Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Саусгоби” 1.3 сая тонн нүүрс борлуулжээ

Өмнөговь аймгийн Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Сэндс” компани энэ оны эхний хагас жилд 1.3 сая тонн хагас коксжих болон эрчим хүчний нүүрс борлуулсан байна. 2 дугаар улиралд 910 мянган тонн хагас коксжих нүүрс борлуулсан бол эхний улиралд 390 мянган тонныг борлуулж байжээ.

Мөн эхний хагас жилд 1.2 сая орчим тонн нүүрс олборлосон байна. Тус компанийн толгой компани “Саусгоби Ресурс”-ын мэдэгдэлд “Компани зах зээлийн маш хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна. 2014 оны 2 дугаар улиралд нүүрсний үнэ 1 дүгээр улирлынхаас буурсан” хэмээн мэдээлжээ. Мөн хүчтэй аадар борооны улмаас 6 дугаар сарын 26-нд Овоот толгой уурхайн талбай үерт автаж, үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

Үүнээс гадна компанийн бэлэн мөнгөний болон төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муу байгаа аж. 2013 оны сүүлд 21.8 сая долларын бэлэн мөнгөтэй байсан бол энэ оны 1 дүгээр улирлын төгсгөлд 9.9 сая, 2 дугаар улирлын төгсгөлд 8.8 сая доллар болж буурчээ. “Саусгоби Ресурс”-ын толгой компани “Туркойз Хилл Ресурс” компаниас 10 сая долларын богино хугацаатай эргэлтийн хөрөнгө зээлсэн бөгөөд 3.8 сая долларыг нь аваад байгаа аж. Мөн 2 дугаар улиралд Цагаан толгойн ордоо 2 сая доллараар зарж, татвар хураамж төлсний дараа компанид 1.3 сая доллар үлджээ.

С.Болд