Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Аспайр, Noble “Нүүрстэй” төслийн хайгуулыг эхлүүлнэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) Хөвсгөлийн Мөрөнгөөс 10 км зайтай орших “Нүүрстэй” коксжих нүүрсний төслийнхөө хайгуулыг ирэх сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг төслийн 60%-ийг эзэмшдэг “Эх говийн чулуу” хамтарсан компанийн 50%-ийг Аспайр өнгөрсөн 6 дугаар сард “Xanadu Mines”-аас худалдаж авсан юм. Ингэснээр “Эх говийн чулуу” компани урьд нь Xanadu болон Noble группын “дундын өмч” байсан бол одоо Аспайр, Noble-ийн адил тэгш эзэмшил бүхий компани болоод буй.

Хайгуулын ажлын хүрээнд эхний ээлжинд нэг бүр нь дунджаар 100 тууш метр гүн бүхий 20 ширхэг өрмийг хайгуулын талбайн хойд хэсэгт тавих юм байна. Ажлын үр дүнд үндэслэн урьдчилсан техник, эдийн засгийн судалгааг хийх аж. Улмаар байгаль орчны судалгаа, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах боломжтой болох юм. Төлөвлөсөн өрөмдлөгийн ажил ирэх 9 дүгээр сар гэхэд дуусч, энэ оны 4 дүгээр улиралд багтаан лабораторийн шинжилгээний дүн гарах аж. Уг хайгуулын ажилд 500 мянган ам.доллар төсөвлөсөн байна. Нүүрстэйн коксжих нүүрсийг ирэх оны сүүлээр ашиглалтад орох Мөрөн-Эрдэнэт чиглэлийн авто замаар, цааш нь боломжит хэрэглэгчид рүү төмөр замаар тээвэрлэнэ. 

Өнөөдрийн байдлаар Аспайр-ын хувьцаа бирж дээр 0.042 австрали долларт хүрч, 10 гаруй хувиар өсчээ.  

Б.Төгс