Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

МОНГОЛЫН “КЛОНДАЙК” БА АЙДАС

Галт зэвсэгтэй “галзуу” нинжа нар  буюу үндэсний аюулгүй байдал

Яасан хүнээ байчихсан улс вэ, энэ “нинжа” нар гэж зурагт үзэж суусан ээж маань уулга алдаж байх юм. Галт зэвсэгтэй, галзуу догшин  бүхэл бүтэн “нинжа” нарын давхрага харь ертөнцөөс л сонсогдоод байдаг өнөө гайтай “террор”-ыг яг бодит утгаар   Монголд цэцэглүүлж байгааг уншигч та ч гэсэн  анзаарч байна уу. “Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатнууд болон нинжа нар хоорондоо үе үехэн буудалцаж байна”... Энэ бол бидний  зүгээр л сонсож суудаг, чихэнд дасал болох мэдээлэл лав биш ээ. Ганц нэг түмпэн, хүрз зээтүүнээс илүү юмгүй байсан тэд Монгол эх орондоо “зэвсэгт мөргөлдөөн”-ий суурийг тавих вий гэсэн айдас  төрж байх чинь. Африкийн алмааз эрдэнэсээр арвин баялаг олон орныг  ядуу гуйланчлалын тарчигт  өвдөг  сөхрүүлсэн, гайтай  дайны эхлэл ингэж л тавигдсан. Хууль үйлчилдэггүй, зэрлэг газар л гэмт хэрэгтнүүд өөрсдийн дүрэм журмаа хүчээр тогтоодог. Тэдэнд  хүний амь нас гэдэг ширхэг тэвнээс ч үнэгүй.  “Нинжа нар сумын засаг даргыг мод чулуугаар балбан эгээтэй л хөнөөчихсөнгүй”, “Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эзэмшил газар руу дайрч, хамаг эд зүйлсийг нь эвдэн сүйтгэлээ”, “Буудалцаан болж хүний амь үрэгдлээ” ”Хадгаламж банкны сейф хулгайллаа”...  Хар мөртэй, бараан дүрстэй энэ мэт мэдээлэл  нинжа нарын буюу бидний арай соёлтойгоор хэлж заншсан “гар аргаар алт олборлогчид”, “бичил уурхай эзэмшигчид”-ийн  ертөнцөөс  чиг зүггүй нисэн ирэх болов.

“Нинжа” нарыг бөөгнүүлж байгаад лицензээр баталгаажсан хувийн эзэмшил  талбай руу  турхирдаг, зохион байгуулалттай улстөржсөн бүлэглэл  бий болсныг саяхны явдлууд гэрчилнэ. Гэмт хэргийн шинжтэй ийм алхам эцэстээ хүний алтан амь хохирсноор дуусгавар болно. Ашиг хонжооны төлөө юу ч хийхээс буцахгүй “нинжа” нар  магадгүй улстөржсөн бүлэглэлийн зорилгодоо хүрэх хамгийн  хямд хөсөр “тулгуур хүч” болж мэдэх юм.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Нийгмийн хавдар” нийтлэлдээ  “Дөрвөн шалтгаанаас болж хүмүүс гар аргаар ашигт малтмал олборлодог тухай гадаадын нэг мэргэжилтэн надад ярьсан юм. Эдийн засгийн цочрол болон байгалийн гамшгаас болж амьдрах эх үүсвэрээ алдах, амархан хүртэж, түргэн баяжих гэнэтийн боломж гарах, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ажилгүй үедээ түр хугацаагаар ажиллах болон дагнан эрхлэх зэргийг үүнд оруулдаг. Харин Монголд бол дөрвүүлээ байна гэнэ. Тэгээд яах билээ. Ямарч гэсэн гар аргаар алт олборлохыг алга болгох ёстой. Үүнийг хуульчилж болохгүй гээд суугаад байх тусам энэ хавдар улам бүр томорч хортой болон хувирч байна. Энэ утгаараа ямарч арга хэмжээ аваагүй буюу өөрийн үл гүйцэтгэсэн үйлдлээрээ өнөөгийн улстөрчид нинжа нарыг улам өөгшүүлж байгаа учир нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой” гэж бичжээ.  

“Нинжа” нарын  арга ажиллагаа  улам нарийсч, нэгдсэн зохион байгуулалтад орж эхлэв. Шоронгоор “хүмүүжсэн” юм уу, хэнийг юунд ч золиосолж чадах  заль мэхтэй нь “нинжа” нарыг нэг  гал болгож даргалдаг. Тэдгээр гал нь  дотроо хэсэг хэсгээр  нэгтгэн удирддаг хэд хэдэн даргатай.  Түүнийг “Азарга” гэнэ. “Азарга” мэдээж бүхнийг зохицуулна.  Дэлхийд гайхагдсан Чингисийн аравтын системийг Монгол “нинжа” нар  л хамгийн муу хувилбарт  оруулж хэрэглэж байна. Бүтцийн хувьд ингэж нягтаршсан “нинжа” нар хууль сахиулахынхны баргын дайралтыг сөрж чадахаар болжээ.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.