Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Засгийн газар ”Оюутолгой” эрчим хүчний гэрээг үзэглэв

“Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г Засгийн газар болон "Оюутолгой" компани үзэглэлээ. Ирэх хавраас баригдах 450МВт-ын хүчин чадалтай Тавантолгой станцын төслийн хэрэгжилт болон бүтээгдэхүүний худалдан авалтад энэхүү гэрээ нь чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн "Оюутолгой" компанийн эзэмшлийн цахилгаан дамжуулах төв шугамыг төр эзэмших асуудлыг гэрээнд тусгажээ. Ингэснээр Өмнийн говийг цахилгаанаар хангах болон яваандаа эрчим хүч экспортлох боломж нээгдэж буй ажээ.

Энэхүү гэрээнд Засгийн газраас Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, "Оюутолгой" компаниас ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал Крейг Киннел нар гарын үсэг зурсан юм.

"Оюутолгой" төслийн 2 дугаар үе шатны хөрөнгө оруулалтын явц саатаад буй энэ үед уг гэрээг үзэглэсэн нь ихээхэн нааштай хэрэг болж байна. Нөгөөтэйгүүр "Оюутолгой" компани баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, борлуулалт эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд гаднаас эрчим хүч импортолж ашиглаж болох бөгөөд үүнээс цааш дотоодын эрчим хүчээр үйлдвэрлэлээ явуулахаар Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан юм. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөлийг эрчим хүчний салбарт хамтран ажиллах уг гэрээ нь баталгаажууллаа гэж харж болохоор байна. 

Ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай Тавантолгой цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх байгуулгыг шалгаруулах тендерт Японы "Marubeni" болон "Kansai Electric Power", Солонгосын "Daewoo", мөн Солонгос-Францын хамтарсан консорциум "Posco Energy-GDF Suez Energy Asia" эхний байдлаар тус тус шалгараад байна. 

"Оюутолгой"-н үйлдвэрлэл дээд хэмжээндээ хүрэх үед 300 МВт эрчим хүч хэрэглэх төлөвтэй байгаа юм. Цаашдаа Тавантолгой цахилгаан станцыг 600 МВт-ын хүчин чадалтай болгож өргөжүүлэхээр тооцоолсон бөгөөд Тавантолгойн уурхай, Оюутолгой болон Өмнийн бүсийг эрчим хүчээр залгуулах бүрэн боломжтой юм.



Б.Төгс