Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

ТУЗ

Урьд нь “Эрдэнэт” гэсэн ганц том үйлдвэр-компанитай байсан Монгол улсад одоо “Эрдэнэт”-ийг хэд дахин нугалах хэмжээний том компаниуд байгуулагдаж эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой” гэхэд нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх хэмжээнийх бол түүний толгой компани “Эрдэнэс Монгол” нь Монголын ашигт малтмалын хамгийн том ордуудын төрийн эзэмшлийн хувийг эзэмшиж буй “акул”.

Үүний хажуугаар Хөгжлийн банк, Хөрөнгийн бирж гэсэн ирээдүйд “саалийн үнээ” болох мөнгөний машинууд бий болсоор. Урьд нь байгаагүй энэ том компаниудыг хэнээр хэрхэн удирдуулах вэ гэдэг асуудал энэ Засгийн газрын “толгойны өвчин” болчихоод байна. Ийм том компани удирдаж байсан туршлага байхгүйгээс олон улсын шилдэг мэргэжилтнүүдийг урьж залах нь зүйтэй гэсэн төрийн бодлогыг олон нийт таашааж байгаа. Хэдий гүйцэтгэх удирдлагад гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг урьж байгаа ч компанийг чиглүүлж, хяналтыг тавьж байх ёстой ТУЗ-ийг байгуулахдаа тийм ч сайн сонголт хийхгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд бий.

Нөгөөтэйгүүр төр нь нээлттэй засаглал, ил тод байдлыг тунхаглаж байхад үүний эсрэг олон нийтээс нуугдах, мэдээллээ ил болгохгүй байх явдал дөнгөж байгуулагдаж байгаа эдгээр компанийн зарим дээр харагдах болов.

Компанийн сайн засаглалын “үнэр”
Монгол улс олон улсын санхүүгийн зах зээлд гарахаар нэгэнт хөдлөөд эхэлчихсөн. Ингэхийн тулд юун түрүүнд компанийн сайн засаглалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч, төр, төрийн бус байгууллагуудын зүгээс энэ талаар тодорхой ажлуудыг хийж байна. Компанийн сайн засаглалыг хөгжүүлснээр тухайн компанийн үйл ажиллагаа нээлттэй ил тод болж, улмаар хөгжин дэвшихийн суурь болдог гэдэг.

Харин манай төрийн өмчит компаниуд компанийн сайн засаглалыг хэрхэн хөгжүүлж байна вэ гэвэл дөнгөж үнэртэх төдий гэхэд хилсдэхгүй. Компанийн тархи болсон ТУЗ-ийг хэрхэн сонгож байгаагаас энэ нь бэлхнээ харагдана. Урьд өмнө төрийн өмчит компаниудын ТУЗ-д хөндлөнгийн хараат бус гишүүн гэсэн ойлголт байсангүй. Өнгөрсөн жилээс л энэ талаар ярьж, ТӨХ-ноос журам гарган түүнийгээ хагас дутуу биелүүлж яваа. Компанийн ТУЗ-ийн гишүүдийн гуравны нэгийг улс төрийн хүчин, төрөөс хараат бус хүн томилно гэсэн компанийн сайн засаглалын зарчмын дагуу зарим томилгоо хийгдсэн. “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банкны ТУЗ-ийг томилохдоо энэ зарчмыг баримталсан бол “Эрдэнэс Монгол” компани дээр огт хэрэгжээгүй. Харин Хөрөнгийн бирж энэ зарчмыг бүр давуулан биелүүлчихээд байгаа. Ямар ч байсан өнгөрсөн онд хийгдсэн зарим төрийн өмчит компанийн ТУЗ-ийн томилгоон дээр хараат бус гишүүд гэдгийг оруулж өгсөн нь сайн талтай. Гэхдээ хараат бус гишүүн томилж байна гээд гудамжинд яваа нэгнийг авчраад томилчихгүйн тулд хараат бус гишүүнийг томилох шалгуурыг гаргаж, томилгоог олон нийтэд ил тод байх үүднээс сонгон шалгаруулалт явуулдаг. Гэвч энэ зарчим манайд огт үйлчлээгүй. “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банк, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилохдоо олон нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалт явуулаагүй. Хараат бус гишүүнийг томилоход тавигдах шаардлагыг ч болхи, ёс төдий хийсээр байна. Дээрх компаниудын ТУЗ-ийн хараат бус гишүүнийг томилохдоо ТӨХ өөрийнхөө үзэмжээр улс төрийн хүрээнийхэнд болоод нийгэмд таалагдах үүднээс хандсан юм.

Үүний зэрэгцээ томилогдож байгаа гишүүд ТӨХ-ны шууд удирдлага дор ажиллах болохоор эрх ашгийн зөрчил үүсэх магадлал өндөр. ТӨХ нэгэнт төрийн хэрэгжүүлэгч агентлаг учир компанийн ТУЗ-ийн гишүүдэд компанийн эрх ашгийн эсрэг ямар нэг байдлаар шахалт үзүүлэхийг байг гэх газаргүй. Энэ үед ТӨХ-ноос томилогдсон гишүүд компанийн эрх ашиг уу, ТӨХ-ны эрх ашиг уу гэсэн шахаанд орж, улмаар компанийн эрх ашгийг хөсөрдүүлэхийг үгүй гэх газаргүй. Энэ бүхэн компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх явц Монголд дөнгөж “үнэр”-ийн төдий байна хэмээн дүгнэхэд хүргэж байгаа юм. ТӨХ-ны дарга Д.Сугар ч УИХ-ын чуулганы саяхны хуралдаан дээр “Компанийн сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх нь одоохондоо манайд арай болоогүй юм шиг байна. Хараат бус мэргэжлийн гишүүдийг томилохын тулд бид 700 орчим хүн хөлслөх шаардлагатай байна” хэмээн үнэнээ өчиж харагдсан. Нөгөө талд төрийг төлөөлж байгаа хүмүүсийг нь харахад гарын 10 хуруунд багтахаар хүмүүс л энэ хэдэн компанид хуваагдаад орчихсон байгаа юм.

Цалингүй ТУЗ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх удирдлагад ажиллах гадаадын мэргэжилтнүүд жилийн 200-300 мянган ам.долларын цалин нэхэж ТӨХ-ныхныг сандаргаж байгаа сураг бий. Харин дээрх компаниудын ТУЗ-ийн гишүүдийн хувьд ямар ч цалингүй ажиллах гэнэ. Уг нь холбогдох журмууд дээр ТУЗ-ийн гишүүдийг хурал тасалбал цалингаас нь хасна гэх мэт заалт байдаг ч өнөөдөртөө төрөөс төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдэд ямар ч цалин олгоогүй гэсэн. Ялангуяа төрийн төлөөлөл болон суугаа яам, агентлагийн албан тушаалтнууд цалингийн талаар яриад ч нэмэргүй аж. Харин хараат бус гишүүдэд бичиг хэргийн зардал, хуралд суусны хөлс гэх мэтээр тав арван цаас “хялайлгадаг” бололтой. Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүд цалинтай ажиллах эсэх дээр мөн л маргаантай байдаг гэнэ. Нэгэнт төрийг төлөөлөн ТУЗ-д гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч төрөөс дахин цалин авах ёсгүй гэж үзэгсэд байхад хийж байгаа ажлынхаа хөлсийг хэн ч бай авах ёстой   гэх нь ч байгаа юм. Ямар ч байсан ТӨХ-ны зүгээс төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдэд цалин цав өгөх талаар гаргасан тодорхой шийдвэр одоогоор алга.

Нууцлагдмал ТУЗ
Дээр нэр дурдсан компаниудын ТУЗ-өөс хамгийн нууцлагдмал байдаг нь “Эрдэнэс Монгол” компанийнх. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн толгой компани гэдгээр нь олон нийт энэ компанийг мэднэ. “Эрдэнэс Тавантолгой”-гоос гадна стратегийн 15 ордын төрийн эзэмшлийн хувийг атгаж байгаа гэдгээрээ Монголын хамгийн том компани. Уг компанийн ТУЗ-д нь ямар хүмүүс багтдагийг олон нийтээс эхлээд УИХ-ын зарим гишүүд хүртэл мэддэггүй. Байгуулагдаад гурван жил болж байгаа ч компанийн албан ёсны цахим сайт дээр компанийн ТУЗ-өөс эхлээд шаардлагатай мэдээллүүд байдаггүй юм билээ. Уг нь төрийн өмчит компаниудаас олон улсын тавцанд гарах гэж буй гэх атлаа олон улсад мөрдөгддөг компанийн сайн засаглалын зарчмуудаас хэрэгжүүлж байгаа нь цөөхөн.

Ямар ч байсан ТУЗ-ийн дарга нь ТӨХ-ны дарга Д.Сугар бол гишүүдэд нь ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган, ТӨХ-ны ТӨХУГ-ын дарга Х.Хэрлэн, АМГ-ын хэлтсийн дарга М.Ариунбаяр, Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Мягмарсүрэн, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар нар багтдаг. Бүгд төрийн албан хаагчид, төрийг төлөөлж байгаа хүмүүс. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-д одоогоор хараат бус бие даасан, олон улсын мэргэжилтэн гэх хүн алга. Тэр бүү хэл уул уурхайн том компанийн ТУЗ-ийн гишүүд дунд ЭБЭХЯ, АМГ-ын төлөөллөөс өөр уул уурхайн салбарын хүн байхгүй нь бүр ч хачирхалтай.


Хэл амтай ТУЗ
Төрийн өмчит компаниудын томилгооноос хамгийн их хэл ам дагуулсан нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийнх. Сонгуулийн амлалтад чирэгдсэн тус компани эхний ээлжинд 20 хувийнхаа хувьцааг иргэд болоод аж ахуйн нэгжүүдэд үнэгүй тараах, нэрлэсэн үнээр борлуулах, олон улсын бирж дээр хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох гээд хамгийн том ачааг үүрч байгаа болохоор цаг хугацаатай уралдаж ажиллахаас өөр аргагүй.

Энэ их ачааг үүрэх компанийн ТУЗ-ийг арай жулдчихав уу даа гэсэн яриа нийгэмд бий. ТУЗ-ийн дарга нь өнөөх ТӨХ-ны дарга Д.Сугар, гишүүдэд нь ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш гэсэн төрийн аппарат дээр Маркшейдерийн холбооны тэргүүн доктор Д.Дондов, АНУ-ын санхүүгийн үйлчилгээний “Морган Стэнли” банкны Питт Бакус, иргэн Ж.Батзандан гэсэн хараат бус гишүүд багтсан.

Д.Сугар даргын хувьд хоёр дахь компанийнх нь ТУЗ-ийн даргын суудал бол О.Эрдэнэбулган, А.Эрдэнэпүрэв нар мөн л хоёр дахь компанийнхаа ТУЗ-д багтаад байгаа нь энэ. ТУЗ-ийн гишүүдээс БОАЖЯ-ны газрын дарга Д.Энхбат, доктор Д.Дондов хоёроос бусад нь зүгээр л “будааны хүүхдүүд” хэмээн шүүмжлэх мэргэжилтнүүд ч байгаа юм. Төрийн өмч гэдэг утгаараа ТӨХ, холбогдох яамдын мэргэжилтнүүд орлоо гэхэд иргэний нийгмийн төлөөлөл болсон Ж.Батзандан энд юугаа хийж яваа юм бол хэмээн гайхах хүн олон байна. Хэдий ТӨХ-ны дарга Д.Сугар “Ж.Батзанданг иргэний нийгмийн том төлөөлөгч гэдэг үүднээс нь сонгосон” гэж байгаа ч мань хүн АН-д элсчихсэн, улс төрийн тогоонд хэдийнэ орчихсон нөхөр.

Дээр нь төрийн эсрэг тэрсэлсэн хэргээр Ганц худагт хоригдож, ардчилсан Ерөнхийлөгчийн ивээлээр ялаас мултарсан ч гэдэг. Хэдий иргэний хөдөлгөөнөөс гарч ирсэн ч өдгөө улс төрийн хүрээнд хамаарах болсон мань хүнийг иргэний нийгмийн төлөөлөл хэмээн сонгох нь хэр зохистойг мэдэхгүй юм. Нөгөөтэйгүүр тус компанийн хараат бус гишүүдийг томилохдоо ТӨХ өөрийнхөө баталсан “Төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ын 1.4-д заасан нээлттэй, өрсөлдөөний зарчмыг баримтална гэдгийг зөрчсөн байх юм. Тус журамд зааснаар бол хараат бус гишүүнийг томилохдоо 21 хоногийн өмнө өдөр тутмын сонин хэвлэлүүдээр зарлаж, саналаа ирүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулах атал ТӨХ өөрийнхөө үзэмжээр Ж.Батзанданг ТУЗ-д урьсан аж. Магад “Эрдэнэс Тавантолгой”-г улстөржүүлэхээс эмээж, сөрөг хүчнээ өөртөө урвуулж байгаа ТӨХ-ны бодлого ч байж мэдэх юм.


“Стандарт бус” ТУЗ

Хамтарсан Засгийн газрын үргэлжлэл төрийн өмчит компаниудын удирдлагад “халдварлаж” байна уу гэлтэй дүр зураг Хөрөнгийн биржийн ТУЗ-д харагдав. Юу гэхээр төрийн өмчит Монголын Хөрөнгийн бирж хувьцаат компанийн ТУЗ-ийн есөн гишүүний долоо нь хараат бус хүмүүс. Ерөнхий сайд С.Батболд Хөрөнгийн биржийг бусад хувьцаат компаниудтай адилтган үзэлгүй, төрийн төлөөллийг түлхүү оруулахгүйгээр салбарын шилдэг мэргэжилтнүүдэд Хөрөнгийн биржийг даатгаснаас энэ салбарыг хөгжүүлэхэд хэр их анхаарч байгаа нь анзаарагдах биз.

Өнгөрсөн жил хэд хэдэн удаа ТУЗ-ийнхөө гишүүдийг өөрчилсөн Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргаар “Ньюком” группын Гүйцэтгэх захирал Б.Болд томилогдсон. Гишүүд нь ТӨХ-ны Тамгын газрын дарга Л.Ганбат, Хаан банкны Зөвлөх Петер Морроу, “Би Эф Эй Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болормаа, Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, АНУ-ын “Морган Стенли” банкны Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгийн зах зээлийн салбарын дарга Жорж Тэйлор, ХБНГУ-ын GTZ байгууллагын Монгол улс дахь зохицуулагч Штефан Ханзэлманн, “Боналекс” ХХК-ийн өмгөөлөгч Н.Цогт, ТӨХ-ны мэргэжилтэн О.Сайнжаргал нар. Өнгөрсөн дөрөвдүгээр сард томилогдсон Сангийн яам, Монголбанк, Банкуудын холбоо зэрэг байгууллагын төлөөлөгчид ТУЗ-ийн гишүүнээс хасагдсанаар төрийг төлөөлөн ТӨХ-ны Тамгын газрын дарга Л.Ганбат, мэргэжилтэн О.Сайнжаргал нар л ТУЗ-д үлдсэн.

Хөрөнгийн биржийн ТУЗ хэдий төрийн төлөөлөл бага, хараат бус гишүүд нь илт давамгайлсан ч гэсэн салбарынхан ам сайтай байгаа. Гадаадад өндөр боловсрол эзэмшиж, олон улсын томоохон банк санхүүгийн байгууллага, компаниудад ажиллаж байсан монгол хүнээс гадна монголчуудын эчнээ танил, Монголын нийгэм, эдийн засгийн талаар шаггүй мэдлэгтэй гадаад эрхмүүд ТУЗ-д нь багтсан болохоор тэр. Тухайлбал ТУЗ-ийн дарга Б.Болд гэхэд АНУ-ын Нью-Йорк дахь JP Morgan компанид 10 гаруй жил IPO, LBO, M&A чиглэлээр олон улсын томоохон компаниудад санхүүгийн зөвлөгөө өгч, АНУ, Европ болон Азид нийтдээ 30 гаруй хэлцэл амжилттай гүйцэтгэсэн шилдэг мэргэжилтэнд тооцогддог нэгэн. Засгийн газар ч энэ ТУЗ-ийг байгуулах гэж чамгүй зориг гаргасан гэхэд болно. Гэхдээ шүүмжлэлтэй ханддаг нэг зүйл нь өнөөдөр хөрөнгийн зах зээлийн салбарт ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд болох брокер, диллерийн компаниудын төлөөлөл байхгүй хэмээн “гомдогсод” цөөнгүй байдаг юм билээ.

Чимээгүй ТУЗ
Монгол улс Хөгжлийн банктай байх ёстой юу, үгүй юү, асар их хөрөнгөөр байгуулсан банкаа авлига, хээл хахуулийн үүр болгоод дуусгах вий гэсэн урт удаан хугацааны шүүмжлэл, хэлэлцүүлгийн дүнд Хөгжлийн банкийг байгууллаа. Өнгөрсөн хугацаанд гарсан шүүмжлэл маргааны дүнд Хөгжлийн банкны удирдлага улстөрөөс хол, гадаадын мэргэжилтнүүд байх нь зохимжтой гэсэн шийдэлд хүрч, олон улсын тендер зарласан. Сүүлийн үеийн мэдээллээр солонгосчууд манай Хөгжлийн банкийг удирдах магадлал өндөртэй байгаа сураг дуулдав.

Үүний хажуугаар тус банкны ТУЗ-ийн томилгооны талаар бас л хэл ам тасарсангүй. Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчин бүрдээгүй, хууль нь батлагдаагүй байхад ТУЗ нь томилогдчихсон, удирдлагын багийг сонгон шалгаруулах тендер зарласан нь ямар учиртай юм бэ хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж харагдсан.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун томилогдсон бол гишүүдээр нь ЗГХЭГ-ын хэлтсийн дарга Б.Даринчулуун, Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, ТӨХ-ны хэлтсийн дарга Х.Володя, “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Монголбанкны Лондон дахь төлөөлөгч Д.Энхжаргал, ХААН банкны Зөвлөх П.Морроу, “Би-Эф-Эй-Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Болормаа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан Саха Меянатан нар ажиллаж байна. Ж.Ганбат, Л.Болормаа, П.Морроу нарын хувьд мөн л хоёр дахь ТУЗ-дээ сонгогдсон нь энэ юм.

Монгол улсын Хөгжлийн банк нь Монголбанкны хяналтаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдын давхар хяналт дор ажиллана. Өөрөөр хэлбэл тодорхой хугацааны дараа Хөгжлийн банкны тодорхой хувийг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагууд эзэмшихээр яригдаж буй. Нөгөөтэйгүүр аливаа банк ил тод цэвэр ажиллахыг хүсвэл банкинд тавигддаг олон улсын дүрэм, кодын дагуу ажиллах ёстой. Тэр ч утгаар ТУЗ-д нь банкны салбарын дөрвөн ч мэргэжилтэн орсон биз. Д.Энхжаргалын хувьд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол П.Морроу Монголын хамгийн том арилжааны банкийг бий болгож чадсан гадаад мэргэжилтэн. Тэдэн дээр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан, хөгжлийн олон санхүүжилтийн үйл явцыг сайн мэддэг чадварлаг мэргэжилтэн Саха Меяанатан, Нью-Йорк дахь “Дойчер” банкны хариуцлагатай албыг олон жил хашсан, мөн эх орондоо энэ салбарт ажиллаж байсан чадварлаг мэргэжилтэн Л.Болормаа нар хүч нэмж байгаа болохоор хамгийн чамбай ТУЗ болсон гэж үздэг юм билээ.
 

НЭГ ХҮН ОЛОН ТУЗ-Д ОРОХ НЬ ЗОХИМЖГҮЙ
ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулганаас төрийн өмчит компаниудын томилгооны талаар зарим зүйлийг тодрууллаа.

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг ямар зарчмаар томилдог юм бэ?
Компанийн ТУЗ-ийг хувь нийлүүлэгчдийн хурлаас томилдог. Төрийн өмчит компаниудын хувь нийлүүлэгч нь Монгол улсын төр. Төрийг төлөөлдөг байгууллага нь Төрийн өмчийн хороо. Тийм болохоор төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг ТӨХ-ноос томилдог, төрийг төлөөлөх хүмүүс байдаг гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу компанийн засаглалыг хөгжүүлэх, ил тод байлгах үүднээс хөндлөнгийн хараат бус гишүүдийг томилж байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн үеийн бүх томилгоонуудыг харахад ТУЗ-ийн нийт гишүүдийн гуравны нэг нь хараат бус гишүүд байгаа.
Төрийг төлөөлж байгаа төлөөллүүд цалин авах эрхгүй. Хараат бус гишүүдэд ч ялгаагүй цалин өгөхгүй байх. Зүгээр бичиг цаасны зардал зэрэгт нь хэдэн төгрөг өгөх байх. Түүнээс биш “Оюутолгой” ХК-ийн ТУЗ шиг цалин өгөхгүй.

Том компаниудын ТУЗ-ийг чамлах, Ж.Батзандан зэрэг улс төрд хамаарагдах хүмүүсийг ТУЗ-д орууллаа гэх шүүмжлэл нийгэмд байна?
Яагаад Ж.Батзандан байж болохгүй гэж. Ж.Батзандан бол иргэний нийгмийн том төлөөлөгч шүү дээ. Ж.Батзанданг хэн муу гэх юм бэ? Хуульч, эдийн засагч доктор хүн. Тийм хуульч Монголд цөөхөн гэж боддог. Ж.Батзандангийн хувьд сайн ажиллаж байгаа. Сүүлийн хоёр хурал дээр маш идэвхтэй байсан. Ер нь “Эрдэнэс Тавантолгой” төдийгүй бусад компанийн хувьд бүгд хариуцлагатай, гадаадад боловсрол эзэмшсэн, туршлагатай, чадварлаг хүмүүсийг ТУЗ-д нь томилсон. Эдгээр хүмүүсийг муу сонголт байлаа гэж дүгнэх ямар ч үндэслэл байхгүй.

Тэгвэл нэг хүнийг олон компанийн ТУЗ-д томилох нь хэр зохимжтой вэ?
Энэ бол бодож үзэх ёстой асуудал. ЭБЭХЯ, БОАЖЯ, Сангийн яам зэргээс төлөөлөл болгон нэг нэг хүн орох ёстой байдаг. Бид яамдад ийм компанийн ТУЗ-д төлөөлөл болох хүнийхээ нэрийг өгөөч гэдэг. Яамнаас нэр өгдөг. Бид тэдний сонгосон хүнийг сайн, муу, болно болохгүй гэх боломжгүй. Яамны сайд нь өөрөө мэдээд энэ хүнийг оруулна гэж байхад бид хүлээж авахаас өөр замгүй шүү дээ. Ер нь бол нэг хүн хоёроос илүү компанийн ТУЗ-д орох нь зохимжгүй л дээ. Ядаж л ажлын ачаалал гээд олон зүйл нөлөөлнө.

Төрийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдэд очих дарамт их байдаг гэдэг. “Эрдэнэт” үйлдвэрийг шахааны бизнесийн төв болгосон шиг “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банкийг ийм зам руу түлхэх вий гэсэн болгоомжлол байгаа?
Төрөөс төлөөлж байгаа хүмүүс ТӨХ-ны удирдамжийн дагуу ажилладаг.  ТӨХ юү гэнэ, түүнийг биелүүлэх үүрэгтэй. Чиний санааг ойлгож байна. Бид төрийн өмчит компаниудын захирлуудад албан шаардлага хүргүүлж байгаа. Юу гэхээр, бүх бараа үйлчилгээнийхээ худалдан авалтын тайланг нийтэд ил болго гэсэн шаардлага. Өдөр тутмын сонинуудад энэ шаардлага гарах болно. Хаанаас ямар бараа үйлчилгээг хэдэн төгрөгөөр авсан, ямар тендерээр шалгаруулсан гэдгээ олон нийтэд мэдээлэх ёстой. Өөрөөр хэлбэл чиний яриад байгаа шахааны бизнес, компанийн удирдлагад нөлөөлөх гэсэн тэр үйлдлийг таслан зогсоох үүднээс бид ийм албан шаардлага тавьж байгаа юм. Худалдан авалтаа нийтэд ил тод болгож байгаа нь компанийн сайн засаглалыг сайжруулж байгаа нэг арга.

Нөгөө талаар, бид сүүлийн хоёр жилд төрийн өмчит 21 компанийн захирлыг сольсон байна. Энэ захирлууд бүгд л худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил гаргасан болохоор сольж байгаа хэрэг гэв.


ТУЗ-ийн гишүүний шаардлага компанийн засаглалын
тэргүүний туршлагатай зөрчилдөх тал байдаг

Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Ж.Үнэнбатаас ТУЗ-ийг ямар зарчмаар байгуулдаг талаар тодруулсан юм.

Сүүлийн үед төрийн өмчит компаниудын удирдлагаар хэнийг, хэрхэн томилох, компанийн сайн засаглалыг яаж хөгжүүлэх талаар мэтгэлцэж байна. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийг бүрдүүлэхдээ ур чадвар, туршлага, компанийн нийт эрх ашгийн төлөө үйлчилж чадах эсэх зэрэг байдлаар нь дүгнэж ажиллуулбал зохистой. Дээр нь ТУЗ-д эрх мэдэл байх ёстой. ТУЗ-ийн гол ажил бол гүйцэтгэх удирдлагыг томилох, ажиллуулах, хяналт тавих, чиглүүлэх байдаг. Энэ эрх мэдлийг л ТУЗ-д өгөх ёстой. Түүнээс биш ТУЗ нь нэг томилгоо хийх гэтэл төр нь ТУЗ-өөс гадуур томилгоо хийгээд байвал энэ нь ТУЗ-ийн бие даасан байдалд нөлөөлөх болно.

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг төрийн төлөөллөөс бүрдүүлэх ёстой ч нэг яамны хэлтсийн дарга, агентлагийн мэргэжилтнийг томилох нь хэр зохимжтой вэ?
ТӨХ-ноос гаргаж байгаа ТУЗ-ийн гишүүн байх шаардлага, ТУЗ-ийн гишүүнд хүлээлгэх хариуцлага зэрэг нь компанийн засаглалын тэргүүний туршлагатай зөрчилдөх зүйл байдаг. Мэдээжийн хэрэг төр өмчөө мэднэ. Өмчөө мэдэхдээ ТУЗ-өөр дамжуулж удирдана. Гэхдээ энэ нөхцөлд төр өөрөө томоохон хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч болчихож байгаа юм. Хувьцаа эзэмшигч зөвхөн ТУЗ-өө л томилох ёстой. Компанийн дүрэм, компанийн сайн засаглалын тэргүүн туршлагын дагуу ТУЗ нь хараат бус байх ёстой. Төр хувьцаа эзэмшигч ч гэсэн ашгаас бусад янз бүрийн зорилготой байж магадгүй.

Гэтэл компаниудын ТУЗ ТӨХ-ны шууд удирдамжийн дагуу ажиллана гэж байгаа? Төр өөрөө муу менежер гэдэг шүү дээ?
Энэ нь өөрөө компанийн сайн засаглалын тэргүүн туршлагатай зөрчилдөж байгаа юм. ТУЗ хувь нийлүүлэгчдээс сонгогдож байгаа ч компанийн үйл ажиллагааны эцсийн хариуцлагыг хүлээж, компанийн стратегийг гаргаж, хяналт өгөх ёстой. Гэтэл хувь нийлүүлэгч ТУЗ-ийн үйл ажиллагаанд оролцоод ирэхээр ТУЗ хэрэгтэй юм уу, үгүй юү гэсэн асуулт гарч ирдэг. Ингээд зөрчил үүснэ гэсэн үг. Мөн хамгийн гол зүйл бол төрөөс томилогдож байгаа ТУЗ-ийн гишүүдийн гол зорилго нь компанийн эцсийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх ёстой. Компанийнхаа эрх ашигт үйлчлэх үү, томилсон яам, байгууллагынхаа эрх ашигт үйлчлэх үү гэдэг нь гол асуудал болж байгаа юм.