Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Дэлхийд танил ч Монголд шинэ-“нийгмийн лиценз”

Перу улсын хойд хэсэгт орших “Конга” алт зэсийн томоохон төсөл 2015 оноос үйлдвэрлэлээ эхлэх төлөвлөгөөтэй. Гэвч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас төсөл хэрэгжүүлэгч “Ньюмонт” компани 4,8 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан уурхайгаа хаахад хүрсэн юм. Уул уурхай нь эрсдэлтэй бизнест тооцогддог. Түүний дотроос нутгийн иргэдтэй ойлголцохгүй байх нь хамгийн том эрсдэл гэдгийг дээрх жишээ харуулна. Манай улсад ч гэсэн ижил нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.

Ус бэлчээрийн асуудал тулгамдаж буйн дээр уул уурхайгаас орж ирэх орлого нутгийн иргэдэд наалдацгүй байна гэсэн гомдол иргэдийн дунд бий. Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ-аас “Үр дүнтэй хамтын ажиллагааг хэрхэн төлөвшүүлэх вэ?” сэдэвт бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Хуралд Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүд хамрагдав. Австралийн Куйнсландын Их сургуулийн профессор Дэвид Брэрэтон, “Рио Тинто”*гийн Орон нутгийн харилцаа, нийгмийн асуудал хариуцсан захирал Брюс Харви нар дэлхийн улсуудын туршлага, хариуцлагатай уул уурхайн зарчмууд, түүний шалгуур үзүүлэлтүүдийг танилцуулж, мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгсөн юм.

“Нийгмийн лиценз” гэж ямар ойлголт болохыг Австралийн иргэдээс асуувал түвэггүй хариулна. Харин манайд бол жирийн иргэд байтугай салбарын мэргэжилтнүүд ч төдийлөн сайн мэдлэггүй. Байгалийн баялагийг ашиглах үйл ажиллагаа нь тухайн орон нутгийн иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх учраас тэдэнтэй ойлголцох, хамтран ажиллах нь нэн чухал юм. Тиймээс тухайн нутагт үйл ажиллагаа явуулахын тулд иргэдээс зөвшөөрөл авах, гэрээ байгуулах нь уул уурхай эрхлэгчдийн томоохон ажлуудын нэг байдаг.

Профессор Дэвид Брэрэтоны хэлснээр “нийгмийн лиценз”-ийг авч чадах юм бол компанийн нэр хүндэд сайнаас гадна олон нийтэд зарцуулах зардал буурдаг гэж үздэг аж. “Нийгмийн лиценз”-ийг авахын тулд нутгийн иргэдэд бэлэг тараах, эмнэлэг, цэцэрлэг барьж өгөх нь зөв арга биш. Харин тэдэнд компанийн үйл ажиллагаагаа ил тод танилцуулж, цаашид байгаль орчинд нь ямар нөлөө үзүүлэхийг үнэн шударгаар хэлэх ёстой гэдгийг мөн мэргэжилтнүүд сануулсны дээр компанийн PR, орон нутгийн иргэдтэй харилцах харилцаа хоёрыг ялгаж салгаж ойлгохыг зөвлөсөн.

Монголд үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хэмжээний төсөл гэдэг утгаараа “Оюутолгой” загвар болох учиртай. Оюутолгой “нийгмийн лиценз” авсан эсэхийг “Рио Тинто”-гийн Орон нутгийн харилцаа, нийгмийн асуудал эрхэлсэн захирал Брюс Харвигаас тодруулахад, “Оюутолгой”-д “нийгмийн лиценз” байгаа. Гэхдээ хангалттай сайн гэж хэлж чадахгүй. Үүнийг илүү сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэсэн юм. Дэлхийн томоохон санхүүжүүлэгч байгууллагууд уул уурхайн төсөлд зээл олгохдоо нутгийн иргэдтэй байгуулсан гэрээг шаарддаг. Тэрхүү гэрээ нь тогтвортой үйл ажиллагаа явуулах баталгаа болдог аж.

Манай улсын Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон түүний байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих эрх бүхий төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгон ажиллуулж болно” гэж заасан. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд “Төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж буй хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэсэн заалт бий. Ийн зээлдүүлэгч байгууллагуудаас ч, хууль эрх зүйн хувьд ч орон нутгийн иргэдийг анхаарах, хамтран ажиллахыг шаардаж байгаа учраас уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид нутгийн иргэдтэй ойлголцох, зөвшилцөх, тэдний итгэлийг олоход анхаарлаа хандуулан ажиллах ёстой болж байна.

О.Хосцэцэг



  • http:chingis.mnindex.php?view=product&type=list (103.9.90.2)
    httpchingismnindexphpview=producttype=listfilter=categoryid=73 оны шилдэг уулуурхайн салбар компаниудыг олон нийтийн санал асуулгаар
    2012 оны 12 сарын 10 | Хариулах