Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Баруун Цанхийн тендерийн ялагч тодроогүй байна

“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн талбай дээр Гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалт зарласан билээ. Уг сонгон шалгаруулалтад материал хүлээн авах хугацаа тавдугаар сарын 31 буюу өнгөрсөн баасан гаригт дуусч, мөн өдөр тендерийг задалсан юм.

Баруун Цанхийн талбайд гэрээт олборлогчоор ажиллах хүсэлтээ гурван нэгдэл гаргажээ. “Монгол 999 үндэсний нэгдэл” ХК “Тавантолгой транс” компанийн нэгдэл, мөн “Хишиг арвин индустриал”, “Монголын үндэсний олборлогч”, “Мера” компанийн Монгол уурхайчид түншлэл, “Абсалют Майнинг”, “Эйбир Дигм Монгол Ласт” , “Монлаа” компаниудын нэгдэл тендерт оролцсон байна. “Абсалют Майнинг”, “Эйбир Дигм Монгол Ласт” , “Монлаа” компаниудын нэгдлийн материалыг шаардлага хангаагүй гэж үзэж хасчээ.

Үлдсэн хоёр нэгдлээс сонгон шалгаруулах аж. Өнөөдрийн зарим өдөр тутмын сониноор Баруун Цанхийн сонгон шалгаруулалтад “Тавантолгой Транс”, “Монгол 999 Үндэсний нэгдэл” тендерт ялсан гэсэн төлбөртэй мэдээ гарсан. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс үгүйсгэж байна. Тус компаниас мэдэгдэж байгаагаар өнгөрсөн баасан гаригт тендерийн материалыг задалсан бөгөөд сонгон шалгаруулалт хуулийн дагуу үргэжилж байгаа аж. Одоогоор аль нэг компани нь шалгараагүй юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани дөрөвдүгээр сарын 23-нд нүүрсний экспортоо эхлүүлсэн. “Чалко”-той байгуулсан гэрээний дагуу Зүүн Цанхийн уурхайгаас олборлож байгаа нүүрсийг “Чалко” компанид борлуулж байгаа. Баруун Цанхийн уурхайд олборлолт явуулснаар уг уурхайгаас гарах нүүрсийг өөр худалдан авагчид борлуулах боломжтой болох юм. Баруун Цанхиас энэ жил хоёр сая орчим тонн нүүрс олборлож экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр компанийн хувьд санхүүгийн хүнд байдлаас богино хугацаанд гарах боломжтой болно.

Баруун Цанхид АНУ-ын “Пибоди Энержи” компанийг Гэрээт олборлогчоор ажиллаж магадгүй гэсэн таамаг байсан. Тус компани энэ удаагийн тендерт оролцоогүй нь тендерийн хугацаатай холбоотой байж магадгүй байна. Гэрээт олборлогчоор ажиллах тендерийн хугацаа нь нэг жил. Тиймээс Баруун Цанхийг сонирхож байсан дэлхийн томоохон компаниуд тендерт оролцоогүй бололтой. Харин тендерт оролцсон компаниуд дан үндэсний компаниуд байна. “Монгол 999 үндэсний нэгдэл” компани бол анх Тавантолгойн ордыг ашиглах сонирхлоо илэрхийлсэн үндэсний компаниудын нэгдэл юм. “Тавантолгой транс” компанийн хувьд жижиг гэсэн тодотголтой Тавантолгойн уурхайд олборлолт явуулдаг. “Ажнай” копорацийн охин компани.

“Хишиг арвин индустриал”, “Монголын үндэсний олборлогч” компаниуд нь Монголд шинээр бий болж байгаа гэрээт олборлогч компаниуд юм. Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийн дагуу гэрээгээр өөрсдийн тоног төхөөрөмжөөр олборлолт явуулдаг. Уг хоёр компанийн тухайд Бороогийн орд, Заамарын орд, Мандахнарангийн ордод олборлолт явуулж байсан туршлагатай, үндэсний компаниуд. Энэ хавар Баруун Цанхийн хөрс хуулалтын тендерт ялж байсан. Тэдэнтэй хамтарсан “Мера” компани нь өрөмдлөг, тэсэлгээний чиглэлээр ажилладаг томоохон компани юм.

С.Болд-Эрдэнэ


  • irgen (122.201.18.56)
    Jijig tavan tolgoigoo ajilluulj chadahgui baij ymar ih shunal ve 999 bol bur tsaashaaolon kompanii mongoor togloson 2-3 nohor
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    Ажнайн Бат-Эрдэнэ болъёоо сайд хүн ингэх гэж
    2013 оны 06 сарын 03 | Хариулах