Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Газрын тосны салбарын тусгай чуулган анх удаа зохион байгуулагдаж байна

Монгол улсын газрын тос болон шатдаг занар, метан хий болох уламжлалт бус газрын тосны салбарын хөрөнгө оруулагчдын “Oil and Oil Shale Mongolia” олон улсын хэмжээний чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.

Энэхүү арга хэмжээ нь Газрын тосны тухай шинэ хууль, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг хуулиуд УИХ-аар батлагдан эрх зүйн орчин шинэчлэгдсэн үед зохион буйгаараа онцлогтой. Эдийн засгийн өндөр ач холбогдолтой газрын тосны салбарынхан тусгайлан анх удаа чуулж байгаа нь энэ юм. Тиймдээ ч төрийн бодлого тодорхойлогчид, аж ахуйн томоохон нэгж, компани, гадаад дотодын хөрөнгө оруулагчид, судлаач эрдэмтэд нэлээд анхааран оролцож, салбарын өнөөгийн хөгжил, эрдсийн нөөц болоод ашиглалтын потенциал, томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж байна.  

“Oil and Oil Shale Mongolia” чуулга уулзалтын нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар үг хэлэв. “Олон жил яригдсан газрын тосны тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар тус салбар дахь хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, эрлийн ажлын гэрээ байгуулах 27 санал ирээд байна. Үүний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүсэлтүүд юм. Газрын тосны салбар нь хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэсэн хэдий ч хууль батлагдсанаас хойш ирүүлсэн саналуудаас үзэхэд газрын тосны салбарт эрх зүйн таатай, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц орчин бүрдэж буйг илэрхийлж байна” хэмээн Уул уурхайн сайд онцоллоо.

Чуулганы эхний өдрийн үдээс өмнө “Газрын тосны салбарт төрөөс баримталж буй бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин”, “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв”зэрэг салбар хуралдаан болов. Арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Уулзалтад газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна, Бритиш газ, Синопек, State oil, Genie Oil зэрэг дэлхийн томоохон компанийн 250 орчим төлөөлөгчид оролцож буй.

Э.Од