Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Саутгоби Ресорсез”-ийн хувьцаа доод түвшиндээ хүрлээ

Өмнөговьд аймагт нүүрсний хэд хэдэн томоохон төсөл эзэмшиж буй “Саутгоби Ресорсез” компанийн хувьцаа одоогийн байдлаар Хонконгийн бирж дээр (HKG:1878) өглөөний есөн цагийн байдлаар 20.15 хонконг доллар болж буураад байна. Харин Торонтогийн биржид (TSE:SGQ) 2.69 канад доллар болжээ. Тус компани дээрх хоёр биржид бүртгэлтэй бөгөөд одоогийн хувьцааны үнэлгээ нь хувьцаагаа биржид гаргаснаас хойшхи хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм. Энэ жилийн хувьд тус компанийн хувьцаа өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр 7.60 канад долларт хүрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин тэр үеэс хойш 64 хувиар үнэлгээ нь буурчээ.

Хонконгийн бирж дээрх хувьцааны үнэлгээ ч мөн адил оны эхэн үеийнхээсээ 66 хувиар буураад байна. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр тус компанийн хувьцаа Хонконгийн бирж дээр 59.4 хонконг долларт хүрч байсан юм. Гэхдээ Хонконгийн бирж дээр өглөөний 09:40 цагийн байдлаар “Саутгоби”-ийн хувьцаа 21.55 хонконг доллар болж, 4.6 хувиар дээшлээд байгаа бол Торонтогийн бирж дээр өсөлт ажиглагдахгүй байна.

“Саутгоби”-ийн хувьцаа өнгөрсөн оны хоёрдугаар сард хамгийн дээд үнэдээ хүрч байсан бөгөөд Хонконгийн биржид 127 хонконг доллар, Торонтогийн бирж дээр16.56 канад доллар болж өсч байжээ.

“Чалко” “Саутгоби”-ийг худалдаж авах санал тавих болсноо зарлах үеэр тус компанийн хувьцаа одоогийнхоос гурав дахин өндөр үнэлгээтэй байсан юм.

Гэхдээ цаашид нүүрсний зах зээл сэргэж эхэлбэл “Саутгоби”-ийн хувьцаа төдийлөн унахгүй байх боломжтой. Учир нь тус компанийн эзэмшилд нүүрсний үлэмж их нөөц бүхий ордууд байгаа билээ.


Б.Төгс