Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

АЛДАГДСАН ОРДУУДАА АВРАХ ЦАГ ИРЖЭЭ, ГЭХДЭЭ...

Г. Идэрхангай

Гадныхан стратегийн түүхий эдээ төрийн хамгаалалтад авч байна

Эрдэс баялгийн салбар дахь Оросын төрийн бодлого улам чангарчээ. Өнгөрсөн оны сүүлчээр Төрийн Дум хэлэлцэж,  Ерөнхийлөгч Д.Медведевийн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн “Эрдэс баялгийг ашиглах тухай хууль”-д үндэсний шинж чанар агуулсан часхийсэн хэдэн заалт нэмэгдэв.

70 сая тонн газрын тос, 50 тэрбум шоометр байгалийн хий, 10 сая тонн зэс, 70 тонн алтнаас дээш нөөцтэй ордыг Стратегийн ач холбогдолтойд тооцно гэсэн заалт ийнхүү Оросын уудам нутагт хэрэгжиж эхэлжээ. Ю.Трутнев Байгалийн нөөц баялгийн яамны сайд байхдаа Стратегийн ач холбогдолтой гэж үзэх орд газрын нөөцийн хэмжээг багаар тогтоох  зарчмын санал бүхий хуулийн төслийг 2005 оноос өргөн барьсан ч “Шалгуур үзүүлэлт тодорхой бус” гэх шалтгаанаар хойш­логд­соор шинэ оны босгон дээр ирсэн нь энэ.  
   
Стратегийн чухал түүхий эдийг ашиглахад гадаадын хөрөнгө оруулагчдын оролцох боломжийг хязгаарлах нь шинэ хуулийн гол үзэл санаа. Оросын төрийн болон хувийн компаниудын төсөл дээр гадныхан “жижиг түнш”-ийн хэмжээнд л хамтран ажиллах боломжтой. Эхний ээлжинд газрын тос, байгалийн хийн 70 орд төрийн мэдэлд шилжих ёстой хэмээн Байгалийн нөөц, баялгийн яам мэдэгдлээ. Ийнхүү Орос улс ашигт малтмалын салбар дахь үндэсний эрх ашгаа баталгаажуулж авлаа. Зөвхөн Орос ч биш, Норвеги, Африкийн орнуудад ч ийм жишиг бий болоод байна. Эрх чөлөөний орон Америк  гэхэд зэсийн ордыг 5 сая тонноос дээш нөөцтэй бол төрийн мэдэлд авах хатуу босготой. “Америкийн ийм хатуу шалгуурын дэргэд манайх ч зөөлөн шүү” хэмээн Оросын эрх баригчид мэдэгджээ.      

Гадныхны мэдэлд очсон Монголын баялаг

2007 онд батлагдсан УИХ-ын 27 дугаар тогтоол бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн баталгааг байгалийн нөөц баялаг дээрээ тулгуурлаж гаргасан маш том суурь бичиг баримт. Тиймдээ ч тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15, хоёрдугаар хавсралтаар 39 ордыг Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад авч, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоон эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Энэ 54 ордоор тогтохгүй, хэдэн зуун орд  өнөөдөр ямар байдалтай, хэн хэний  мэдэлд  байгааг уншигч Та  анзаарч байгаа.  
Хатуухан хэлбэл  27 дугаар тогтоолын үзэл санаа  гол шугамаасаа  гажиж,  Монголын баялгийг  гадныхан   хөрөнгөжих, мөнгөжих талбараа болгосноос бэлхнээ харагдана.
       
Жишээ 1:  

Сүүлийн хэдхэн жилд “лиценз” хэмээх алга дарам цаасаар стратегийн ач холбогдолтой ордуудыг хувааж, хэсэглээд үндсэн ач холбогдол, үр өгөөжийг нь унагаж орхив. Өмнийн говь нутагт гэхэд 150 орчим километр газар сунаж тогтсон, “хар алт”-ны дээж болох коксжих нүүрсний 12 том орд лицензээр дамжин орж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хяналтад шилжжээ. Ойрмогхны жишээ татъя.  

Нарийнсухайт, Гашуунсухайтын нүүрсний сав газраас тасалж авсан “Саусгоби сэндс”-ийг өнөөдөр 20 гаруй лицензтэй гэдэг. Гэтэл тус компани хувьцааныхаа 57.6 хувийг Хятадын төрийн мэдлийн “Чалко” компанид зарахаар болсныг Монголын нийгэм эмзэглэн хүлээж авлаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн төслийг “түүхий” байсан ч  хамаагүй УИХ-аар батлуулахаар яаравчилж байна.  Нарийнсухайт бол  стратегийн 15 ордын нэг. Монголын төр  баялгаа хамгаалалтад авах цаг болжээ.    


Жишээ 2:

Өнөө хүртэл Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй Төгрөг нуурын нүүрсний орд аль хэдийнэ урд хөршийн  мэдэлд очсон мэдээлэл бий. Эрчим хүчний стратегийн гол түүхий эд, урьдчилсан хайгуулаар 13 тэрбум тонн нөөцтэй  гэж тогтоогдсон энэ том бассейн Төв аймгийн Баян сумын нутагт оршдог. Төвийн бүсийн таван том ордын нэг.  2006 онд Засгийн газрын нууцын зэрэглэлтэй Стратегийн ордын ангилалд багтжээ. Учир нь, Нийслэлийн эрчим хүчний  гол нийлүүлэгч Багануур, Шивээ-Овоогийн нөөц дуусахад Төгрөг нуурын уурхай аминд орох учиртай. Гэтэл Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Хятадын төрийн мэдлийн  “Mongolian investment group”  Төгрөг нуурын ордоос ихээхэн хэмжээний мөнгө босгож байна. Тодруулбал, Хятадын улсын мэдлийн салбаруудад ус хангамжийн системийн үйлчилгээ үзүүлдэг “Mining Hing Waterworks Holdings”  компани  “Монголын хөрөнгө оруулалтын групп” гэж нэрээ өөрчлөөд Төгрөг нуурын ордоос гадна Говь-Алтай, Дундговь, Завханд хайгуулын 10 гаруй  төсөл хэрэгжүүлж байна. Хачирхалтай нь энэ компанитай  үндэсний бизнесмэн, УИХ-ын гишүүн Х.Баттулга  холбоотой ажилладаг гэх мэдээлэл хэвлэлээр тараад байгаа.

Жишээ 3:  

Дорнодын Гурванбулагийн орд мөн л Хятадын төрийн өмчит Цөмийн энергийн корпорацид хувьцааны арилжаагаар шилжсэн. Баруун бүсийн нүүрсний томоохон бассейний нэг хэсэг  Хөшөөт, Увсын Бөхмөрөнгийн нүүрсний орд, Говь-Алтайн хүдрийн орд, Хөвсгөлийн фосфоритын орд, Сүхбаатар аймгийн цайрт минералын орд, Дорнодын  Дачин тамсаг гээд  стратегийн  нэн чухал ач холбогдолтой маш олон орд өнөөдөр  гадаад,  дотоодын аж ахуйн нэгжийн эзэмшилд хэдийнэ оржээ. Цөөн үгээр хэлбэл  Хятад, Канадын компаниудын мэдэлд Монголын стратегийн ордууд 51-100 хувь очсон байна.

Бэрхшээл бий, гэхдээ гарц...

Монголын төрийн өмчит толгой компани “Эрдэнэс МГЛ” стратегийн ордуудын  51 хувийг эзэмших учиртай. Өөрийн харьяа охин компаниуд байгуулах замаар  стратегийн ордуудыг төрд бүртгэж, үйл ажиллагааг нь цэгцлэх үүрэгтэй ч өнөө хэр энэ ажил нь урагшгүй байгааг салбарынхан шүүмжилдэг.

“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой” хоёроос өөр охин компани өнөөхөндөө төрсөнгүй. Төрийн өмчийн хороотой энэ тал дээр хэрхэн уялдаж, ямар ажил өрнүүлж буй нь бүрхэг.  “Нэг л мэдэхэд Төмөртэй уул нүүгээд явчих вий дээ” хэмээн  Төрийн тэргүүн  сэрэмжлүүлсэн  нь нэгийг хэлж, хоёрыг сануулж буй хэрэг биш үү.      

Бороогийн алтны ордын үндсэн нөөц дуусчихсан тул стратегийн ангиллаас хасахаас аргагүй болсныг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Нэг том ордоо алдаж байна. Цаана нь маш олон ордыг ийм хувь заяа хүлээж буй гэхэд хилсдэхгүй.
Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар УИХ-ын 27 дугаар тогтоолд ч, Ашигт малтмалын тухай хуульд ч Стратегийн орд шинээр нээгдвэл хэрхэн бүртгэх талаар заалт огт байдаггүй. Ашигт малтмалын газрынхан  хуулиа бариад, ордуудаа бүртгэж, ангилж ялгая гэхээр яг үүн дээр ирээд л гацчихдаг байна.

Хүчин төгөлдөр  хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуульд “ДНБ-ий 5 хувьтай тэнцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн жагсаалтад бүртгэнэ” гэсэн заалт бий. Гэтэл тухайн ордод үйл ажиллагаа явуулаад хэзээнээс ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хэмжээний баялаг үйлдвэрлэх нь  тодорхой бус. “Саалийн үнээ” гэгдэх “Эрдэнэт” тэргүүтэй хэдхэн үйлдвэр л энэ шалгуурт хүрч байгаа.  Бусад нь бараадахгүй янзтай.  Багцаа тооцоогоор жилдээ дор хаяж 80 тэрбум төгрөгөөс дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж, Стратегийн  ангилалд  багтах юм билээ.

Дээр нь үнэт металын ханш ямагт нэг тоог үргэлж заагаад байхгүй дээшээ доошоо  савлана.  Үүгээрээ бол Монголын ордууд Стратегийн гэх ангилалд нэг бол багтаад, нэг бол хасагдаад байх сөрөг талтай.  Нөгөөтэйгүүр, “Бүс нутгийн хөгжилд нөлөөлөхүйц” гэсэн  уран сайхны тодорхойлолт мэргэжилтнүүдийн толгойг эргүүлдэг.  Бүс нутаг гэж хот, аймаг, сумын алиныг   хэлээд байгаа нь бас л ойлгомжгүй.  Ойлгомжгүй хуулийн заалт олон алдаанд хүргэх эхлэл болж байна.    

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹005  дугаараас уншина уу.