Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

М.Мөнгөнбаяр: Сорьцын тухай хуультай болох хэрэгтэй




Монгол улсад алт хайлж, сорьц тогтоох, үнэт эдлэлийн сорьцыг баталгаажуулдаг цорын ганц байгууллага болох Стандарт хэмжилзүйн газрын  Сорьцын хяналтын хэлтсийн дарга М.Мөнгөнбаяртай ярилцлаа.

Сорьцын хяналтын алба нь ямар үйл ажиллагаа явуулдаг  талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд Стандартчилал,  хэмжилзүйн газар  /СХЗГ/-ын нэг хэлтэс хэлбэрээр ажиллаж байна. Урьд нь  Сангийн яамны дэргэд бие даасан төрийн өмчит аж ахуйн хэлбэртэй ажиллаж байсан. 2009 онд Стандартчилал,  тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор төрийн мэдэлд очсон.  Өөрөөр хэлбэл  СХЗГ-т харьяалагдах болсон. Урьд нь төрийн өмчит аж ахуйн хэлбэртэй байхдаа орлогоороо санхүүждэг байсан бол одоо төсвөөс санхүүжих болсноор  өдөр тутмын шаардлагатай урвалж бодис,  сэлбэг авахаас эхлээд   техникийн шинэчлэл хийхэд хүндрэл үүсч байна. 

Тус хэлтэс нь үнэт металын сорьц тогтоох шинжилгээний  лаборатори, алт хайлах цех, эрдэнийн чулууны лаборатори, үнэт метал, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг баталгаажуулах хэсэгтэй.  Мөн сорьцын хяналтын байцаагч ажиллаж байгаа ба   18 аймагт орон тооны байцаагчид ажиллаж байна.  Сорьцын хяналтын тогтолцоо бүрдсэн гэж ойлгож болно.  Хайлах цехэд аж ахуйн нэгж, хувь хүний олборлосон алтыг хайлж гулдмайлан сорьц тогтоох лабораторид дээж авч олон улсын стандартын   дагуу сорьц тогтоох шинжилгээг хийн акт, баримт бичгийн хамт  Монголбанкинд илгээнэ. Манай үндсэн үйл ажиллагаа  Монголбанкинд найдвартай сорьц нь тогтоогдсон  алтан гулдмайг хүргүүлэх  явдал юм. 

Бидний өөр нэг үндсэн үүрэг гэвэл үндэсний гоёл чимэглэлийн үйлдвэр, аж ахуйн нэгж, дархан, урчуудын үнэт метал,  түүгээр хийсэн бүтээгдэхүүн /алт, мөнгөн эдлэл/-ийн сорьц тогтоох, баталгааны барааны тэмдэг дарах  үйл ажиллагаа.  Өнөөдөр 130 уурхай, 150 гаруй үйлдвэрлэгч, 300 гаруй лангуу эрхлэгч нартай хамтран ажиллаж байна. 

Тус хэлтэс нь техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын байрны нөхцөлийг стандартын шаардлагад нийцүүлэх үүднээс   мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байна.

Хэрэглэгчидтэйгээ илүү ойр байх үүднээс бид Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлаг, Үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн холбоотой нягт хамтран ажилладаг.  Манай алт хайлах хүчин чадал өдөрт 50-60 кг, бүр сайн ажиллавал 100 кг-ийг хайлуулах боломжтой. Гэвч нэг дор олон аж ахуйн нэгж зэрэг орж ирсэн тохиолдолд тэдний алтыг  хайлуулж гулдмайлахын  тулд нэлээд цаг хугацаа шаардагдана. 

“Монполимет”, “Монросцветмет”, “Мондулаан” компанийн  төлөөлөл,  Алт үйлдвэрлэгчдийн холбоод хамтран манай алт хайлах хүчин чадлыг нэмэгдүүлэх саналыг Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Шадар сайдад тавьж  алт хайлах 2-3  зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал, ажлын байрыг нүүлгэн шилжүүлэхэд төсөвт тодотгол хийлгэх саналыг тавьсан  нь ихээхэн  үр дүнтэй ажил болсон. Шадар сайдын зүгээс анхаарал тавьж тодорхой уулзалт, хэлэлцүүлэг  хийснээр төсвийн тодотголоор нийтдээ 570 сая төгрөг тусгаж өгөөд байна.

Алт хайлах зуух, лабораторийн зарим нэг тоног төхөөрөмж  худалдан авах тендерийг зарлаад, дуусах үе шатандаа байгаа. Гэвч тоног төхөөрөмж  нийлүүлэхэд наад зах нь 80  хоног  зарцуулагдах тул энэ жилдээ алт хайлах хүчин чадлаа нэмнэ гэж найдахааргүй болсон. Алт олборлолт 6-10 сар дуустал идэвхтэй  тушаалтын оргил  үе байдаг.

Сорьц тогтоох хэлтсийг шинэ байранд нүүлгэх талаар дурдсанаа дэлгэрүүлж ярихгүй юу?
Тус хэлтэс өнөөдөр стандартын бус барилга байгууламжид үйл ажиллагаагаа  явуулж байна.  Зураг төсөв хийлгэх, агааржуулалтын систем, лабораторийн нөхцөл бүрдүүлэх, барилгын засвар хийхэд 450 гаруй сая төгрөг шаардагдах тооцоо гараад байгаа  юм.  

Танайх үнэт эдлэлд барааны тэмдэг буюу баталгаа олгодог гэж байна. Иргэд үнэт эдлэлийн чанарт эргэлзэх, энэ талаар гомдол гаргасан хэвээр байгаа?
Үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн холбоотой мөнгөн аяганы стандартын төслийг хамтран боловсруулаад Стандартчилалын  техникийн хороонд асуудлыг хэлэлцүүлэхээр өгсөн.  Энэ  стандарт батлагдсан тохиолдолд хэрэглэгчид стандартын орц, хэмжээ, найрлагын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болно.

Хөөрөг, үнэт чулуу зэргийг бид   гэрлийн хугарал, байгалийн бүтэц найрлага, петрографийн зүгээс харьцуулалт хийж тохирлын гэрчилгээ олгодог.  Сорьцын албаны зүгээс өгсөн баталгаатай сорьцтой бүтээгдэхүүнийг  дэлгүүрүүд хулдалдах үүрэгтэй.

Төв банк танайхаар баталгаажсан алтыг тухайн байгууллагаас худалдан аваад цэвэршүүлэх үйлдвэрүүд рүү гадагш нь явуулдаг гэж байна. Энэ үйл явцыг Та илүү дэлгэрүүлэхгүй юу?
Монголбанкны Эрдэнэсийн санг бүрдүүлэх нь бидний үндсэн ажил байдаг. Аж ахуйн нэгж, уурхай, хувь хүний алтыг Монголбанк хүлээж аваад тухайн өдрийн ханшаар худалдан авдаг. Худалдаж авсан алтаа Монголбанк гадаадын гэрээт цэвэршүүлэх үйлдвэр рүү явуулдаг. Тэрхүү үйлдвэрт алтыг цэвэршүүлээд, сорьцыг нь тогтоон Монголбанк руу буцаан илгээнэ. Монголбанк хамгийн сүүлд сорьц тогтоосон  хоёр байгууллагын лабораторийн шинжилгээний сорьцыг нягталж үзээд өөр хоорондоо зөрүүгүй бол Эрдэнэсийн санд  төвлөрүүлнэ. Тэгэхээр энэ үйл явцад үндсэндээ Сорьцын хяналтын алба, Монголбанк, алт цэвэршүүлэх үйлдвэр  гэсэн 3 байгууллага оролцдог гэсэн үг. Хэрэв сорьцын зөрүү стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарвал  Английн “Алекс Стюарт” хөндлөнгийн гэрээт байгууллагаар асуудлыг нягтлуулж шийдвэрлүүлэхээр Монголбанк, Стандартчилал, хэмжилзүйн газар хооронд гэрээ байгуулан 2014 оноос ажиллаж байна. 

Он гарсаар хоёр ч удаа цэвэршүүлэх үйлдвэрт ачилт хийлгэсэн. Ямар нэг сорьцын зөрүүгүй ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд Монголбанкинд иргэдийн зүгээс хольцтой алт тушаагдсан гэсэн асуудал үүсч байсан нь  алтны битүүмжлэл муу байсантай холбоотой гэж үзэж байгаа. Бид одоо битүүмжлэлийг шинэчлэн ажиллаж байна.  

Сорьцын хяналтын хэлтэс  гадаад харилцаагаа сайжруулах нь чухал болов уу. Энэ талд хэр ахицтай ажиллаж байна вэ?
Бид энэ онд Монголбанкны гэрээт алт цэвэршүүлэх үйлдвэр буюу Швейцарийн Металлор цэвэршүүлэх үйлдвэрт  лабораторийн химичдийг  дадлагажуулсан. Дараа нь тус хайлах үйлдвэрийн лабораторийн инженер, Английн Үнэт металын хорооны гишүүн, ISO-ийн үнэт металын техникийн хорооны гишүүн доктор Жонатан Жодри манай байгууллагад   ирж   3 өдрийн сургалт семинар зохион байгуулж, стандартын дагуу шинжилгээ хийх, техник технологийн зарим шинэ арга ажиллагааг зааж таниулсан. 

Женевт төвтэй Олон улсын сорьцын байгууллагад /IAAO/ 37 орны 47 байгууллага гишүүнээр элссэн байдаг. Манай сорьцын байгууллага лабораторийн шинжилгээний ур чадварыг сорих хөтөлбөрт оролцох чиглэлээр элссэн. Энэхүү төв нь гишүүн орнуудын  лабораторын сорьцын шинжилгээний чанар чансааг тодруулахаар дээж илгээж, сорьц тогтоолгож шалгадаг уламжлалтай.   

Олон улсын үнэт металын сорьцын хяналт болон барааны тэмдгийн харилцан хүлээн зөвшөөрөх конвенцид элсэх асуудлыг Засгийн газарт оруулахаар бүх яамны саналыг авч нэгтгээд Шадар сайдад өргөн бариад байна. Энэхүү Конвенцид нэгдэн орсноор тухайн гишүүн орнуудын үйлдвэрлэсэн үнэт метал,  түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг барааны тэмдгийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой. Энэ нь худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгаж, импортын үнэт эдлэл нь олон улсын барааны тэмдэгтэй тохиолдолд дахин шинжилгээ хийж сорьц тогтоох шаардлагагүй. Эргээд хэрэглэгчид найдвартай сорьцтой үнэт эдлэл худалдан  авах нөхцөл  бүрдэнэ.  Мөн манай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, урласан үнэт эдлэлийг гишүүн орнууд шууд хүлээн зөвшөөрнө.

Ингэж олон улсын түвшинд итгэмжлүүлэхийн тулд олон улсын  хүлээн зөвшөөрөгдсөн сорьцын  лаборатори байх шаардлагатай.  

“Бороо гоулд”-ын алтыг тусад нь хайлуулж байгаа гэсэн?
“Бороо гоулд” ХХК нь үндсэн алтны орд тул химийн аргаар боловсруулалт хийдэг. Хамтран ажиллах гэрээний дагуу бид тус компанийн олборлосон  алтыг үйлдвэр дээр нь байцаагчийн хяналт  дор хайлуулж байгаа. Химийн болон электролизийн аргаар тэд алтаа олборлодог. Тус компанийн Тогтвортой байдлын гэрээ дуусаад, 2014 оноос  Монголбанкинд тушааж байгаа юм.

Олборлосон алтыг тэнд нь гулдмайлж байгаа нь цаг хугацаа хэмнэхээс гадна технологийн асуудалтай холбоотой. Тэднийх Канадын Actlab болон манай Сорьцын албанд алтаа зэрэг шинжлүүлж байгаа.
Харин “Оюутолгой”-н алтны хувьд баяжмал дотроо хамт экспортлогдож буй тул манайд алт нь ирдэггүй. Геологийн төв лаборатори  эрдэнэсийн агуулгыг нь  хянах үүрэгтэй  гэж ойлгож байна.  

Өөр ямар багаж төхөөрөмж нэн шаардлагатай байна вэ?
Сорьц тогтоож шинжлэх тоног төхөөрөмжөө илүү сайжруулах шаардлага байна. Одоо зөвхөн  химийн сонгодог аргаар буюу жингийн аргаар сорьц тогтоож байгаа нь хангалтгүй,  багажит анализыг шинээр нэвтрүүлэх  шаардлагатай.  Бүтээгдэхүүний сорьцыг  тогтоох рентгенофлоуресценци багаж  хэрэгтэй.

Одоо  бидний шинжилгээний хүрээ зөвхөн алт, мөнгө тогтоох байдлаар хязгаарлагдаж байна шүү дээ. Уг нь хайлуулсан “бохир” алтны гулдмайнд цайр, зэс, молибден, хар тугалга, газрын ховор элемент зэрэг эрдэс агуулагдаж   болдог. Эдгээр нь  үнэтэй метал шүү дээ. Эдгээрийг нарийвчлан  шинжлэх багаж төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 40-50 сая төгрөг байдаг.

Сорьцын хяналтын хууль эрх зүйн орчин ямар байна вэ?
Сорьцын тухай хууль байхгүй. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэг заалт бий.   Олон улсын конвенцид элсэхэд хууль эрх зүйн орчин тодорхой байхыг шаарддаг. Одоохондоо Засгийн газрын баталсан “Монгол улсын сорьцын хяналтын дүрэм”, “Үнэт металын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам” болон бусад дүрэм журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Ярилцсан Б.Төгсбилэгт