Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Аспайр “Овоот”-ын ашигтай нөөцийг нэмэгдүүлэв

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Овоот” коксжих нүүрсний төслийн ордынхоо ашигтай нөөцийг 178 сая тонн болохыг урьдчилсан байдлаар зарлажээ. Тус компани уг нөөцийг Тавантолгой, Ухаа худагийн дараа орохуйц томоохон баялаг гэж тодотгож байна. “Аспайр Майнинг” компанийн хамгийн гол төсөл болсон “Овоот” коксжих нүүрсний төслийн ордын нөөцийн боловсруулсны дараах гарц нь 82.5 хувьтай тухай компани онцлон тэмдэглэснээс үзвэл энэ нь маш өндөр ашигтай нөөц болох нь тодорхой байна. Учир нь Хятадын болон бусад улс орны коксжих нүүрсний ордын түүхий эдийн боловсруулсны дараах гарц нь дунджаар 60-70 хувьтай байдаг ажээ.

Уг төслийн ордын нүүрсний гарцыг 82.5 хувь гэж тооцвол 178 сая тонн нүүрсийг боловсруулсны дараа 147 сая тонн боловсруулсан нүүрс гарна гэж тооцжээ. Ийнхүү нөөцөө илүү нарийвчилсан байдлаар тогтоосноор тус компани төслийн урьдчилсан техникийн судалгааг боловсруулж дуусгах боломжтой болжээ. Гэхдээ Аспайр 2012 оны хайгуулын ажлын дүнд ордын нийт ашигтай нөөцийг 200 гаруй сая тонн болгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Тус компани уг ордоос жилдээ 15 сая тонн нүүрс олборлохоор зорьж байгаа юм. Үндсэндээ уг төслийн ордод 252 сая тонн ашигтай нөөц байх боломжтойн 62 хувийг нь тус компани ийнхүү баталгаажуулан тогтоогоод буй юм. Уг төслийн хайгуулын талбай нь 500 км квадрат нутгийг хамардаг байна.

Яг одоо тус компанийн нэгж хувьцаа Австралийн бирж дээр 0.160 доллараар худалдаалагдаж буй бөгөөд хувьцааны үнэлгээ нь энэхүү мэдээлэл цацагдсанаар 18.5 хувиар өсчээ. Аспайр-ын ашигтай нөөц нэмэгдэх тусам хувьцаа нь өсөх хандлагатай байна. Өнгөрсөн жилийн өдийд Аспайр “Овоот” төслийнхөө ордын нөөцийг 330 сая тонн гэж зарлаж байсны ердөө 90 гаруй сая тонн нь л баттай ангилалд тооцогдож байсан юм.

Б.Төгс