Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

ТЭЗҮ

Засгийн газар завгүй. ТЭЗҮ хийгээд толгой өндийх сөгөөгүй болжээ. Энэ зуны сайханд, намрын шар наран дор  бүтэн амарч чадаагүй хүмүүс гэвэл Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан. Дээр нь Зам тээвэр, хот байгуулалтынхан. Мэдээж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэргэжилтэн судлаачид энд багтана.

Монгол улсыг хөгжүүлэх мега төслүүдийн ТЭЗҮ-ийг танхим нухаж хэсэг суулаа. Харин есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг анхааралтай ажихул Засаг ТЭЗҮ  хийх гэж өөрөө зүтгэхээ жаахан хазаарлахаар болжээ. Есдүгээр сарын 1-ний өдөр Засгийн газрын хуралдаан дээр  “Бүтээн байгуулалтын шинжтэй, цаг хугацаа шаардсан зарим томоохон зорилт, арга хэмжээ судалгааны түвшинд, төсөл, ТЭЗҮ боловсруулах зэрэг эхлэлтийн шатанд байгааг анхаарч, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхгүй бол Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд багтаж хэрэгжихээргүй болж байгааг тэмдэглэв” гэжээ.

Дараа нь есдүгээр сарын 8-ны өдрийн Танхимын хуралдаанаас “Төрөөс дэд бүтэц болон уул уурхай, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа өнөө үед томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах чухал ач холбогдолтой байгаа аж. Иймээс…томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд гэрээ хэлэлцээр байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг олон улсын нэр хүнд бүхий туршлагатай Зөвлөх компаниар гүйцэтгүүлэх шаардлага байгааг харгалзан, Зөвлөх компани сонгон шалгаруулах тухай тогтоол гаргалаа” гэсэн мэдээлэл цацагдав. Олон нийт хараахан онцолж ойшоогоогүй буюу эсхүл олон улсын арбитрын шүүх дээр манайхан ялагдаад байгаа учир Зөвлөх авах нь хэмээн явцуу хүрээнд энэхүү мэдээллийг ойлгосон. Угтаа, Засгийн газрын хуралдаанаас сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүд нь Монгол орны хөгжлийн нэн чухал асуудлуудыг хөндөж эхэллээ. Эхний ээлжинд найман тэрбум ам. долларын санхүүжилт шаардсан төслүүдийн ТЭЗҮ-ийг чанартай сайн гүйцэтгэх тухай яриа энд гарч байна. ТЭЗҮ бодитой, үндэслэл сайтай байж гэмээнэ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, их хэмжээний санхүүжилт авах боломжтой болно. Удаад нь, төслүүд эрх зүйн хувьд олон улсын жишиг түвшинд хүрсэн байх санааг давхар онцолсон тогтоолуудыг Засгийн газар хуралдаанаараа баталлаа.

Хамгийн гол ололт нь, Ерөнхий сайд танхимтайгаа хамт төслийн ТЭЗҮ нухаад суудаггүй юм гэдгийг эрхбиш ойлгож эхлэв. Бизнесийн мэргэшсэн байгууллагууд ийм ажил эрхэлдгийг дэлхий нийтийн жишээн дээр харж мэдрэв бололтой. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Зэс хайлуулах үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг зургаан сарын дотор хийж гүйцэтгэх хугацаат даалгавар Ерөнхий сайдад өгснийг эрхэм уншигч санаж байгаа. 300-400 сая ам. долларын дундаж өртөгтэй томоохон объектийн ТЭЗҮ ийнхүү цаасан дээр хүү хаа гээд хийсвэрээр буугаад ирэв. Араас нь дахин 25 том төслийн ТЭЗҮ хийгдэх учиртай. Энэхүү хорин хэдийн жагсаалтыг яг нэг жилийн өмнө Засгийн газар баталсан билээ. (The Mongolian Mining Journal-ийн ¹ 013 дугаарт 26 төслийн жагсаалт англи, монгол хэл дээр) Зэс хайлуулах үйлдвэрийнх шиг “зургаан сарын дотор ТЭЗҮ хий” гэсэн тушаалыг Парламент нь буулгаад,  яам агентлагууд тэр чигээрээ судалгаа шинжилгээн дээр ажилладаг зарчим цаашид явахгүй ээ. Томоохон төсөл хөтөлбөр гэдэгт “Тавантолгой” төсөл, Хар металлургийн цогцолбор, Кокс химийн үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Нүүрс химийн үйлдвэр,  Барилгын материалын үйлдвэр, “Шинэ төмөр зам” төсөл, “Тавантолгойн цахилгаан станц” төсөл, “Эрчим хүчний тавдугаар станц” төсөл, “Хүн амыг орон сууцаар хангах” төсөл гэхчлэн 200 сая ам. доллараас багагүй өртөгтэй аварга бүтээн байгуулалтууд багтаж буй юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.