Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Эрдэнэт үйлдвэр” хамгийн их орлого төвлөрүүлжээ

Их Британийн “Харт Нойрс” групп болон  “Улаанбаатар Аудит корпораци” компанийн хамтарсан консерциум  Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын зургаадугаар тайлан буюу 2011 оны нэгтгэл тайланг энэ оны наймдугаар сард эхэлж 11 дүгээр сард дуусгажээ.  Энэхүү тайланд  ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолт эрхэлдэг 200 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд улсын төсөвт нийт 2,1 их наяд төгрөгийн татвар, төлбөр төлсөн байна. Өөрөөр хэлбэл 2011 оны улсын төсвийн нийт татварын орлогын 60 хувийг ОҮИТБС-ын нэгтгэлийн тайланд хамрагдсан дээрх 200 компани бүрдүүлжээ.

Эдгээр 200 компаниас 2011 онд хамгийн их орлого төвлөрүүлсэн компани нь уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” бөгөөд 546 тэрбум төгрөг,  удаад нь “Оюутолгой” компани 406,5 тэрбум, “Тавантолгой” компани  168,9 тэрбум, “Монголын алт” 149 тэрбум, “Энержи Ресурс” 83 тэрбум, “Саус гоби сэндс” 66 тэрбум, “Петрочайна Дачин Тамсаг” 56 тэрбум, “Болдтөмөр ерөө гол” 40 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын компаниуд олборлох үйлдвэрлэл эрхлээд улсад хэчнээн хэмжээний татвар, төлбөр төлснөө, Засгийн газар тэдгээр компаниудаас хэдий хэмжээний татварын орлого хүлээн авснаа жил бүр тайлагнаж, нийтэд ил тод мэдээлэх гэсэн  зарчимд тулгуурладаг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага нь анх дэлхий дахинаа 2002 оноос, хэрэгжиж эхэлсэн ба Монгол улс уг санаачлагадаа 2006 онд нэгдсэн юм.

                                                                                                                                                                                                                                                                                                     Г.Идэр