Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

“Lucky Strike” 272 сая тонн нүүрсний нөөц тогтоов

Канадын “Lucky Strike” компани Төв аймгийн Бүрэн сумаас зүүн урагш 45 км-ын алсад орших “CN Coal” эрчим хүчний нүүрсний төслийн NI 43-101 нөөцийг 272 сая тонноор тогтоосныг өчигдөр мэдээллээ. Үүний 158 сая тонн нь батлагдсан нөөц юм байна. Гэхдээ хайгуулын ажлын зөвлөхөөр ажиллаж буй Норвест компани уг хэсгийн нийт нөөц 238 сая тонноор өргөжих боломжтой гэж үзэж буй юм.

“Lucky Strike” нь уг хэсэгт нийтдээ 13 мянган га талбайг хамарсан хайгуулын зургаан лиценз эзэмших яриа хэлэлцээрийг Монголын таван компанитай хийж буй тухайгаа мэдээлжээ. Тогтоосон нөөцөөр илрүүлсэн нүүрс нь чанарын хувьд хатаасан байдлаараа 5094 ккал/кг илчлэгтэй, хүхэр 1.30, үнслэг 17.33, чийглэг 8.16 гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Техникийн зөвлөхөөр ажиллаж буй "Норвест" компани уг хэсэгт хоёр үе шаттайгаар өрөмдлөг хийх ёстой гэж зөвлөсний дагуу эхний ээлжинд 8000 тууш метр, хоёр дахь ээлжинд 5000 тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөж буй ажээ.

“Lucky Strike” нь уг төслийн 80 хүртэлх хувийг эзэмших эрхтэй байгаа юм. Үүний тулд тус компани уг төслийн хайгуулын 6 лицензийг эзэмшиж буй Монголын таван компанид ирэх оны гуравдугаар сар гэхэд 5.8 сая ам.долларыг бэлнээр төлөх шаардлагатай юм.

“CN Coal” төсөл нь Өнжүүлийн хүрэн нүүрсний ордыг хамарч буй бөгөөд энэ хэсгийг анх 1973 онд Монгол-Оросын геологич эрдэмтдийн баг илрүүлж, тухайн үедээ “P1” ангиллаар 232 сая тонн нөөцтэйг нь тогтоож байжээ. Бусад судалгаа, хайгуулын материалаас үзэхэд, Өнжүүлийн нүүрсний сав газарт нийтдээ 1.5 тэрбум тонн нүүрсний нөөц байх боломжтой ажээ. Уг хэсэгт  1-5 ГВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай станц байгуулбал наад зах нь 50 жил ажиллах боломжтой гэсэн судалгааны дүн ч гарчээ.  

Б.Төгс