Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Замын төлбөр 1 доллар болжээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн авто замын хураамжийг 1 тонныг нь 1 ам.доллар болгож бууруулжээ. “Энержи ресурс” компанийн барьсан уг замыг  өнгөрсөн 2 дугаар сард “Эрдэнэс Монгол” компани барьсан өртөг болох 90 сая долларыг ньтөлж, шилжүүлэн авсан билээ.Уг замын нэг тонн нүүрс тээврийн хураамж 4.8 доллар буюу 6000 гаруй төгрөг байжээ. Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг дэмжих, тээвэрлэлтийн зардлыг бууруулахын тулд “Эрдэнэс Монгол” компани замын хураамжийг ийн бууруулсан байна. Шинэ үнийг 2 дугаар сарын 15-наас мөрдөж эхэлсэн бөгөөд “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компани уг замаар нүүрсээ тээвэрлэж байгаа аж. Харин орон нутгийн өмчтэй “Тавантолгой” ХК шороон замаар тээвэрлэлт хийж байгаа гэнэ.

Замын хураамжийг 1 доллар болгож бууруулснаар экспортлогч компаниудад томоохон дэмжлэг болох бөгөөд тээвэрлэлтийн зардлаас 3.8 ам.доллар хасагдаж байгаа юм. Тухайлбал  “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд хоёр уурхайгаасаа 11 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Эндээс 41.8 сая долларыг тээвэрлэлтийн зардлаас хэмнэх боломжтой болно.

Үүнээс гадна Гашуунсухайт боомтоос Ганцмод боомт хүртэл хил дамнасан 18 км төмөр замыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Хэрэв төмөр зам ашиглалтад орвол машинаар тээвэрлэхэд гардаг 8-9 ам.долларын зардал 2-3 ам.доллар болж буурах юм. Ингэснээр энэ оны сүүлээс Тавантолгойн ордоос нүүрс экспортлогч компаниуд тээврийн зардлаас тонн тутамдаа 8-10 ам.долларыг хэмнэх боломжтой болж байна. Компаниудын хувьд нийт зардлынх нь 40 орчим хувийг тээвэрлэлтийн зардал эзэлдэг юм.



С.Болд-Эрдэнэ