Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2013

Mining Journal Awards шагналыг гардуулна

Эрдэс баялгийн салбарынхан амсхийх завгүй хөдөлмөрлөсөн нэгэн оныг ардаа үдэж,   хөдөлмөр бүтээлд урин дуудсан нэгэн жилийг угтаж байна. Шинэ хуучин оны зааг торгон мөчид уул уурхайн салбарын Оны шилдгийг шалгаруулж, зарлан хүндэтгэх ёслол болдог билээ. Mining Journal Awards нэрээрээ танигдсан энэхүү нэр хүндтэй арга хэмжээ дөрөв дэх жилийн шалгаруулалтаа хийж, тэргүүлэгчдийг тодруулах гэж байна.

Шагнал гардуулах ажиллагаа “Эрдэс баялаг 2025” хурлын үеэр болно. Уул уурхайн яамнаас салбарын өрсөлдөх чадвар, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор анхны жилдээ зохион байгуулах гэж буй Хэлэлцүүлэг хурал маргааш буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр Best Western Premier-Туушин зочид буудлын Соёмбо танхимд бүтэн өдөр үргэлжлэх юм. Хэлэлцүүлэг хурлын үеэр Mining Journal Awards-ын шилдгүүдийн шагналыг гардуулна.

Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас зохион байгуулдаг хараат бус энэхүү шалгаруулалтад Монгол улсын тэргүүлэгч компаниуд нэр дэвшин өрсөлддөг бөгөөд нэг талаар өнгөрсөн жилийн ажлынхаа үр дүнг дүгнэсэн салбарынхны амжилт, нөгөө талаар Монгол улсын эдийн засаг, техник технологийн дэвшил ямар түвшинд хүрснийг дүгнэн цэгнэх шалгуур болдог билээ.

Арван гурван он эрдэс баялгийн салбарынхны хувьд хямралын хүндхэн цаг үе байсан. Гэвч салбарынхан бэрхшээлийн өмнө гар хумхин суугаагүй. Тэдгээр хөдөлмөрч хамт олны төлөөлөл нь Mining Journal Awards-т нэр дэвшигчид байв. Өмнөх жилийн ахьсан түвшний үзүүлэлтээр өрсөлдөх шалгуурын улмаас хямралын онд Awards-т оролцогчдын тоо харьцангуй цөөрчээ. Гэвч салбарын нэгэн жилийн алдаа оноо, амжилт бүтээлийн шалгуур болдог арга хэмжээнд хямралын жилд бэрхшээлийг сөрж хөдөлмөрлөсөн цөөнгүй бүтээлч хамт олон дэвшсэн юм.

Mining Journal Awards 2013 “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа”, “Шилдэг эко уурхай”, “Шилдэг технологи”, “Хайгуулын шилдэг компани”, “Тогтвортой үйл ажиллагааны үзүүлэлт” гэсэн зургаан номинациар шилдгүүдийг шалгаруулахаа арван гурван оны дунд үеэр зарласан юм.

“Шилдэг уурхай” номинацид Оюутолгой зэс-алтны уурхай, Ухаахудагийн коксжих нүүрсний уурхай, Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхай нэрээ дэвшүүлсэн бол “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацид “Энержи ресурс” компани ганцаараа нэр дэвшжээ. “Эко уурхай” номинацид “Монполимет” групп Тосонгийн алтны шороон ордын уурхайгаа, “Шивээ-Овоо” ХК нүүрсний уурхайгаа, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК Төмөртолгойн төмрийн хүдрийн ил уурхайгаа, ”Оюутолгой” ХХК Оюутолгой зэс-алтны уурхайгаа, “Энержи ресурс” ХХК Ухаахудаг уурхайн цогцолбороо, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК Баянголын алтны шороон ордын уурхайгаа нэр дэвшүүлжээ.

“Шилдэг технологи” номинацид “Эйч Эс И Системс” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийг удирдах программ хангамжаараа, “Вагнер Ази технологи” ХХК S-O-S Шингэний шинжилгээний лабораториороо, “Энержи ресурс” ХХК Ухаахудаг уурхайн цогцолборт нэвтрүүлсэн тэргүүний технологиудаараа, Австрийн “Антриц сэпэрэйшн” ХХК Ухаахудаг уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрт нэвтрүүлсэн хаягдлыг усгүйжүүлэн, шүүгдсэн усыг үйлдвэрт дахин ашиглах технологио нэр дэвшүүлэн өрсөлдлөө.

Хямралын жилд үйл ажиллагааны хүрсэн түвшингээ бууруулахгүй, эрсдэлийн менежментийг хамгийн сайн хэрэгжүүлсэн компанийг тодруулах “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид “Вагнер Ази”, “Энержи ресурс” ХХК, “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК өрсөлдсөн юм. 

Харин 2013 онд “Хайгуулын шилдэг компани” номинацид хайгуулын компаниуд нэрээ дэвшүүлсэнгүй.

Эдгээр нэр дэвшигчдээс хэн нь тэргүүлж, шилдэг хэмээн зарлагдахыг Mining Journal Awards-ын шагнал гардуулах мөчид сонирхоорой. Мөн нэр дэвшигчид, тэдгээрийг тэргүүлсэн Шилдгүүдийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ оны анхны дугаараас унших боломжтой.

Энэ жилийн нэр дэвшигч бүхэн ирэх жилийн шилдэг болох болтугай.