Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нөөц тойрсон маргааныг төгсгөл болгоно

Олон улсын стандартад нийцсэн нөөц баялгийн ангилалтай болохын учир  

Манай улс хуучин нийгмийн үед хойд хөршийнхөө хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн ангилал (НБА)-ыг шууд хуулбарлан авч, ашигт малтмалын нөөцөө тогтоож байв. 80-аад төрлийн ашигт малтмалын нөөцийн ангилал, тооцоо бүхий Оросын геологийн тайлан бичих зааврыг ягштал мөрдөн, оросоор тайлангаа бичих явдал шинэ нийгэмд шилжих хүртэл үргэлжилсэн юм. 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталсан. 1998 оноос “Ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын түр заавар” нэртэй журам гарган мөрдөх болсон билээ. Оросыг барьсан хандлагатай, түр нэртэй энэ заавар бүр заавраас ч илүү удаан хугацаанд өнөөг хүртэл оршин тогтнож буй. Геологчид уг зааврыг гаднаас нь харахад барууны хэлбэртэй ч доторхийг нь уншихаар Оросыг хуулчихсан, хэт ерөнхий, ашиглахад хэцүү, будилаантай заавар гэдэг.

Түр заавар гаргах тэр л үеэс олон улсын стандарт, жишигт нийцсэн өөрийн заавартай болох асуудал сөхөгдсөн юм. Нөөц тойрсон төрөл бүрийн маргаан ч тэр цагаас эхэлж, одоо ч эцэс төгсгөлгүй үргэлжилсээр. Үндсэндээ ашигт малтмалын нөөцийн ангиллыг олон улсын стандарт, жишигт нийцүүлэх талаар сүүлийн 15 жил ярьж байна. Ажил хэрэг болгохыг эрмэлзсэн оролдлого ч 2008 оноос хойш хэд хэдэн удаа гарсан байдаг.

Харин 2010 онд салбарын Яам өмнөө ажил хэрэгч зорилт тавьж, нэг жилийн дараа яг энэ асуудлаар олон улсын зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт явуулснаар үйл явц идэвхтэй өрнөх эхлэл тавигдсан юм. Австрали, Герман, Дани, Өмнөд Америк, Монголын 10 компаниас Австралийн “Snowden consulting” компани зөвлөхөөр шалгарсан байна.  

Дээрх зорилтыг ажил хэрэг болгохын тулд манай улс CRIRSCO хэмээх олон улсын байгууллагатай 2011 оноос хамтын ажиллагаа үүсгэж, Лондон хотноо Санамж бичиг зурсан.

CRIRSCO гэж хэн бэ?

CRIRSCO нь Committee for Mineral Reserves International Reporting Standards гэсэн үгсийн товчлол бөгөөд Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хороо юм. Олон улсын нөөц, баялгийн ангилал болон тайлагнах системийг хариуцсан мэргэжлийн энэ байгууллага 1994 онд байгуулагджээ. Бүрэлдэхүүнд нь Австрали, Канад, Англи, Өмнөд Африк, АНУ, Чили багтдаг. Хамгийн сүүлд ОХУ элссэнээр долоон орныг төлөөлж байгаа. Дээрх долоогийн араас Перу, Хятад, Филиппин, Индонези, Турк зэрэг улс элсэх бэлтгэлээ хийж буй. Тэргүүнд нь Монгол улс яваа аж.

CRIRSCO хайгуулын үр дүн, эрдсийн нөөц ба баялгийн нээлттэй тайлан бичих хамгийн доод стандарт тогтоодог. Түүнийгээ тайлан бичих ойлгомжтой удирдамж, зөвлөмжүүдтэй нэгтгэж өгдөг байна. Гишүүн орнуудын тайлан бичих загварууд CRIRSCO-гийн тайлан бичих загварын тодорхойлолтуудтай яг ижилхэн, эсвэл гол чанараараа зөрүүгүй байх ёстой аж.   

CRIRSCO-гийн гишүүн орнууд хамтын гэрээний үндсэн дээр бие биенийхээ стандартыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, CRIRSCO-д улсаа төлөөлдөг Канадын CIM, Aвстралийн Aus IMM зэрэг уул уурхайн том институтууд бие биенээ хүлээн зөвшөөрөх бөгөөд ингэснээр Австралийн ЖОРК, Канадын NI 43-101 стандарт CRIRSCO-гийн гишүүн орнуудад мөн адил хүлээн зөвшөөрөгдөж мөрдөгддөг.   

Хэрвээ Монголын мэргэшсэн байгууллага CRIRS CO-д элсчихвэл тус байгууллагын гишүүн геологич Канадын хөрөнгийн биржид тайлан бичихэд түүнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

Монголын ашигт малтмал тайлагнах зааврыг CRIRSCO-д нийцүүлнэ

CRIRSCO-д элсэхийн тулд Монгол улс хоёр нөхцөл хангах учиртай. Хялбар сонстож мэдэх ч энэ тооны цаана нэг системээс нөгөөд шилжих шилжилтийн том процесс өрнөж буй.

Юуны түрүүнд, CRIRSCO-д элсэх бэлтгэлийг хангахаар Ажлын хэсэг байгуулагджээ. Чамгүй ажил ч амжуулсан гэв. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, мэргэжлийн холбоодыг төлөөлсөн геологич, уулын инженер, эдийн засагч 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт ахалж буй.

Дурдсан хоёр шаардлагын нэн тэргүүнийх нь Монголын ашигт малтмал тайлагнах зааврыг CRIRSCO-д нийцүүлэн бичих. Энэ ажил 100 хувийн биелэлттэй яваа. Монгол улс нөөцийн ангиллаа олон улсын жишгийн дагуу боловсруулан бичиж дууссан бөгөөд түүнийг Уул уурхайн сайдын тушаалаар батлаад байна. Одоо Хууль зүйн яамд бүртгүүлэх шатандаа явж байгааг Ажлын хэсэг хэлэв.   

Монголын туршлагатай, ахмад геологчдын боловсруулсан заавар CRIRSCO-д хамаардаг заавруудад суурилсан төдийгүй Монголынхоо онцлог шинжүүдийг ч тусгасан хэмээн мэргэжилтнүүд ярьж байна. Уг зааврыг Канадын 43-101, Австралийн ЖОРК стандарттай энэ нь ингэж таарна гэсэн дүйцүүлэх бичиг баримтыг мөн боловсруулж байгаа аж.

Ерөнхий зааврын дараа ашигт малтмал тус бүрээр заавар гарна. Тэдгээрийг геологи, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг бэлтгэнэ. “Энэ ажилд зориулан тодорхой хөрөнгийг 2014 оны Улсын төсөвт суулгаад байгаа. Эхний ээлжинд алт, зэс, нүүрс, жонш, шороон орд гэсэн таван төрлөөр заавар хийнэ. 2014 ондоо багтаан нөөцийн заавруудыг боловсруулж дуусна” гэж Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт итгэлтэй хэлж байна.

Заавар төдийгүй ашигт малтмалыг тайлагнах журам, тайлан бичих ойлгомжтой удирдамжийг хамтад нь зохиох ёстойг дээр дурдсан билээ. Тэр ёсоор удирдамжийг ч мөн боловсруулж байгаа агаад энэ нь Монгол Улсын нөөц тайлагнах системийг CRIRSCO-гийн бүлгийн хууль дүрэмтэй зохицуулан, тэдгээрийн системд шилжүүлэн хөрвүүлэхэд тус дөхөм болох ажээ. Удирдамжаас гадаадын мэргэжилтнүүд Монголын нөөцийн талаар тодорхой ойлголттой болох бол Монголын мэргэжилтнүүд CRIRSCO-ийн жишиг, загварын талаар зохих мэдлэг, мэдээллийг олж авах юм.

Үндэсний тайлагнах байгууллагатай болно


Харин хоёр дахь шаардлага нь CRIRSCO-д улсаа төлөөлөх үндэсний тайлагнах байгууллагыг бий болгох. Ийм байгууллагыг олон улсын нэршлээр National Reporting Organization гэх бөгөөд товчлон NRO хэмээдэг. Манайхан Нөөцийн экспертийн үндэсний байгууллага гэж орчуулж байгаа.

Хоёр дахь шаардлагыг хангахын тулд манай улс CRIRSCO-гийн гишүүн байгууллагыг олон улсын жишгээр байгуулах ёстой. Ажлын хэсэг энэ талаар ерөнхий загварчлал, төсөөлөл гаргачихаад байгаа аж. Монголын үндэсний тайлагнах байгууллагыг тэд Mongolian Mineral Resources and Reserves Committee буюу MRC гэсэн нэртэй байж болох юм гэж үзэж байна. Олон улсын байгууллагад гишүүнчлэгдэх учраас нэр, нэршлүүд англи хэлээр, товчилсон үсгийн хураангуйгаар явж байгаа аж.      

MRC нь CRIRSCO-д Монгол улсыг төлөөлөх төдийгүй онцгой чухал үүрэг хариуцлага нь ашигт малтмалыг тайлагнах журам, стандарт, удирдамжийг зохиож, түүндээ хариуцлага хүлээх юм. Тодруулж хэлбэл, CRIRSCO Template дээр суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын нөөц, баялгийг нээлттэйгээр тайлагнах Монголын зааврыг гаргах үндсэн үүрэгтэй.

MRC-ийн төлөөллийн бүтэц хоёр талтай. Тэр нь төрийн байгууллага болон Монгол улсын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага байх аж. Төрийн төлөөллийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Монголын хөрөнгийн бирж, Сургалт судалгааны байгууллагууд бүрдүүлэх бол мэргэжлийнхийг Мэргэжлийн холбоод, Хувийн хэвшил, Сургалт судалгааны байгууллага, Хувь гишүүд бүрдүүлнэ гэсэн ерөнхий төсөөлөл Ажлын хэсэгт бий.

Итгэмжлэгдсэн мэргэжилтнийг хэн итгэмжлэх вэ?  

Мэргэжлийн байгууллагад маш чухал эрх мэдэл бий. Тэр нь CRIRSCO Template дээр суурилсан Монголын заавраар тайлан бичих итгэмжлэгдсэн мэргэжилтнийг бүрэн хариуцахтай холбоотой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Итгэмжлэгдсэн мэргэжилтэн бэлтгэнэ. Итгэмжлэл олгоно. Итгэмжлэгдсэн мэргэжилтний эрх ашгийг хамгаална. Басхүү үүрэг, хариуцлагыг ч давхар үүрнэ. Хуурамч тайлан бичиж, ёс зүйгээ зөрчвөл эрхийг нь цуцална. Эрх нь цуцлагдсаныг нэгдсэн системд мэдэгдэнэ. Эдгээр нь шинэ байгууллагын эдлэх чухал эрх төдийгүй онцгой хариуцлага юм.

Монгол дахь ордууд олон улсын хөрөнгийн зах дээр “моодонд орох цагт” ордуудын тайланг монгол геологчид биш гадныхан бичих болсон билээ. Олон улсын бирж дээрээс хөрөнгө босгохын тулд барууны стандартаар түүнд нь таарсан тайлан бичих ёстой. Тухайн ашигт малтмалаар олон жилийн туршлагатай, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт бүхий итгэмжлэгдсэн лицензтэй геологичдын гарын үсгээр хөрөнгө оруулагч тайланд итгэл хүлээлгэдэг. Монголын нөөцийн ангиллаар бодсон нөөц, хайгуулын ажлын үр дүнг олон улс, хөрөнгийн биржүүд, гадны хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрдөггүй.

Тиймээс талбай дээр дийлэнх ажлыг монгол мэргэжилтнүүд үүрдэг ч тайланд нэр орохгүй явж ирсэн билээ. Монголдоо том ордууд дээр ажилласан туршлага, мэдлэг чадвартай ч харамсалтай нь олон улсад танигдах боломж үгүй байгаа нь монгол геологчдыг үнэгүйдүүлж ирсэн. Үндэслэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн байгууллагын гишүүн биш. Гэтэл Монголын эрдэс баялгийн салбарт мэргэжлийн 20 гаруй холбоо үйл ажиллагаа явуулж байгаа ч өндөр шалгуур давж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нь үгүй байна.   

Үүний тулд Монголд Мэргэжлийн байгууллага байх ёстой. Тэр нь олон улсын байгууллагын буюу CRIRSCO-гийн гишүүн байх ёстой. Мэргэжлийн байгууллагадаа монгол мэргэжилтнүүд гишүүнээр элсэх ёстой. Улмаар түүгээрээ дамжин олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ёстой.

Ингэснээр Монгол улсын нөөцийн ангиллын дагуу бодсон тайлан, нөөцийн үр дүн Австрали, Канадын хөрөнгийн бирж дээр гарлаа гэхэд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм. Үүний цаана хамгийн ололттой нь монгол мэргэжилтнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Монгол хүн, монгол геологчийн бодсон нөөцийг дэлхийн аль ч хөрөнгийн бирж дээр хүлээн авах бололцоо олдох билээ. Энэ нь монгол мэргэжилтнүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх алхам болно.  

Энэ талаар Ажлын хэсэг төсөл боловсруулаад байна. Монголд байгаа мэргэжлийн олон холбоог нэгтгэсэн МГУУИ хэмээх том байгууллага байгуулна. Мэргэжлийн байгууллагыг Монголын геологи уул уурхайн институт (МГУУИ) буюу англиар Mongolian Institute of Geosciences and Mining (MIGM) хэмээн нэрлэх саналтай байгаа.

МГУУИ байгуулагдснаар хэн дуртай нь тайлан бичиж, шинжээч хийгээд явахгүй. Энэ байгууллагын гишүүн болсноор нэг талаасаа эрхээ эдэлнэ. Нөгөө талаасаа үүрэг хариуцлагаа давхар хүлээх систем рүү орно. Тайлангаа бичнэ. Ашиг орлогоо олно. Худлаа тайлан бичиж, хөрөнгө оруулагчийг эрсдэлд оруулах юм бол МГУУИ арга хэмжээ авна. Эрхийг нь цуцална. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

Эцэслэн тогтоогүй ч Итгэмжлэгдсэн мэргэжилтний эхний шалгуурыг 10 жил салбартаа ажилласан дадлага туршлага гэж үзэж байна. Цаашид ямар шалгуур, босго давах ёстойг олон улсын бусад байгууллагын жишгийн дагуу хийх биз.

Жишээ хэлэхэд, Австралийн Aus IMM гэж байгууллага бий. Энэ нь CRIRSCO-д улсаа төлөөлдөг гишүүн байгууллага бөгөөд геологич, уулын инженер, металлург гээд салбарын бүхий л  мэргэжлийнхнийг нэгтгэсэн мэргэжлийн холбоо юм. Итгэмжлэгдсэн мэргэжилтэн болохын тулд эн тэргүүнд тус холбооны гишүүн болох ёстой. Гишүүн болчихоод түүгээрээ дамжуулан итгэмжлэгдсэн мэргэжилтэн болох хүсэлтээ гаргадаг. Итгэмжлэгдэх мэргэжилтэнд тодорхой шаардлагууд тавигдана. Австрали, Канадад бол тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, бие дааж хайгуулын ажил удирдаж байсан зэрэг шаардлага тавигддаг байна.

Монголд хэдийгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн байгууллага байхгүй ч гадны ийм зэрэглэлийн байгууллагын босгыг давсан гурван геологич бий. Тэд олон улсад уул уурхай, геологийн ажил хийх эрхтэй. Сонирхуулахад, тэдний нэг Г.Оюунгэрэл Монголын Засгийн газарт зөвлөж буй “Snowden consulting” компанийн ажилтан бөгөөд Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга юм.   

NRO-ийн гишүүд нь төлөөллөө CRIRSCO-д нэр дэвшүүлдэг.  Нэг байгууллагаас төлөөлөл болж, хоёр хүн CRIRSCO-д суудаг. Хэрвээ Монгол улс CRIRSCO-д гишүүнээр элсвэл    MRC төлөөллийн хоёр хүнээ CRIRSCO-д суулгана гэсэн үг.

Жилд нэг удаа CRIRSCO-гийн гишүүн байгууллагууд уулзаж, тулгарч буй асуудал бэрхшээл, ололт амжилтаа тайлагнадаг уламжлалтай. Ирэх жилийн уламжлалт уулзалтыг Монголд хийх санал CRIRSCO-гоос Б.Баатарцогт даргад иржээ. Аравдугаар сард тохиодог геологчдын баярыг тохиолдуулан CRIRSCO-гийн annual meeting-ийг Монголд хийж болох юм гэсэн санаа Ажлын хэсэгт байгаа аж. Үүнийг Монгол улс хүлээн зөвшөөрөгдөх асуудлаа шийдүүлэх бололцоо хэмээн тэд харж байна.

Эрхзүйн орчин бэлэн үү?  

Дурдсан үйл явцууд Бодлогын төсөлд дараах байдлаар сууж өгсөн юм.

3.1.9. Эрдэс баялгийн, ашигт малтмалын ордын нөөцийг үнэлэх олон улсын стандартад шилжих

3.1.11. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, эрх, үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэх


Батлагдчих болов уу гэж салбарынхан нь ихээхэн найдлага тавин хүлээж буй Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын төсөлд ийм зарчим бий. Төр үүргээ Мэргэжлийн байгууллагад шилжүүлж, хариуцлагыг бас давхар үүрүүлэх энэ концепцийг мэргэжилтнүүд аль эртнээс л хүсдэг, хүлээдэг байсан билээ. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ч ашигт малтмалын орд, түүний судалгаа, нөөцийн чиглэлээр тодорхой заалтуудыг зохих байдлаар тусгасныг мэргэжилтнүүд хэлж байна.   

Гэхдээ Ажлын хэсгийн гаргасан төслийг мэргэжилтнүүдэд танилцуулж, нухацтай ярилцах, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэн, ажил хэрэгч санал санаачилга хүлээж авах ажлууд хийгдэх байх.  Багасгасан хүрээнд хэд хэдэн ч удаа хэлэлцүүлэг хийгдсэн. Хэлэлцүүлгийн дүнд Мэргэжлийн байгууллагын гишүүнчлэл, ёс зүйн дүрэм, санхүүжилт, итгэмжлэгдсэн мэргэжилтэнд тавигдах шалгуур, гишүүнчлэлийн хураамж гээд илүү олон зүйл тодорхой болох болов уу.

Бас энэ асуудал цэгцэрснээр нөөц тойрсон маргаанд цэг тавигдана гэсэн хүлээлт бий.



Н.Ариунтуяа



  • sanaatai_gar (203.169.53.44)
    БАРЬЦААНЫ МОНГОЛЫГ АВНА ЗАРНА Манай төр засгийнхан ер нь эдийн засаг гэдэг зүйлийг нэг л ойлгож өгөхгүй байгаа юм шиг ээ Би ч тэдэнтэй нэг ч их ялгаа алга Гэхдээ зөн совингоороо ч юмуу монголын маань амьдрал нэг л болж өгөхгүй байгааг мэдрээд байх юм Ломбард гэдэг зүйл хэзээ ямар нийгэмд үүсээд манай улсад хэзээ ч орж ирсэн юм хэлж мэдэхгүй ч 1990 оноос хойш нэлээд түгэх болжээ За тэгээд хамгийн том нэгж нь өнөөдрийнхөөр оу-ын Бондын бирж банк банк бус санхүүгийн байгууллага ломбард гэж хувааж болохоор БОНД За энэ зүйл бол ойлгомжтой Манай улс барьцаалагдсан Авсан мөнгөөрөө хөдөөнийхнийг хотруу хүрээд ир гээд зам тавьсан байшин барилга болгосон Өсгөх гэж аваагүй зүгээр л үрчихсэн Гүйцээ Банк Банкний бодлогод зээл олгох асуудал байдаг ч тэр нь бараг л дээрэм шахуу Банк зээл олгохдоо их хүндрэлтэй Олгож байгаа нь зээлийнх нь ихэнх нь уул уурхайд өгдөг Тэд ордын нөөцөө техник хэрэгслээ барьцаанд тавьж зээлдэг Гэхдээ зарим нэг том зээлүүд нь эцсийн дүндээ банк бус санхүүгийн байгуулла
    2014 оны 03 сарын 13 | Хариулах