Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

SouthGobi нүүрсний ордоо 30 сая доллараар өгнө

Өмнөговийн “Овоот толгой” хагас коксжих нүүрсний уурхайд олборлолт явуулж буй “SouthGobi Sands” компани өөрийн эзэмшдэг “Цагаан толгой” нүүрсний ордоо зарахаар болсноо мэдээлжээ. “SouthGobi” тус ордоо Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Modun Resources” компанид 30 сая доллараар худалдахаар болжээ. Гэхдээ “Modun Resources” 7.5 сая ам.долларыг бэлнээр, үлдсэнийг нь компанийнхаа хувьцааг SGS-д санал болгох хэлбэрээр худалдааг хийхээр талууд тохиролцжээ.

“Цагаан толгой” орд нь “SGS” компанийн “Овоот толгой”, “Сүмбэр” зэрэг нүүрсний ордоос зүүн тийш 400 гаруй км-ийн алсад оршдог байна.

Хоёр талууд уг тохиролцоог энэ оны зургадугаар сарын 1-н гэхэд эцэслэн батлахаар төлөвлөж буй ажээ. Энэхүү худалдааны үр дүнд, “SGS” компани нь “Modun Resources”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болж буй юм.

“SGS” нь “Цагаан толгой” ордод ашиглалтын 15041А, хайгуулын 7262Х тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байна.

“Мodun Resources” нь  “Цагаан толгой” ордыг худалдаж авснаар Монголд нүүрсний хоёр ч төсөлтэй болох юм. Тус компани нь Төв аймагт урьдчилсан байдлаар 489 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөц бүхий “Нүүрст” төслийнхөө хайгуулын ажлыг хийж байгаа юм.  

Харин “Цагаан толгой” ордын тухайд “Оюутолгой” төсөл болон Даланзадгад хотоос 100 гаруй км-ийн алсад оршдог. Иймд уг ордын нүүрсийг уул уурхайн төсөл болон аймгийн эрчим хүчний хангамжид зориулах бүрэн боломжтой ажээ. Тус ордын нөөцийн тухайд, 2008 онд 36.4 сая тонн нүүрсний нөөцтэйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Гэхдээ энэхүү нөөцийн хэмжээ нь нэмэлт хайгуулын ажлын дүнд багагүй хэмжээгээр өсөх боломжтой юм.

Б.Төгс