Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Цагаансуваргын ордын асуудлыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуульд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” хэмээн заасан байдаг. Үүний дагуу Цагаансуваргын зэс-молибдений ордын 34 хувийн хувьцааг төр эзэмших тогтоолын төслийг УИХ-д өргөн барьжээ.

Цагаансуваргын ордын нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар. Үүний 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар төр төслийн 34 хувийн хувьцааг эзэмших юм. Энэхүү 350 сая долларыг Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжүүлэх боломжтой хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг онцолсон.

Цагаансуваргын орд нь Эрдэнэтээс 7 дахин, Оюутолгойгоос 30 дахин бага нь нөөцтэй.  6.6 жилд хөрөнгө оруулалтаа нөхөж, 17 жил ажиллахаар ТЭЗҮ боловсруулжээ. Нийт 11 их наяд төгрөгийн борлуулалт хийх бөгөөд 4 их наяд төгрөгийн татвар хураамжийг улс, орон нутагт төлөх юм байна. Үүний тал нь роялтид төлж байгаа төлбөр аж. Ямар нэгэн татварын хөнгөлөлт эдлэхгүй бөгөөд нийт 2.82 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах юм байна.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсний дараа уг асуудлыг хэлэлцэж болохгүй юу? Цагаансуваргын ордод төр хувь эзэмших хэрэг байна уу? 100% үндэсний компани эзэмшиж байхад төр мөнгөгүй, төсвийн орлого тасарч байгаа үед заавал хувьцааг нь эзэмшихгүйгээр явж болдоггүй юм уу гэдэг асуудлыг тавьж байсан юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “УИХ хувь эзэмших эсэхийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Ингэж байж уг төсөл зээлээ аваад бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэх боломжтой тул асуудлыг хуулийн дагуу, яаралтай оруулж ирж байна” хэмээн тодотгосон.

МАК компанийн Дэд ерөнхийлөгч Г.Цогт “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бид Уул уурхайн яамд асуудлаа тавьсан. Бидэнд төрд хувь эзэмшүүлэх сонирхол байхгүй” гэж хэлж байв.

Цагаансуваргын төсөлд өнөөдрийн байдлаар 323 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Үүнээс 200 сая долларыг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлжээ. Нэмж 250 сая долларын зээл авахаар яригдаж байгаа бөгөөд төрийн хувь эзэмшлийн асуудал тодорхой болсны дараа зээлээ авах боломжтой болно хэмээн Г.Цогт Дэд ерөнхийлөгч онцолж байв.

С.Болд-Эрдэнэ

 

  • Зочин (202.55.191.130)
    Ene turuus bolj olon tusul zogsongi bna chadlin hireer huluu jii gedeg shig tatvar aa avad gedse ileed hevtei bh heregtei
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • Oyutan (103.11.193.130)
    Huvi ezemshine yaahhavdee oyutan bi ch Ganhuyagaas deer said hiih yum baina Ene humuusiin tarhi ch shirgeed duussan yum bna l daa ka ka
    2014 оны 05 сарын 28 | Хариулах