Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Энэ онд багтааж нутаг дэвсгэрийн 20%-д хайгуулын лиценз олгоно





С. Болд-Эрдэнэ

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил ямар байдалтай байна вэ? Хэчнээн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар тооцоо судалгаа гарсан уу?

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-аар батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх ажил нэлээд эрчимтэй явж байна. Хамгийн түрүүнд нэн яаралтай хийх ажил нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг зарчмын хувьд шинэлэг, олон улсын жишигт нийцсэн байдлаар хуульд тусгасан. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох, ер нь геологи уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж болох талбайг ялган тогтоож, улс орны эдийн засаг, нийгэм, хөгжлийн чиг хандлага, дэд бүтцийн бүтээн байгуулалт, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэтэй уялдуулан, төлөвлөгөөтэйгээр судалгаа шинжилгээний үндсэн дээр суурилан тогтоох ажлыг бид хийж дууслаа.
Долдугаар сарын 28-нд Засгийн газрын хуралдаанаар Монгол улсад ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж болох, ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж болох талбайн солбилцлыг дээрх үндэслэлүүдийг харгалзан нарийвчлан тогтоож, хил заагийг тогтоож өглөө. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон болон хязгаарласан талбай нь нийт нутаг дэвсгэрийн 65 орчим хувийг эзэлж байгаа бол ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж болох талбай 35 орчим хувийг эзэлж байна. Одоо олгочихсон байгаа тусгай зөвшөөрлийн талбай, цаашид тусгай зөвшөөрөл олгож болох талбайн хэмжээ нийлээд ийм хувийг эзэлж байна. Монгол улс геологи уул уурхайн салбарыг хөгжүүлнэ гэж ярих юм бол Монгол улсын нутаг дэвсгэрийн 35%-д ярих нь байна гэсэн үг. Үлдсэн 65%-ийг хамарсан талбайд ямар ч байдлаар геологи, уул уурхайн үйл ажиллагаа явахгүй гэж ойлгох хэрэгтэй.

Нийт нутаг дэвсгэрийн 35%-ийг хамарсан талбайнаас хаана, хэрхэн олгож эхлэх вэ?
Энэ тал дээр нэлээд судалгаа хийж, үндэслэл гаргаж ирэх ёстой. Түрүүний хэлсэн 35%-ийг хамарсан талбайд одоо хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрлийн талбайн эзлэх хэмжээ 7.7% байгаа. Цацраг идэвхит бодис буюу ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай 1.1%, сонгон шалгаруулалтаар олгох талбай нь 6.4 хувийг эзэлж байна.
Сонгон шалгаруулалтаар олгох талбай гэж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, эсвэл геологийн судалгаа хийгээд хэтийн төлөв, эрдсийн хуримтлалтай байгааг нь тогтоосон талбайг хязгаарлаад авчихсан байгаа. Энэ талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олговол зөвхөн сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн үг.

Ерөөсөө улсын төсвийн ажил хийгдээгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл өмнө нь олгож байгаагүй хэсэг талбай бий. Нийт нутаг дэвсгэрийн 10.6%-ийг эзлэх хэмжээтэй. Урт нэртэй хууль үйлчлэх талбайтай давхцаагүй, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай юм.

Эхний ээлжинд бид нийт нутаг дэвсгэрийн 20% орчимд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоё. Ингэхдээ нэг дор бүгдийг нь өгчих биш тодорхой үе шаттайгаар олгохоор төлөвлөж байна. Жишээ нь баруун аймгуудад нийт нутаг дэвсгэрийн 2-3%-д эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гээд Засгийн газраас зарлана. Одоо бид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 20%-ийн талбай аймгуудад хуваагдахаар нэг аймагт хэдий хэмжээний талбайд тусгай зөвшөөрөл олгогдох нь вэ гэдгийг тооцож гаргаж байна. Цаашилбал сум тус бүрээр нь гаргана. Ингэхээр тусгай зөвшөөрлийг хаана, ямар хэмжээтэй олгож болох вэ гэсэн нарийн төлөвлөлтийг хийх боломжтой болж байгаа юм.

Тусгай зөвшөөрлийг өмнөх хуульд байсан зарчмын дагуу сонгон шалгаруулалтын журмаар, өргөдлийн журмаар гэсэн 2 зарчмаар олгож байгаа. Хуульд өөрчлөлт орсноор өөрчлөгдсөн нэг зүйл нь, сонгон шалгаруулалтаар олгодог талбайг багасгасан. Өмнө нь төлбөрөө төлөөгүйгээс цуцлагдсан, тодорхой хэмжээний хайгуул хийгээд буцааж өгсөн, хугацаа нь дуусгавар болсон, цуцлагдсан гээд бүгд сонгон шалгаруулалт руу ордог байсан. Хуулийн өөрчлөлтөөр төлбөрөө төлөөгүйгээс цуцлагдсан талбай, хэсэгчлэн болон бүгдийг нь буцааж өгсөн гэсэн 3 төрлийн талбай өргөдлийн журам руу шилжиж байгаа. Ингэхээр өргөдлийн журам буюу хэн түрүүлж ирсэн нь эхэлж авдаг олон улс зарчмаар дийлэнх талбайг олгох боломжтой болно. Багахан хэсэг буюу нийт нутаг дэвсгэрийн 6.3%-ийг хамарсан талбайд улсын төсвөөр геологи, судалгааны ажил хийгдсэн учраас улс мэдээллийг нь үнэлж сонгон шалгаруулалтаар олгох юм. Улс тодорхой ажил хийгээд хэтийн төлөвийг нь тогтоочихсон талбайг хэн түрүүлж ирсэнд нь өгнө гэхээр зохимжгүй. Орон нутгаас санал авдаг, хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах процедур өмнөх хуулийнхаа дагуу байгаа. Өөрчлөгдсөн зүйлгүй. Нэг шинэлэг зүйл байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээж авах процедурыг цахим хэлбэрт шилжүүлж байна. Ашигт малтмалын газарт хүлээж, дараалал үүсгэдэг байдлыг арилгаж, тусгай зөвшөөрөл хүссэн компаниудын мэдээллийг онлайнаар хүлээж аваад дугаар өгдөг зарчим руу шилжиж байна. Дугаараа авсан компани материалаа бүрдүүлж, хүсэлтээ гаргана гэсэн үг.

Процедурын нэлээд ажил байх шиг байна. Хэзээ талбайгаа зарлах вэ?
Тун удахгүй, ойрын хугацаанд эхний талбайнуудаа зарлана. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал их эмх замбараагүй байсан. Бөөн оочер дугаарлалт болдгоос гадна хаана, хэн, ямар талбай авсан нь тодорхойгүй, давхцал үүсдэг гээд замбараагүй байдаг байсан. Үүнийг цэгцлээд ил тод, ойлгомжтой энгийн болгож, өрсөлдөөний зарчмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож байгаа юм. Энэ бол их том өөрчлөлт шүү.

Эхний ээлжийн талбайг яг хэзээ зарлаж дуусах юм бэ?
Эхний ээлжинд гэдэг нь энэ жилдээ багтааж гэсэн үг. Ондоо багтаан эхний 20%-ийн талбай зарлагдана гэсэн үг. Яагаад бидэнд жаахан хугацаа хэрэгтэй гэхээр Ашигт малтмалын газар өргөдлийг онлайнаар хүлээж авах бэлтгэлээ хангаж, програм хангамжаа боловсруулж байгаа. Түүнээс биш талбайн хэмжээ бол тодорхой болсон. Бид бэлэн.

Нийт нутаг дэвсгэрийн 35%-д геологи, уул уурхайн үйлдвэрлэл явуулах боломжтой. Эхний ээлжинд 20%-д нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гээд ярихаар олон нийт дахиад л газар нутгаа ухах нь, нийт нутаг дэвсгэрийн 35%-ийг сүйтгэх нь гэж ойлгож магадгүй юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн ялгааг хэлж өгөөч?
Нийт нутаг дэвсгэрийн 20% гэдэг нь энэ талбайд ашигт малтмалын хэтийн төлөв байна уу, геологийн тогтоц нь ямар юм бэ гэдгийг судлах зөвшөөрлийг л олгож байгаа хэрэг. Энэ талбайд зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл   олгогдоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл авсан этгээд зөвхөн геологийн судалгааны ажил   хийнэ. Газар ухаад, ашигт малтмал олборлохгүй. Зөвхөн геологи судалгааны ажил хийж мэдээлэл цуглуулна. Тэр мэдээллийн бааз дээрээ үндэслэж цаашид орд болох эсэх нь тодорхой болно. 20%-ийн талбайд хайгуул хийхэд хэдэн хувиас нь ашигт малтмал илрэх, тэднээс хэдэн хувьд нь орд илрэх вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэдэн хувьд нь ашигт малтмалын орд байна вэ гэдгийг мэдэхийн тулд геологи хайгуулын ажил хийж байгаа юм. Магадгүй 20%-иас ердөө 1%-д нь  ашигт малтмалын орд илэрч болно шүү дээ.

Орчин үед геологи хайгуул хийхдээ агаараас судалж байна, цахилгаан болон соронзон геофизикийн аргыг ашиглаж байна. Нөөц тогтоох шаардлагатай үед өрөмдлөгийн ажил хийж байна. Өрөмдлөг гэдэг нь 15-20 см диаметр бүхий цооногоор 100-500 метрийн гүнд өрөмдөж мэдээлэл цуглуулахыг хэлдэг. Гэхдээ бүх талбай дээр өрөмдөнө гэсэн үг бас биш. Өрөмдөх ажил маань асар үнэтэй. Ганц метр өрөмдөхөд 150-200 ам.доллар. Ганцхан цооногт 500 метрийн өрөмдлөг хийхэд ойролцоогоор 75-100 мянган долларын үнэтэй болно гэсэн үг. Нэг ёсондоо геологи хайгуулын ажилд маш их хөрөнгө оруулалт шаарддаг гэсэн үг. Энэ хөрөнгө оруулалт маань Монгол улсад 100% үлддэгээрээ бас давуу талтай байдаг.

Ер нь уул уурхайн салбарын чиг хандлага нь   хэдий чинээ том талбайд геологи, хайгуулын ажил хийнэ төдий хэрээр ашигт малтмалын нөөц байх боломжтой талбайг илрүүлж, тэндээс дэлхийн хэмжээний 1-2 орд нээгдэхэд л тэр том талбайд хайгуул хийсний үр дүн гардаг юм. Ийм зарчмын үүднээс тодорхой талбай дээр хайгуул хийлгэе,  олж авсан мэдээлэл нь бүгд төрд үлднэ. Төр түүнийг хэнд хэрхэн ашиглуулж, олборлуулах вэ гэдгээ өөрөө шийднэ.

Хайгуулын хөрөнгө оруулалтаас 5% орчмыг нь Монгол улс татах боломжтой

Хайгуулын салбарт ордог гадаадын хөрөнгө оруулалт Монголд 100% үлддэгээрээ бусдаас онцлог гэлээ. Энэ салбарын хөрөнгө оруулалт ямар хэмжээтэй байдаг вэ? Тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосноос өмнө болон хориглосны дараа ямар байсан бэ?
Хайгуулын салбарын хөрөнгө оруулалт дэлхийн зах зээлийн эрдэс бүтээгдэхүүний үнэтэй шууд холбоотой. Жишээ нь дэлхийн зах зээл дээр ураны эрэлт нэмэгдэж, үнэ өсөөд байвал ураны хайгуулд хийх хөрөнгө оруулалт нэмэгддэг.

4-5 жилийн өмнө ашигт малтмалын түүхий эдийн эрэлт хэрэгцээ их, түүнийг дагаад үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байлаа. Тухайн үед Монголд хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог байхад хайгуулын хөрөнгө оруулалт нэлээд өссөн байдаг. Жилдээ 200-300 сая ам.доллар гаднаас Монголын хайгуулын салбарт орж ирж эргэлддэг байлаа. Сүүлийн 3-4 жилд уг хэмжээ багасч 100 сая доллар хүрэхтэй үгүйтэй болсон. Оюутолгой гэх мэт томоохон орд дээр нэмэлт хайгуул хийж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орсон. Энэ бүгд нийлээд 100 сая доллар хараахан хүрэхгүй байна. Цаашид хэдий хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орох талаар судалгаа хийж үзсэн.

Дэлхийн хэмжээнд сүүлийн 4-5 жилд хайгуулын ажилд оруулсан хөрөнгө оруулалтыг олон улсын судалгааны байгууллагууд гаргасан байдаг. Нүүрс, уран, төмөр гэсэн ашигт малтмалаас бусад ашигт малтмал буюу алт, зэс, цайр, жонш гэх мэт ашигт малтмалын хайгуулд жилд дунджаар 15-20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгддэг аж. Үүнээс Австрали, Канад хоёр 8%-ийг, Орос 2%, Хятад 3%, Казахстан 3%-ийг нь татдаг гэсэн тооцоо бий. Монгол улс геологийн тогтцын хувьд, одоогоор нээгдээд байгаа ашигт малтмалуудын хувьд хэтийн төлөвтэй, ашигт малтмалын хайгуул хийх бололцоотой гэж үздэг. Тиймээс бид дэлхий дээр эргэлдэж байгаа хайгуулын хөрөнгө оруулалтаас 5% орчмыг нь Монгол улсад татах боломжтой гэж харж байгаа. Ингэж чадвал ойролцоогоор жилдээ 1-2 тэрбум долларыг хайгуулын салбарт татах бололцоотой гэж үзэж байгаа.

Энэ арай өөдрөг төсөөлөл биш үү? Урьд нь нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байхад 200-300 сая доллар байсан бол одоо нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд л хайгуулын тусгай зөвшөөрөл олгох гэж байна шүү дээ?
Өмнө нь нутаг дэвсгэрийн 40%-д нь хайгуул хийж байхад үндсэндээ хайгуулын зардлын доод хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг жижиг компаниуд л ажилладаг байсан шүү дээ. Өнөөдөр бол цаг үе өөр болж байна. Дэлхийн уул уурхайн дундаас том хэмжээний компаниуд хөрөнгө оруулах сонирхол ихтэй болж байна. Мөн Монгол улсын өрсөлдөх чадвар сайжирсан. Манай хууль эрхзүйн салбар тогтвортой өрсөлдөх чадвартай болсон гэж бид үзэж байгаа. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой болсон, Ашигт малтмалын тухай хуулиа шинэчилсэн, Газрын тосны тухай хуулиа шинэчилсэн. Хууль эрхзүйн орчноо дагаад өрсөлдөх чадвар сайтай болсон. Монгол улсын татварын орчин, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр бусад улстай харьцуулахад илт сайжирсан. Ингээд бодохоор бидэнд хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах итгэл төрж байгаа.

Хөрөнгө оруулалт зөвхөн шинээр олгох тусгай зөвшөөрлүүдээр хязгаарлахгүй  одоо хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөл, талбайнууд дээр ч идэвхижих байх?

Тийм. Одоо байгаа талбайнууд дээр царцсан хөрөнгө оруулалт нь нээгдэх юм. Яагаад гэхээр манай өрсөлдөх чадвар сайн, эрхзүйн орчин тогтвортой болж байна. Мөн ашигт малтмалын түүхий эдийн үнэ унаж байсан бол одоо өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ бүхэн биднийг эерэг төсөөлөлтэй болгож байгаа.

106 тусгай зөвшөөрлийн хувьд зарим шаардлага нэмэгдэж байгаа

106 лицензтэй холбоотой журам батлагдсан гэсэн. Яаж шийдвэрлэхээр болсон бэ?
Энэ 106 тусгай зөвшөөрөлтэй холбоотой журам 7 дугаар сарын эхээр батлагдсан. Үүний дагуу Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ажлын хэсэг 106 тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг нэгтгээд сонгон шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, сонгон шалгаруулалтын хороог зохион  байгуулахаар ажиллаж байна. Бэлтгэл ажил нь нэлээд дөхчихсөн байгаа.

106 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн компаниуд ч байгаа шүү дээ? Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод  тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд хохирох уу?
Яг ийм байдлыг харгалзаж үзэж байгаа. Сонгон шалгаруулалтын зарчим нь мэргэжлийн компани байх, мэргэжлийн боловсон хүчинтэй байх ёстой, геологи хайгуулын ажил хийж гүйцэтгэх хөрөнгө, батлагдсан төлөвлөгөөтэй байх гэсэн шаардлага тавигдаж байгаа. 106 тусгай зөвшөөрлийн хувьд зарим шаардлага нэмэгдэж байгаа. Зарим компани хайгуулын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, зарим нь хийх гэж байсан, зарим нь хийгээгүй, үлдсэн нь хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдээлсэн ч баримтаар нотлогдоогүй. Энэ бүхний судалгааг бид гаргачихсан. Хэн нь хэдэн төгрөгийн хайгуулын ажил хийгээд тэр нь ямар баримтаар баталгаажсан юм, хэн нь хөрөнгө оруулалт хийгээгүй юм гээд бүгдийг нь судлаад бэлэн болгочихсон байгаа. Энэ бүгдийг сонгон шалгаруулалт дээр харгалзаж үзнэ.

Үнэхээр хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийсэн компани байх юм бол тэр баталгаажсан хөрөнгө оруулалтын хэмжээг тухайн сонгон шалгаруулалтын үнийн дүнгийн доод хязгаар болгож байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан хуулийн этгээд өөр хэн нэг хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтад өрсөлдөх болбол өмнө нь тухайн талбайд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг хайгуулын ажлын доод хэмжээ, босго үнэ болгоно гэсэн үг. Ингэхээр шинэ компани сонгон шалгаруулалтад оролцвол өмнөх компанийн хийсэн хөрөнгө оруулалтаар тогтоосон босго үнийг давах ёстой. Хэрэв давж чадвал тэр босго үнийн өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид нь олгож, тэр компанийг хохиролгүй болгоно. 106 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан компани үнэхээр мөнгө оруулж, тэр нь баталгаажсан байхад нэг бол тухайн тусгай зөвшөөрлөө өөрөө авна, өөрөө авч чадахгүй байлаа гэхэд босго үнийг авч хохиролгүй болно гэсэн үг.

 

  • Ард (203.91.118.22)
    Мал малчин нь хаачих тухай ярьсангүй Хятад Орос руу зугатаалгах уу
    2014 оны 09 сарын 19 | Хариулах