Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Шинхуа: Хэлэлцээрийг сонгуулийн дараа дахин эхлүүлнэ

Хятадын төрийн өмчийн нүүрсний магнат “Шинхуа”-гийн тэргүүн Занг Сивү өчигдөр “Ройтерс” агентлагт “Тавантолгойн Стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээрийг сонгуулийн дараа дахин эхлүүлнэ” гэж мэдээлжээ. Түүнчлэн тэрбээр энэ оны сүүлээр Монголыг Өвөрмонголын Баотоу хоттой холбосон төмөр замын төслийг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа ярьжээ. Энэхүү ажил нь “Шинхуа”-гийн хувьд “Тавантолгой”-гоос “хувь хүртэх” магадлалыг улам баталгаажуулна гэж тус компани үзэж байгаа ажээ.

Тус компанийн удирдлагын энэхүү мэдэгдэл нь Тавантолгойн Баруун Цанхийн Стратегийн хөрөнгө оруулагч сонгуулиас өмнө тодрох магадлалыг улам буурууллаа гэж хэлж болохоор байна. Хятадын тал ч сонгуулийн дараа хэлэлцээр хийсэн нь дээр гэж үзэж буй бололтой. “Шинхуа”-гийн хувьд “Тавантолгой”-н Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт оролцогч талуудаас Хятадын зах зээлд өөрийн гэсэн борлуулалтын сүлжээг бий болгосон, улсдаа компанийн эзэмшлийн төмөр замын дэд бүтэцтэй гэдгээрээ ихээхэн давуу юм.

Харин Монголын нүүрс олон улсын зах зээл рүү гарах тухайд одоо хэр нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь Хятад, Оросын дотоодын төмөр зам дотоодынхоо ачаа тээвэрлэлтийн ачааллыг дийлэхгүй тал руугаа хандаж буйг олон улсын шинжээчид анхааруулдаг. Өмнөд Солонгосоос уг тендерт оролцож буй “Корес”-ын тэргүүн энэ асуудлыг шууд анхааруулж байсан. Одоогийн байдлаар Тавантолгойн нүүрсийг олон улсын зах зээлд гаргаж чадна гэж ярихад хэтэрхий эрт байна.

Б.Төгс