салбарт их байна шүү. Тийм байж болохгүй. Тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд Төр, бизнесийн байгууллагууд, мэргэжилтнүүд нийлээд тойрч суугаад, нэг нэгнээ өчүүхэн ч муулахгүйгээр өмнөх түүхээ мартаад, шинээр бичиж, хэрэгжүүлэх шаардлага байна.

Стандарт яагаад бий болохгүй байна вэ?

Стандарт боловсруулах сонирхол байхгүй байна. Тэрийг боловсруулахад нэг төгрөг ч өгөхгүй байгаа. Стандарт боловсруулна гэдэг чинь маш их оюун ухаан, хөдөлмөр шингээсэн ажил. Зүгээр нэг хүн биччихгүй шүү дээ. Стандартчиллын зарчмыг мэддэг, үйлдвэрлэлийн туршлагатай, онолын мэдлэгтэй хүмүүсийн багаар хийдэг ажил. Багаар хийдэг ажлыг огт ойлгож, үнэлдэггүй. Магадгүй хэзээ нэгэн цагт сайн стандарт гараад ирэх үед өнөө хүдэр нь дуусчихсан байх вий.

Төрийн зарим чиг үүргийг Мэргэжлийн холбоодод шилжүүлэх тухай заалт Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод туссан. Мэргэжлийн холбоод ямар чиг үүргийг авах талаасаа ч ажиллах ёстой байх? Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо тодорхой үйл ажиллагааг хариуцсан, тодорхой зорилготой холбоо. Та нарын хувьд юуг хийж чадах вэ?

Хоёр талаасаа ажиллах ёстой. Нэг талаасаа мэргэжлийн холбоод ажиллаж, бид ийм зүйлийг чадна гэдгээ харуулах ёстой. Нөгөө талаасаа төр, төрд байгаа хүмүүс мэргэжлийн холбооддоо итгэх хэрэгтэй. Уул уурхайн сайдын дэргэд нэг зөвлөл байгуулагдсан гэнэ лээ. Манай холбооноос төлөөлөл оруулаагүй. Яагаад оруулдаггүйг мэдэхгүй.

Уул уурхайг машин гэж үзэх юм бол хөдөлгүүр нь баяжуулах процесс. Геологиуд нөөц илрүүлж өгөх үйлчилгээ хийсэн, ашиглалтынхан түүнийг олборлох үйлчилгээ үзүүлсэн, механикууд тоног төхөөрөмжийг нийлүүлж, засч, цахилгаанчин цахилгаанаар хангасан. Баяжуулагчид бол хүний хэрэглэж болдоггүй зүйл, худалдаж болдоггүй хүдрийг хэрэглэж, худалдаж болдог баяжмал болгодог. Тиймээс уул уурхайн үйл ажиллагааны гол процесс буюу зүрх нь баяжуулах процесс байдаг. Моторгүй машин хөдөлнө гэж байхгүй.

Бид ядарч, зүдэрч, хэцүүдсэндээ ингэж бачимдаад байгаа юм биш. Төрийн бодлогын цөмийг хааш нь чиглүүлэх вэ гэхээр уул уурхайг муухай харагдуулаад байгаа боловсруулалтын түвшин шинжлэх ухааныхаа хүрсэн түвшингээс доогуур байгаа учраас ард түмэн дургүйцээд байна. Монгол хүн хийж чадах юмаа хийж чадахгүй байгаа учраас, хийж чадах зүйлийг нь булааж аваад өөр хүнд, гадаадынханд өгөөд байгаа учраас ард түмэн дургүй байна. Монгол хүн ажилтай, орлоготой байх ёстой гээд байдаг. Гэтэл боловсруулах үйлдвэрийн түвшинд монгол хүний хийж чадах олон ажил байна. Гэтэл түүнийг хийлгэхгүй тэр хүдрийг зүгээр л вагонд ачаад, Хятадад худалдчихаар дургүй хүрээд байна шүү дээ. Манайд уул уурхайг маш хурдан их мөнгө олдог салбар гэж зоосны нүхээр хараад байна. Энэ нь ард түмэнд таалагдахгүй байгаа. Надад ч таалагдахгүй байна. Үүнийг ЗӨВ хиймээр байна.  

Энэ салбарт боловсон хүчин хэр бэлтгэгдэж байна вэ?

Бэлдэж байгаа. Баяжуулахын мэргэжлээр миний мэдэхийн 6 сургууль мэргэжилтэн бэлтгэж байгаа. 1994 онд Монголд анхны баяжуулагчийг бэлтгэж эхэлсэн юм. Мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо байгаа нь сайн хэрэг. Хэр чанартай байна гэвэл “чанартай” гэж би хэлж чадахгүй. Гол нь тогтолцоондоо байна. Ном, гарын авлага ховор байна.

Ашигт малтмал баяжуулалтын шинжлэх ухааны түвшин Монгол оронд тийм ч сайн биш байна. Дэлхийн түвшинд хүрэх үйл явцыг яаж хурдасгах вэ гэдэг чиглэлээр Ашигт малтмал баяжуулагчдын холбоо Боловсролын сайдад нэг төсөл өргөн барьсан. Тэр нь ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг хөтөлбөрийг жишиг хөтөлбөр болгож хөгжүүлэх төсөл байгаа юм. Дээд боловсролын тогтолцоог сайжруулах, шинэчлэх төслийн хүрээнд бидний төслийг дэмжээд ажил хэрэг болгоод явбал мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоо сайжирч, багш нар чадавхжиж, материаллаг бааз, хөтөлбөр сайжрах сайн үйл болно гэж бид ойлгож байгаа.



Н.Ариунтуяа

         

                

  • олборлон баяжуулагч (122.254.127.80)
    Ойрын хугацаанд хайлуулах үйлдвэр бий болох уу таны санааг дэмжиж байнатолгой дахь баялгаасаа олон хүнд хүртээгээрэй Амжилт хүсье
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Баяжуулагч (202.21.112.186)
    Санал үндсэндээ нэг байна
    2014 оны 10 сарын 14 | Хариулах