Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Оюутолгой”-н зэсийн худалдаа гацжээ

“Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэрт өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа ажээ. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүрээнд есдүгээр сарын 18-ны байдлаар нийт 160 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүний 38 мянган тонн баяжмалыг Монгол-Хятадын хилийн боомт Ганцмод руу тээвэрлэсэн бол “Оюутолгой”-н агуулахад 122 мянган тонн бүтээгдэхүүн хадгалагдаж буй ажээ. Хэдийгээр “Оюутолгой”-н зэсийн баяжмалыг аль хэдийнэ экспортолж эхэлсэн гэж буй ч Хятадын гааль дээр худалдаанд гарч чадалгүй гацаад буйг төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources компани албан ёсоор мэдээллээ.

“Оюутолгой”-н зэсийн баяжмалыг Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд худалдахад тус улсын Гаалийн газраас холбогдох зөвшөөрлийг авах ёстой ажээ. Өөрөөр хэлбэл “Оюутолгой”-н баяжмалын орлого одоог хэр нь орж ирээгүй байгааг тус компани тэмдэглэжээ.

Хятадын гаалийн зөвшөөрлийг авах тухайд ажлын явц удаашралтай байгаа ч, асуудлыг аль болох түргэн шийдвэрлэхээр тус компани Хятадын гаалийнхантай хамтран ажиллаж байгаа ажээ.

“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч Turquoise Hill компани цаашид төслийн үйлдвэрлэлийг жигд хэмнэлтэй явуулах боломжтой гэж үзэж буй бөгөөд Хятадын боомтын агуулах дахь Өмнөговийн зэсийн баяжмал ч удахгүй худалдаалагдаж эхэлнэ гэж харж байна.

 

 

Б.Төгс