Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

MMC-ийн коксжих нүүрсний борлуулалт 13%-иар буурав

Тавантолгойн Ухаахудагт нүүрсний олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж буй Mongolian Mining Corporation энэ оны эхний хагасын санхүүгийн тайлангаа гаргажээ. Тайланд дурдсанаар тус компани оны эхний хагаст 3.29 сая тонн нүүрс олборлосон бөгөөд 3.15 сая тонн нүүрс борлуулжээ. Өөрөөр хэлбэл тус компанийн олборлолтын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.3%-иар буурсан бол борлуулалт нь 0.8%-иар өсчээ. Энэ оны байдлаар тус компани түүхий нүүрс болон угаасан хагас коксжих нүүрсний борлуулалт, экспорт огт хийгээгүй байна. Харин 1.9 сая тонн угаасан сайн чанарын коксжих нүүрс болон 1.25 сая тонн боловсруулсан эрчим хүчний нүүрс тус тус борлуулжээ. Ийнхүү өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад угаасан сайн чанарын коксжих нүүрсний борлуулалт 13%-иар буурсан бол эрчим хүчний нүүрснийх 58%-иар дээшилжээ.

Энэ хугацаанд тус компанийн орлого 192.6 сая доллар, үйл ажиллагааны зардал 172 сая доллар болж орлого, зарлагын хэмжээ өмнөх оныхоосоо 20 гаруй хувиар буурчээ. Түүнчлэн ашгийн хэмжээ 20.4 сая доллартай гарсан нь өнгөрсөн оныхоос даруй 28 орчим хувиар багассан үзүүлэлт ажээ. Ийнхүү санхүүгийн үзүүлэлт хумигдахад нүүрсний үнийн бууралт голлон нөлөөлсөн бөгөөд оны эхний хагаст тус компани нэг тонн нүүрсээ дунджаар 61.1 долларын үнэтэй борлуулсан нь өмнөх оноос 22.8%-иар хямдарсан дүн юм.

Үүнээс гадна Хятад улс оны эхний хагаст нийтдээ 30.9 сая тонн коксжих нүүрс импортолсны бараг тал хэсэг нь Австралид ногдож буй бөгөөд 7.5 сая тонныг нь Монголоос нийлүүлжээ. Үлдсэнийг нь Орос (3.2 сая тн), Канад (3.1 сая тн), АНУ (1.4 сая тн), бусад улс орны нийлүүлэлт (0.7 сая тн) тус тус эзэлжээ. Монголын Хятад руу хийх экспорт өнгөрсөн оныхоос 26%, Австралийнх 13.1%-иар өссөн бол бусад улс орных 25-70%-ийн бууралттай гарчээ.


Б.Төгс