Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хятадын төрийн өмчийн компани Монголд ураны төсөл хэрэгжүүлнэ

Хятадын төрийн өмчийн “China National Nuclear Corporation (CNNC) компани өнгөрсөн лхагва гаригт Монголын Засгийн газар тус компанийн Монголд хэрэгжүүлэх гэж буй ураны төслийн эхний шатны ажлуудыг хэрэгжүүлэхийг зөвшөөрснийг мэдэгджээ. Энэхүү төсөлд Дорнод аймагт орших Гурванбулаг ураны орд хамаарч буй юм. Уг ордыг 2004 онд Канадын “Western Prospector компани өөрийн эзэмшилдээ авсны дараа 2009 онд “CNNC ордыг эзэмшдэг уг компанийг 25 сая доллараар бүрэн худалдаж авч байжээ. Уг ордын хувьд Дорнод аймагт орших ураны үлэмж нөөцтэй орд болох Дорнодын ураны ордоос баруун зүгт 30 орчим км-ийн алсад оршдог ажээ. Одоогийн байдлаар хийсэн судалгааны тооцоогоор бол Гурванбулаг орд нь 10-15 мянган тонн ураны нөөцтэй ажээ. “CNNC-ийн мэдэгдэлд төслийг хэрэгжүүлж буй компани энэ жил байгаль орчны үнэлгээг боловсруулж эхэлсэн бөгөөд Монголын Ашигт малтмалын хуулийн дагуу олборлолтын өмнөх ажлуудыг гүйцэтгэх гэрээ байгуулахаар Цөмийн энергийн агентлагт мэдэгдэл хүргүүлсэн тухайгаа мэдэгджээ. Уг гэрээний хүрээнд ойрын 3 жилийн хугацаанд ураны төсөл хэрэгжүүлэгч компани төслийн байгаль орчны үнэлгээ, техникийн судалгаа, барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэх ажээ.

Эдийн засгийн урьдчилсан тооцоогоор тус ордын олборлолтын зардал 95 доллар/тонн байна гэж тогтоосон бол дэлхийн зах зээлд одоогийн байдлаар нэг фунт уран 50 долларын үнэтэй байна.

Уг орд нь Монголын Стратегийн ордуудын жагсаалтад багтсан, мөн Дорнодын ураны ордын хажууд оршдог нэлээд баялаг нөөцтэй орд гэдгээрээ онцлог юм. Хятадын хувьд цаашид цөмийн цахилгаан станцын салбарыг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг баримталж буй тул уг ордыг аль эрт эзэмшилдээ авчээ.

Мөн "CNNC" Хятадын төрийн өмчит компанийн төлөвлөгөөний дагуу бол Гурванбулаг ордын олборлолт ойрын 3 жилд эхэлж магадгүй байна.


Б.Төгс