Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой” “Пибоди”-г хэлэлцээрт урилаа

Өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн ордын хоёр дахь уурхай буюу Баруун Цанхийн уурхайг нээгээд байсан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани дараагийнхаа алхмыг хийлээ. Компанийн зүгээс Баруун Цанхийн уурхай дээр гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг АНУ-ын “Пибоди Энержи” компанид хүргүүлжээ.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын 2008 оны 40, 2010 оны 39 дүгээр тогтоолуудад “Эрдэнэс Тавантолгой” компанид эхний ээлжинд оператор компаниар олборлолтын үйл ажиллагаааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу Баруун Цанхийн уурхай дээр гэрээт оператор /contract miner/ компанийг ажиллуулах үүднээс өчигдөр “Пибоди Энержи”-д хамтран ажиллах хэлэлцээрт урьсан хүсэлт явуулжээ. Эхний ээлжинд “Пибоди Энержи”-г сонгох болсон шалтгаан нь дэлхийн хамгийн том нүүрсний олборлогч хувийн компани төдийгүй технологийн болоод байгаль орчинд ээлтэй байдлаар дэлхийд тэргүүлэгч компани гэж үзжээ. Хоёр компани ирэх долоо хоногоос хэлэлцээр хийж магадгүй байна.

Уг нь Засгийн газраас Баруун Цанхийн талбай дээр Стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах талаар хэлэлцээр хийж байсан ч түр хугацаагаар зогсоод байгаа. “Пибоди Энержи” Стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээрт оролцож байсан компани. Гэхдээ гэрээт оператор компани нь Стратегийн хөрөнгө оруулагчаас өөр юм. Цаашдаа “Пибоди Энержи” нь Стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээрт оролцох эрх нь нээлттэй үлдэж байгаа аж.

“Пибоди Энержи”-г гэрээт олборлогчоор хамтран ажиллах хэлэлцээрийн ширээнд урьсан нь шууд шалгаруулж байгаа гэсэн үг биш гэнэ. Хэлэлцээр амжилтгүй болбол дараагийн компанийг ч урих боломжтой аж. Ямар ч байсан Баруун Цанхийн уурхайн гэрээт олборлогч компани нь гуравдагч улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани байх бодлогыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага болгож буй аж.




Энэхүү шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх удирдлага бие даан гаргасан байна. Засгийн газар Стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр зогсонги байдалд байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, дотоодын болоод олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд ийм шийдвэр гаргажээ. Баруун Цанхийн уурхай дээр Стратегийн хөрөнгө оруулагчийг оруулах эсэх нь Засгийн газрын түүвшинд шийдэгдэх асуудал гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Энэбиш нэг бус удаа мэдэгдсэн удаатай.

Дашрамд дурдахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш Баруун Цанхийн уурхайг ашиглах хэд хэдэн хувилбарыг дэвшүүлээд байгаа юм. Түүний нэг нь Баруун Цанхийн уурхай дээр Зүүн Цанхийн уурхайтай адил гэрээт олборлогч компанитай хамтран ажиллах бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд компанид илүү өгөөжтэй хувилбар юм.


С.Болд-Эрдэнэ
  • xmm (122.201.18.193)
    thats bad
    2012 оны 10 сарын 17 | Хариулах
  • gar (182.160.7.237)
    naad kompany chin mongoliig hyatadad zarah sonirholtoi kompany sh de udirdlaguud ni dandaa ediin zasgiin tagnuulchid baidag sh de
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • gar (182.160.7.237)
    naad kompany chin mongoliig hyatadad zarah sonirholtoi kompany sh de udirdlaguud ni dandaa ediin zasgiin tagnuulchid baidag sh de
    2012 оны 10 сарын 10 | Хариулах