Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн банк Хятадын өсөлтийн таамгаа буурууллаа

Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 7.5% байна гэсэн тооцоог өнгөрсөн 7 дугаар сард ОУВС дэвшүүлж байв. Тус улсын өсөлт өнгөрсөн онд 7.7%-тай гарсан юм. Тэгвэл Дэлхийн банк тус улсын 2014 оны өсөлтийн таамгаа бууруулж 7.4% болгожээ. Улмаар ирэх онд өсөлтийн хувь үргэлжлэн буурч 7.2%, 2016 онд  7.1% болж хумигдах ажээ.

Хятадын барилгын салбар он гарсаар өсөлтгүй харин ч буурсаар байгаа бөгөөд мөн аж үйлдвэрийн салбар өнгөрсөн 8 дугаар сард энэ оны 2 дугаар сараас хойшхи хугацаанд анх удаагаа буурсан дүнтэй гарсан юм. Гэхдээ Хятад улс эдийн засгийг эрчимжүүлэх үүднээс багахан хэмжээний арга хэмжээ, тухайлбал жижиг компаниудын татварыг бууруулах, дэд бүтцийн төслийг дэмжих алхам хийж буй ч өсөлтийг чангаах хүчин зүйлс чамгүй их гэдгийг Дэлхийн банк тэмдэглэжээ. Дотоодын хэрэглээг дэмжиж буй Хятад улсын хөрөнгө оруулалт, аж үйлдвэр зэрэг нь орон нутгийн засгийн газрын өр, сүүдрийн банк, үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл, бохирдол гэх мэт шалтгаанаар буурч хумигдаж магадгүй ажээ.

Хятад улсын эдийн засаг энэ жил болон ирэх жилүүдэд буурах тул тус улсын эрэлтэд дулдуйдан хөгжиж буй болон шинээр хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн төлөв ч сайнгүй байх таамгийг тус банк мөн дурджээ.


Б.Төгс