Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Австрали нүүрсний роялтийг нэмэгдүүлэв

Нүүрсний олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Австрали улсын Куэнсланд мужийн Засгийн газар нүүрсний роялтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Тус муж нь Австралийн нүүрс олборлолтын гол бүс нутаг юм. Куэнсланд мужид одоогоор нүүрсний роялтийн хувь хэмжээ 10 хувь байгаа бол уг шийдвэрийн хүрээнд 12.5-15 хувь болж нэмэгдэх ажээ. Мужийн Засгийн газрын шийдвэрийн дагуу нүүрсний үнийн 100 ам.доллараас дээших үнийн дүнд 12.5 хувийн татвар, 150 ам.доллараас дээших хэсэгт 15 хувийн роялтийг ногдуулах ажээ.

Куэнсланд мужид BHP Billiton, “Рио Тинто”, “Мицүбиши”, “Экстрата” зэрэг бүхий л шилдэг компаниуд үйл ажиллагаа явуулдаг юм. Мужийн Засаг дарга роялтийн хувь хэмжээг ихэсгэснээр ирэх дөрвөн жилийн хугацаанд төсвийн орлого 1.66 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж үзэж байна. Уг шийдвэрийг зарлахын өмнөх өдөр нь тус мужид нүүрс олборлогч зарим компани уг эрдсийн түүхий эдийн дэлхийн зах зээл дэх үнэ унаж буй учир олборлолтоо бууруулж, ажилчдаа цөөлнө гэдгээ зарлаад байсан юм. Гэвч нөхцөл байдлыг үл харгалзан мужийн Засгийн газар ийн шийдвэрлэжээ. Томоохон олборлогч компаниуд уг шийдвэрт ихээхэн сэтгэл дундуур буй бөгөөд өөрсдийн олох ашгийг нь багагүй хэмжээгээр хорогдуулна гэдгийг мэдэгджээ. Харин мужийн Засгийн газар цаашид роялтийн хэмжээг тогтвортой хадгалах бөгөөд ирэх арван жилийн хугацаанд уг татварын хувийг өөрчлөхгүй гэдгийг батлан мэдэгдсэн байна.  

Б.Төгс