Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

ОЮУТОЛГОЙН асуудлыг хэрхэн шийдэх вэ?

“Оюутолгой” компанийн бүтээгдэхүүний экспорт хоёронтаа хойшлов. Үүний шалтгааныг хувь нийлүүлэгч хоёр тал бие бие рүүгээ “түлхэж” байна. “Рио Тинто”-гийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр гэсэн тайлбарыг хэвлэлээр   зарласан бол Засгийн газар “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хууль зөрчиж байна гэсэн хариуг барилаа.


Оюутолгойн экспорт эхэлнэ гэсэн мэдээлэл цацагдсанаас   хойш Монгол төдийгүй дэлхий нийтэд томоохон хүлээлт үүсгэсэн. Экспорт эхэлбэл гадаадын хөрөнгө оруулагчид Монголд итгэх итгэл сэргэж, хойш тавиад байгаа хөрөнгө оруулалтаа эргэж харах болно гэсэн итгэл найдварыг Монголын компаниуд тээн суугаа. Нөгөө талд экспортыг эхлүүлбэл олон нийт хэрхэн хүлээж авах бол, сөрөг хүчин, иргэний хөдөлгөөнүүд ямар улс төр хийх бол гэсэн бяцхан “айдас”-тай Засгийн газрын дунд Оюутолгойн экспорт зогсож байна.


Оюутолгойн экспорт хойшилсон шалтгааныг хөндлөнгийн ажиглагчид, эдийн засагчид Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайларлаж байгаа. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж экспортыг эхлүүлбэл өрсөлдөгч болох Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар түүнийг ашиглах нь тодорхой. Ард түмний баялгийг гадаадынханд өглөө гэсэн ширүүхэн шүүмжлэл дагуулж, Ц.Элбэгдоржийн нэр хүнд унах магадлал өндөр юм. Тиймээс ч өрсөлдөгчдөдөө тийм боломж олгохгүйн тулд сонгууль өнгөртөл хойшлуулах нь сонгуульд ялах үндсэн нөхцөл болно хэмээн эрх баригч нам хаширлаа биз ээ.


Харин Уул уурхайн яамнаас үүнийг улс төртэй холбоогүй, “Оюутолгой” компани хууль зөрчсөн гэсэн үндэслэлийг   байгаа юм. “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-дөө танилцуулж, батлуулаагүй болохоор Засгийн газар экспортын нээлтэд оролцох боломжгүй хэмээн үзжээ. Компанийн тухай хуулийн 88.1-т.”Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэсэн заалт байдаг бол 88.2-т “Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхиор шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг. “Оюутолгой” компанийн Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар. Энэ нь их хэмжээний хэлцэлд тооцогдох бөгөөд компанийн ТУЗ-өөр батлуулах ёстой. Харин ноён К.Макрей тэргүүтэй гүйцэтгэх удирдлага Борлуулалтын гэрээг ТУЗ-д танилцуулж батлуулаагүйгээс хэрэг манджээ.


Гэхдээ “Оюутолгой” компани үүнийг арай өөрөөр тайлбарлаж байна. Тэдний зүгээс Борлуулалтын гэрээг ТУЗ, “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс МГЛ” компанид танилцуулах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагц Засгийн газартай Нууцлалын гэрээ байгуулъя гэсэн санал тавьжээ. Ингэх нь ч тодорхой шалтгаантай. Юуны түрүүнд “Оюутолгой” компани жилд нэг сая тонн хүртэл зэсийн баяжмал экспортлох бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-тэй өрсөлдөгч болж байгаа юм. Засгийн газар /Эрдэнэс МГЛ/  нь Монголоос зэсийн баяжмал экспортлох “Оюутолгой” ХХК-ийн 34 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг эзэмшиж байгаа болохоор нэгнийх нь худалдааны мэдээллийг нөгөөд нь дамжуулах, үнэд нөлөөлөх гэх мэт асуудал үүсэх магадлалтай байгаа аж. Тиймээс “Эрдэнэс МГЛ” компани нь эдгээр аж ахуйн нэгжийн бизнесийн нууцыг хадгалах үүрэг хүлээж Нууцлалын гэрээ байгуулах ёстой хэмээн “Оюутолгой” компани үзэж байгаа бололтой.  Учир нь “Рио Тинто” групп олон улсын арбитрын шүүхэд үгсэн хуйвалдсан, өрсөлдөөний тухай гэрээ хэлэлцээрийг зөрчсөн гэх үндэслэлээр дуудагдах магадлалтай тул үүний хамгаалалт болгож Нууцлал хадгалах гэрээг Засгийн газартай байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.  Нууцлал хадгалах гэрээ буюу англиар Non-disclosure agreement  нь олон улсын бизнесийн практикт түгээмэл   гэрээ болохоор энэ тал дээр Засгийн газартай хэл амаа ололцох боломжтой хэмээн үзэж байгаа бололтой. Тиймээс зөвшилцөж, Засгийн газраас итгэмжлэгдсэн хүмүүсээ томилж, “Оюутолгой” компанитай Нууцлалын гэрээ байгуулан, Гэрээг үзүүлэх санал тавьсан гэнэ. Үүний дараа итгэмжлэгдсэн хүмүүсээсээ Гэрээний талаарх мэдээллийг Засгийн газар авч болох аж. Ингэснээр “Оюутолгой” компани худалдан авагч талдаа гэрээний нууцлалыг задруулаагүй гэсэн баталгаа болно хэмээн тооцоолж байгаа бололтой.


Харин Засгийн газрын зүгээс заавал Нууцлалын гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр  Засгийн газрын гишүүд нэгдсэн саналд хүрч чадаагүйгээс Нууцлалын гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Учир нь Хувь нийлүүлэгчдийн гэрээний 17.В-д “Төрийн өмчит компани нь Монгол улсын Засгийн газрыг төлөөлж байгаагийн хувьд Нууцын зэрэглэлтэй мэдээлэл болон өөрийн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай бусад мэдээллийг Монгол улсын Засгийн газарт мэдээлж /задруулж/ болохыг “Айвенхоу”-гийн Хувь нийлүүлэгчид хүлээн зөвшөөрч байна” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компанийн нууцлалтай холбоотой мэдээллийг Хувь нийлүүлэгч “Эрдэнэс Оюутолгой” компани, Засгийн газар мэдэх боломжтой гэсэн үг юм.


Мөн Засгийн газарт заавал Борлуулалтын гэрээг үзүүлдэггүй юм гэхэд Компанийн тухай хуулийн 88.1-д заасны дагуу “Оюутолгой” компани Борлуулалтын гэрээгээ ТУЗ-өөрөө батлуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Компанийн  ТУЗ-д гэрээгээ үзүүлэхгүй, шууд батлуулна гэдэг нь байж боломгүй зүйл. Тиймээс Монгол улсын хууль, Хувь нийлүүлэгчдийн гэрээг  хүндэтгэж үзэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг онцолсон. Энэхүү үл ойлголцлыг компанийн ТУЗ-ийн түвшинд шийдэх бүрэн боломжтой гэж Засгийн газар үзэж байна.


Оюутолгойгоос гарч байгаа зэсийн баяжмалыг хэдээр зарж байгаа вэ гэдгээс үүдэн Борлуулалтын гэрээний асуудал боссон гэхэд болно. Хэдий “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал К.Макрей дэлхийн зах зээлийн үнээр борлуулна гэж мэдэгдэж байгаа ч Монголын тал үүнд итгэхгүй байгаа бололтой. Үнэхээр дэлхийн зах зээлийн үнээр борлуулах юм бол түүнийгээ нуух шаардлага байхгүй хэмээн “Эрдэнэс Оюутолгой” компани үзэж байгаа аж. Нууцална гэдэг нь зах зээлийн үнэ бус, тогтсон үнэ тавьсан байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлнэ. Ингэж хардах болсон шалтгаан ч бий. Өнгөрсөн жил “Оюутолгой” компани Хятадаас эрчим хүч авах гэрээ байгуулах гэж нэлээд ажил болсон. Эрчим хүч авах болсныхоо хариуд Хятадын компанид бага үнээр зэсийн баяжмал нийлүүлж болзошгүй гэнэ. “Оюу­толгой” компани Борлуулалтын гэрээгээ үзүү¬лэхээс цааргалснаас болж энэ мэт   олон хардлага урган гарч  байгаа аж.


Засгийн газар бүр болохгүй бол борлуулалтын орлогоо Монголын банкаар дамжуулахыг шаардсан. “Оюутолгой” компани борлуулалтын орлогоо заавал Монголын банкаар дамжуулах шаардлагагүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд ч Монголын банкаар дамжуулахгүй байж болно гэсэн заалт бийг онцолсон. Хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.3-т “Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулах эрхтэй” хэмээн заажээ. Мөн “Оюутолгой” компани сар бүр 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг Оюутолгой төсөлд зарцуулж байгаа бөгөөд ойрын жилүүдэд зэсийн баяжмалаас олох орлого нь хөрөнгө оруулалтын хэмжээнд хүрэхгүй юм байна.


Борлуулалтын орлогыг Монголын банкуудаар дамжуулна гэвэл бусад компани  ч бас  адилхан дамжуулах ёстой юу гэсэн асуулт   гарч  байгаа юм. “Болд Төмөр Ерөө Гол”, “Цайрт Минерал” гээд гадаадын хөрөнгө оруулалттай нэлээд компани борлуулалтын их хэмжээний орлогоо Монголд оруулж ирдэггүй байхад  зөвхөн “Оюутолгой” руу ингэж дайрах нь ямар учиртай вэ гэх хардлага ч байгаа юм. “Оюутолгой” компанийн борлуулалтын орлогыг Монголын банкуудаар дамжуулах асуудлыг Хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэхээр яригдаж байна.


Оюутолгойн экспорт яагаад эхлэх ёстой вэ?


“Оюутолгой” компанийн экспорт нэн даруй эхлэх нь Хувь нийлүүлэгч талуудад   чухал ач холбогдолтой байгаа. Хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр ч үүнийгээ хоёр тал мэдэгдсэн. Монгол улсын хувьд эдийн засгийн байдал таагүй, экспортын орлого буурч байгаа нь улсын төсөв, гадаад худалдаа, төгрөгийн сулрал гээд олон зүйлд сөргөөр нөлөөлж байна. Энэ жил “Оюутолгой” компани 500 мянга орчим тонн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бөгөөд түүнээс нэлээд хэмжээний татварын орлого улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Коксжих нүүрсний үнэ буурч, түүнээс олох орлого эрс багасч байгаа үед хоёр  дахь “Эрдэнэт”-ийг ашиглалтад оруулж, мөнгө олох нь Засгийн газарт маш их хэрэгтэй.


Үүнээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт 40 орчим хувиар буурсан энэ үед   хөрөнгө оруулагчид Засгийн газрыг анхааралтай ажиглаж байна. Оюутолгойн экспорт төлөвлөсөн хугацаандаа хэвийн эхэлбэл хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нэмэгдэх нь гарцаагүй. Тэд  түр царцаагаад байгаа хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх нь Монгол улсын хувьд нэн чухал. Хөрөнгө оруулалтыг даган Монголын компаниудын үйл ажиллагаа эрчимжих боломжтой.


Гуравдугаарт, дэлхийн зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч байгаа нь Хувь нийлүүлэгч талуудын анхаарлыг ихээхэн татаж байна. Зэсийн үнэ он гарсаар 20 орчим хувиар буураад байгаа бөгөөд цаашид ч буурах хандлагатай   үед эртхэн   баяжмалаа экспортлох нь аль аль талдаа ашигтай юм. Эцсийн дүндээ “Оюутолгой” Монголыг эдийн засгийн хямралаас ээлжит удаагаа аврах гол найдвар болчихоод байна. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж чадсанаар хямралыг богино хугацаанд давсан гэдэг бол энэ удаа экспортыг эхлүүлснээр айсуй хямралаас хамгаалагдана хэмээн эдийн засагчид үзэж байна.



С.Болд-Эрдэнэ