Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрсний үнэ цааш буурах төлөвтэй байна

Коксжих нүүрсний үнэ он гарсаар үндсэндээ 30%-иар буурч, 100 гаруй ам.долларт хүрээд байгаа билээ. Тэгвэл зах зээл дэх таагүй нөхцөл байдал оны сүүл хагаст үргэлжлэхээр байгааг Мacquarie-гийн шинжилгээний баг тайландаа өгүүлжээ. Учир нь Хятадад коксжих нүүрсний хэрэглээ буурч буйн зэрэгцээ дотоодын нийлүүлэлт нэмэгдэж буйг тэд тайлбарлаж буй юм.

Тодруулбал Хятадын нүүрсний гол бүс нутаг Шанси мужид 2013 оноос хойшхи хугацаанд коксжих нүүрсний нийлүүлэлт 60 сая тонноор нэмэгджээ. Ингэснээр Хятадын хувьд коксжих нүүрс гаднаас худалдаж авах хэрэгцээ улам бүр хумигдаж буй юм. Иймд Macquarie Хятадын зах зээл дэх коксжих нүүрсний ойрын жилүүдийн үнийн урьдны таамгаа 16 хүртэлх хувиар бууруулжээ. Тухайлбал энэ оны таамгийг 10%, ирэх оныхыг 16%, 2016 оныхыг 14%-иар тус тус бууруулжээ.

Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний үнэ энэ онд дунджаар 900 юань/тонн, ирэх онд 870 юань/тонн, 2016 онд 950 юань/тонн болох таамгийг Macquarie дэвшүүлжээ. Австрали, АНУ, Канад зэрэг гол томоохон экспортлогчдын нүүрсний үнэ энэ онд дунджаар 127 ам.доллар/тонн, ирэх онд 131 доллар, 2016 онд 150 доллар болох төлөв гаргажээ. Энэ онд Хятадын гангийн үйлдвэрлэл урьд жилийнхтэй харьцуулахад 3.5%-иар өсөх таамагтай байна. Өнгөрсөн жил уг үзүүлэлт 7.6%-тай гарсан юм.

Одоогийн байдлаар Австралийн боомт дээр нэг тонн коксжих нүүрс 101-115 ам.доллар/тонн байна. Харин Японы гангийн үйлдвэрүүд болон Anglo Coal-ын хооронд байгуулсан гэрээнд энэ оны 3 дугаар улиралд нүүрсний үнэ 120 ам.доллар/тонн байхаар заажээ.

 

 

Б.Төгс