Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хятадын аж үйлдвэрийн эрчим төлөвлөснөөс буурав

Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засагтай улс Хятадын аж үйлдвэрлэлийн эрчим дөрөвдүгээр сард ялимгүй өсчээ. HSBC, Markit санхүүгийн байгууллага сар бүр тус улсын үйлдвэрлэлийн эрчмийг судлан гаргадаг юм. Тус улсын үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлтийг харуулдаг Purchasing Manager индекс (PMI) өнгөрсөн дөрөвдүгээр сард 48.1 гарчээ. Энэ нь дөрөвдүгээр сарын урьдчилсан PMI үзүүлэлтээс 0.2 нэгжээр бага дүн юм. Гэхдээ өнгөрсөн гуравдугаар сард сүүлийн найман сарын хугацаан дахь доод үзүүлэлтэд буюу 48-д хүрч байснаас 0.1 нэгжээр өссөн дүн гэдгээрээ өөдрөг мэдээ юм. 

“Үйлдвэрлэл, шинэ захиалга, экспорт, ажлын байрны үзүүлэлтийн хувьд сэргэх хандлагатай болсноо буцаад бүгд буурсан тийм сар байлаа. Энэ нь аж үйлдвэрийн салбар, эдийн засаг бүхэлдээ эрчээ алдаж буйг харуулж байна. Засгийн газар эдийн засгийг буцааж хэвийн байдалд оруулахын тулд бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай” гэж HSBC-ийн ерөнхий эдийн засагч Цү Хонбин хэлжээ. 

Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 7.4%-тай байжээ. Энэ нь сүүлийн 18 сарын хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт ажээ. Тус улсын Засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлт 7.5%-тай байхаар төлөвлөж байгаа ч ихэнх судалгааны байгууллага үүнээс доогуур байна гэж тооцож байна.


Б.Төгс